АЛЬ НЬ ХЭНИЙ НОХОЙ ВЭ
УИХ-ын даргыг л огцруулчихвал бүх зорилго нь биелж, хамаг асуудал нь цэгцэрчих юм шиг улайран зүтгэх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын “эвсэл”, хамаг бүгдээр хараан зүхэж байвч хад шиг дүнсийсээр суух УИХ-ын даргын эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулаан он дамнан, улирал дамжин үргэлжилж байна. Тулаан ширүүсэж, өдөр хоног өнгөрөх тусам хэн нь жинхэнээсээ том бүлэглэлийн толгойлогч вэ, хэн нь үнэхээр аюултай этгээд вэ гэдэг нь улам тодорхойгүй болж бүдгэрэн, эргэлзээ төрүүлэх болов. Бие биеэсээ ялгарах онцын зүйлгүй хоёр тааруухан этгээдийн нэгнийх нь зорилго өөрт арай ойр, бүлээн мэдрэмж төрүүлбэл “Нохой нь ч нохой, гэхдээ манай талын нохой” хэмээн ялгаж, баримжаалчихдаг бидний хувьд албан тушаал, эрх мэдлийн дайн дэгдээсэн талуудын хэн нь “манай талын нохой” болохыг оноож чадахгүй будилж сууна. Шударга ёс, хууль ярьсан хоёр талын толхилцооноос залхсан олон нийт эцэстээ дийлдсэн талыг нь өмгөөлдөг монгол сэтгэлгээндээ хөтлөгдөх маягтай.
ХУУЛЬ БУСЫГ ХУУЛЬ ЁСНЫ БОЛГОСОН НЬ
М.Энхболдоос УИХ-ын даргын албан тушаалыг авч, хууль тогтоох байгууллагын тэргүүний суудлыг “эзлэх”-ийн тулд “холбоотнууд” зогсолтгүй давшсаар байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын онь холбосон улс төр М.Энхболдыг буулган авч, УИХ-ын даргын сэнтийг эзлэхээс нааш зогсох янзгүй. Нэлээд эртнээс сэм бэлтгэж, өнгөрсөн зунаас хааяа хааяа гал нээн, намраас илт давшиж эхэлсэн энэ дайны шийдвэрлэх дайралтын нэгийг Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хийв.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч нэмэлт оруулах тухай төсөл боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барьсан, үүнийг дагалдуулан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт түгэв. Эрхбиш хуулийн засаглалтай улс юм гэсэндээ УИХ-ын даргыг огцруулах Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын төлөвлөгөө хана мөргөж, мухардаад буй. Хуульд байхгүй үндэслэлээр огцрохгүй хэмээсэн УИХ-ын даргыг буулгаж авах өөр арга тэдэнд бараг л үлдээгүй тул ийм алхам хийснийг нь Ерөнхийлөгчийн шийдвэрлэх дайралт хэмээн “өргөмжилж” буй хэрэг.
Ингэхдээ тэд бас л хуулиас гадуур алхаж яваа. УИХ-ын Тамгын газрынхан Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан нь пүрэв гараг. “Хуулийн төслийн бүрдэл дутуу, дагалдах хуулийн төсөлд зардлын тооцоо болон холбогдох бусад судалгаа хийх, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай” гэсэн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн үг тэдэнд давах аргагүй хаалт болсон билээ. Хууль, тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг л Ц.Цолмон сануулсан нь энэ.
Тухайн үед УИХ-ын тухай хууль дахь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлөх таван үндэслэл дээр зургаа дахийг нэмж, 10.2.6 буюу “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө” гэсэн заалт оруулахаар төсөлд тусгасан, үүнийгээ цаг алдалгүй хэлэлцүүлэхийн тулд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд “УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж, тогтоолын төсөл өргөн
барьсан бол дараалал харгалзахгүйгээр, зарим бүрдэл хэсэггүйгээр, хялбаршуулсан процедураар хэлэлцэнэ” гэсэн өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан талаараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, ингэхийн тулд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг өөрчлөх төслийг дагалдуулан өргөн барихаар бэлдсэн гэж ойлгогдохоор мэдээллийг тэрбээр өгсөн юм.
Харин маргааш нь энэ бүхэн эсрэгээрээ эргэж, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь гол асуудал, үүнийг дагуулж УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн барьсан гэсэн тайлбар бүхий мэдээлэл гарсан. Энэ нь гутлынхаа гадуур оймсоо өмсөх гэж оролдож буйтай адил харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аар шийдүүлэх гэж буй гол асуудал нь УИХ-ын даргыг огцруулах тухай байтал үүнийг хийх үйл явцаа гол өөрчлөлт гэж нэрлээд, гол асуудлаа үүнийгээ дагалдуулж өргөн барилаа. Махны худалдаачид гуя дагуулж хүзүү өгдөг бол Ерөнхийлөгч энэ удаа хүзүү дагуулж гуя өглөө.
...Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ч “Хэлэлцэх шаардлагагүй” гэсэн хариулт хүлээж байх магадлал тун өндөр. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын чуулганы хуралдааны дэгтэй холбоотой асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтаасан нь М.Энхболдын аврал болж таарах бий вий...
Энэ бол хуульд нийцээгүй үйлдлээ хүчээр хууль ёсных болгож харагдуулах гэсэн заль төдий юм. Хууль, тогтоомжийн тухай хуулийн 12.1 дэх хэсэгт хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх гэх мэтийн олон аргачлалыг мөрдөхөөр заасан. Харин тус хуулийн 12.2 дахь хэсэгт 24 төрлийн хууль, тогтоомжийн төсөл боловсруулахад эдгээр аргачлалыг баримтлахгүй байх тухай заасны дотор 12.2.22-т УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас баталсан дээрх аргачлал хамаарахгүй байхаар тусгасан. Чухам уг заалтыг ашиглахын тулд хууль санаачлагчид “хүзүү”-г “гуя”-наас илүүд үзэж, ил гарган товойлгосон хэрэг.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахад бусад хуулийн төсөл шиг олон шалгуур, шаардлага тавихгүй, үүнийг дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ч ямар нэгэн судалгаа, тооцоо хийх шаардлага Хууль, тогтоомжийн тухай хуулиар тавиагүйг тэд ийн ашиглаж, боловсруулсан төслөө өргөн барьж чадлаа.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
Ямартай ч хууль, тогтоомжийн төсөл боловсруулахад тавьдаг олон шалгуурыг залиар давсан хууль санаачлагчид төслөө УИХ-ын даргад атгуулж дөнгөлөө. УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулахаар улайрч буй хүмүүсээс зөвхөн өөрийг нь огцруулахын тулд хуульд оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээж авлаа. Гэвч УИХ-ын дарга төслийг хүлээж авсан нь уг төсөл хууль тогтоох байгууллагын босго давсан, хууль болж батлагдана гэсэн үг бус. М.Энхболд өөрийг нь огцруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төсөл гардаж авах нь нэг хэрэг. Үүнийг өөрийнхөө удирдсан парламентаар хэлэлцүүлэн батлуулах, эсэх нь бас л сонирхол татахгүй байхын аргагүй өнцөг. Өнгөрсөн оноос өдий хүртэл гүрийж, ордон доторх 40 гишүүний гарын үсэг, гаднах 4000 хүний жагсаалыг үл ажран суусан тэрбээр энэ төслийг зүгээр ч нэг батлуулчих нь юу л бол.
Өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлага бий, эсэхийг байнгын хороод шийддэг дэгтэй. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авсан даруйдаа хэлэлцэх, эсэхийг нь шийдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна билээ. Тус байнгын хороо уг төслийн хувьд давахад хамгийн бэрх даваа байх нь дамжиггүй.
Намын бүлгээсээ олонхын дэмжлэггүй болсон УИХ-ын даргын хамгийн том түшиц нь Төрийн байгуулалтын байнгын хороо болж үлдээд буйг санахад илүүдэхгүй. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын нэр бүхий 40 гишүүн М.Энхболдыг үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардаж, гарын үсэг зурсан албан бичиг өргөн барьсныг тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, тус байнгын хороо үүнийг нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн ирүүлсэн бичигт “УИХ-ын тухай хуулийн 10.2-т заасан “Нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан, Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн таван үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх хууль зүйн нөхцөл үүснэ. Дээрх таван үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас гишүүдээс тавьсан шаардлагыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй” гэснийг УИХ-ын дарга өөрийн биеэр гишүүдэд уншиж өгсөн нь хэдхэн хоногийн өмнө.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ч “Хэлэлцэх шаардлагагүй” гэсэн хариулт хүлээж байх магадлал тун өндөр. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын чуулганы хуралдааны дэгтэй холбоотой асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтаасан нь М.Энхболдын аврал болж таарах бий вий.