МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс Улсын дээд шүүхэд хандаж өнгөрсөн оны тавдугаар сард хэлэлцэх үеэр тус намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү очсон билээ.
Тэр хурлын дараа түүнд намын гишүүд нь халдсан юм. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст энэ хэргийг шалгаж буй бөгөөд өнөөг болтол прокурор, шүүхэд шилжүүлээгүй байгаа аж. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр О.Баасанхүүгийн биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон юм байна.
Харин хэрэгт МАХН-ын гишүүн, тус намд эрх бүхий албан тушаал хашдаг Н.Уламбаяр гэх хүнийг холбогдуулан шалгаж буй гэнэ. Түүний өмгөөлөгч зэрэг хүмүүс нь цагдаагийн байгууллагад “О.Баасанхүү БНСУ-д очиж эмчилгээ хийлгэж, шинжилгээ өгөхөөр явсан. Тэр дүгнэлтийг нь авах шаардлагатай” гэсэн хүсэлт гаргасан аж. Үүнд нь үндэслээд прокурорын байгууллагаас Өмнөд Солонгосоос хариу иртэл хэргийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх хуралд ажиглагчаар оролцох үедээ Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянтай маргалдсан бөгөөд тэр үед МАХН-ын гишүүн Н.Уламбаяр биед нь халдаж, өшиглөсөн байдаг. Тухайн үед МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Бид зодолдоод сүйд болсон зүйл байхгүй, үг л зөрсөн.
О.Баасанхүү гишүүн орж ирээд хүн болгон руу дайрч, салаавч гаргаж байсан. Бидний үг зөрөн, хоорондоо барьцалдаж авахад намын гишүүд салгасан. О.Баасанхүү гишүүн бие хамгаалагчтайгаа ирсэн байсан. Зодолдоод О.Баасанхүүг гэмтээсэн зүйл байхгүй” гэсэн хариулт өгч буй. Харин хохирогч “Цагдаагийн байгууллага шалгаж тогтооно биз” хэмээн хариулж байсан билээ.