Малайзын хаан V Мухаммад хаан ширээнээс татгалзсан тухай өчигдөр хааны ордон мэдээлжээ. “Их эзэнтэн тогтсон хуулийн дагуу хаан ширээнээсээ татгалзаж байгаа тухай албан бичиг явууллаа” гэж уг мэдээлэлд заажээ. Эзэн хаан мөн өөрийг нь хаанаар өргөмжилсөн Удирдагчдын зөвлөлийн бүх гишүүдэд (угсаа залгамжлагч султанууд) талархал илэрхийлсэн байна. V Мухаммад 2016 онд Удирдагчдын зөвлөлийн нууц санал хураалтаар таван жилийн хугацаатай сонгогдсон аж. 49 настай V Мухаммад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Москвагийн гоо бүсгүй” Оксана Воеводинатай гэрлэн хуримаа Москвад хийсэн аж. Гэхдээ энэ тухай Малайзын хааны ордон албан ёсны баталгаа өгөөгүй байна. V Мухаммад хаан ширээнээсээ татгалзах болсон шалтгааныг нэрлээгүй байна.