Монгол төрийн тэргүүн Х.Баттулга он солигдох торгон мөчид ард түмэндээ хандаж товчхон үг хэлэхдээ энэ он “эрс шинэчлэлийн жил” болохыг тунхаглав. Тэрбээр “Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж, иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” хэмээсэн нь түүний хүсэж буй шинэчлэл аль салбарыг онилж, “орвонгоор нь эргүүлэхийг” хэлэв бололтой.
Төрийн тэргүүнийхтэй агуулгын хувьд агаар нэг үгийг Ерөнхий сайд бөгөөд эрх барьж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээндээ онцолсон. Тэрбээр 2018 он шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн жил байсныг дурдаад, “Ирж буй онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Засгийн газар болон нийт ард түмний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол төр улсдаа сахилга бат, дэг журам тогтоох явдал. Монгол хүн бүр айх аюулгүй, эрх чөлөөт, шударга нийгэмд амьдрах учиртай. Төрд бугласан утаа, мананг арилгах, монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид тууштай хэрэгжүүлнэ гэдгээ баярын энэ өдөр дахин хэлэхийг хүсэж байна. Эгэл жирийн иргэдийн бодлын зангилаа, хүсэл тэмүүлэл, нэгдмэл хүчнээс илүү гарах зүйл хүмүүний амьдралд үгүй билээ” гэв. М.Энхболдтой ил цагаан дайн зарласан цагаас хойш хийсэн У.Хүрэлсүхийн мэдэгдлүүд ийм л агуулга, хэлбэрээр хөвөрч, баяжиж буй билээ. Түүний сэвэлзүүлсэн салхи ирэх өдрүүдэд хэр ширүүсэж, “эрс шинэчлэл”-ийн дайтай газар авахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэрхэн гар нийлэхээс хамаарах нь гэлтэй. ҮАБЗ-д нэгнийгээ ганцаардуулж, хошуу, толгой холбож яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хоршил хойшид ямар үр дагуулахыг харах л үлдэж байна.
УИХ-ын дарга ч мэндчилгээ дэвшүүлсэн. Ингэхдээ “шударга ёс” гэж хөндөөгүй юм биш. Тэрбээр “Монгол айл өрх, хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг. Эвийг эрхэмлэж, итгэл, сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна” хэмээжээ. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр М.Энхболд гэдэг хүнтэй эргэж гар барина гэсэн итгэл улам бүр алсарч байна. Энэ төрийг удирдаж буй албан тушаалтнуудын хувиар тэд Их эзэн Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлэхийг дахин харах, эсэхдээ эргэлзэх болов. Өнгөрөгч амралтын өдрүүдэд М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр эвлэрсэн, эсэх талаарх мэдээллийг зарим эх сурвалж нийтлэх төдийд Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн зөвлөх А.Үйлстөгөлдөр нийгмийн сүлжээн дэх хаягнаасаа Ажлын албаа төлөөлөн шуурхай мэдэгдэл хийсэн нь ч дээрхийг батлах мэт. Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдтой 40 минут уулзаж эвлэрсэн гэх гүтгэлэгт мэдээлэл medee. mn, sonin.mn сайтаар гарч эхэллээ. Энэ бол ор үндэсгүй, ташаа мэдээлэл бөгөөд ямар ч уулзалт болоогүй. Улс төрийн шинжтэй гүтгэлэг тараах, бусдын нэр хүндэд халдах, үймээн самуунд уриалахыг завдаж буй мэдээллийн байгууллагуудад хуульд заасны дагуу арга хэмжээ авахыг анхаарна уу” гэсэн юм. М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр эвлэрсэн гэх эргэлзээтэй мэдээллийн араас Ерөнхий сайдын Ажлын алба яаран, эгдүүцэн мэдэгдэл хийснийг Засгийн газрын тэргүүний байр суурь гэж ойлгоход буруудахгүй биз ээ.
Мөн төрийн эрх барих дээд байгууллагын ажил он дамжин тасалдаж байна. Цаашид ч үргэлжилнэ гэдэгт эргэлзэх шаардлага алга. Өчигдөр буюу шинэ оны ажлын анхны өдөр хоёр ч байнгын хороо, нэг дэд хороо хуралдахаар төлөвлөсөн ч мөн л ирц бүрдсэнгүй. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан гурав, Ёс зүйн дэд хорооных дөрөв дэх удаагаа хойшилсон нь энэ.