Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц Улс даяар “шар хантаазтангууд”-ын эсэргүүцлийн найм дахь давлагаа эхэлжээ.Энэ удаа тус хөдөлгөөний төлөөлөгчид ном журмын дагуу Парис хотын захиргаанд жагсаал хийх хүсэлтээ албан ёсоор гаргасан байна. Гэвч тайван хэлбэрээр эхэлсэн жагсаал бямба гаригийн үдээс хойш мөн л эмх замбараагүй байдал үүсч жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарчээ.
Елисейн талд болсон эсэргүүцлийн цуглаан харьцангуй тайван болж өнгөрсөн бол Хотын захиргааны урд талбайгаас, Парламентын доод танхимын ордон хүртэл жагсах ёстой байсан “шар хантазтангуудын” зарим хэсэг нь урьдчилж заасан замаасаа хазайснаас болж цагдаа нартай мөргөлдөхөд хүрчээ. Жагсагчид хуул сахиулагчид уруу шил,чулуу нүүлгэж эхлэхэд цагдаа нар хариуд нь резинэн сум, нулимс асгаруулагч хэрэглэжээ. Энэ үеэр Парламентыг чиглэн явсан бусад жагсагчдыг цагдаа нар замд нь зогсоосон байна. Эсэргүүцэгчид хаалт босгож эхэлсэн бөгөөд эцэст нь Сен-Жермен гудамжинд хэд хэдэн машин шатсан байна. Энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн оргил хэсэг Парламенттай харилцах яам руу дайрсан явдал байлаа. Ойролцоогоор арав гаруй хүн тус яамны хашаа хаалгыг эвдэж орон цонхнууд болон машинуудын шилийг хагалжээ. Тус яаманд байрладаг Францын төрийн албан ёсны төлөөлөгч Бенжамин Гривог яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Өнгөрсөн баасан гаригт Бенжамин Гриво “шар хантаазтангуудын хөдөлгөөн хэдэн босогчдын гарт орж төр засгийг унагаахыг зорьж байна” хэмээн Ерөнхийлөгч Эммануэль Макроныг төлөөлөн мэдэгджээ. Цагдаагийн газрын мэдээллээр Парист эл арга хэмжээний үр дүнд 24 хүн баривчлагдаад байгаа аж.
“Шар хантаазтангуудын” нам дахь давлагаа Парисаас гадна Бордо Тулуз, Лилл, Ренно, Руан, Нант, Канн зэрэг олон хотуудад явагдаж нийт 50 мянган хүн оролцжээ.