Өнгө, мөнгө гол дүрд тоглох болсон өнөөгийн хөлбөмбөгт өөрийнхөөрөө байж чадаж байгаа хүн бол Арсен Венгер юм. Тэрбээр хэзээ ч мөнгөнд толгойгоо мэдүүлэхгүй, яаж байсан ч өнгөнд хууртахгүй гэдэг алтан зарчмаа баримталсаар явна. Чухам ийм байсны нь ачаар “Арсенал” дэлхийн хамгийн зөв менежмент, маркетинг, трансферийн бодлоготой багийн нэг болоод байна. Арсен 1949 оны аравдугаар сарын 22-нд Францын Страстург хотод төрсөн. Пеле, Раймон Копа нарын шүтэн биширч өссөн тэрбээр шальтай хөлбөмбөгчин байсангүй.
Тийм болоод л “Мютциг” хэмээх сонирхогчийн багт олон оныг үджээ. Бас болоогүй хамгийн хариуцлагатай байрлал болох төвийн хамгаалагчаар тоглодог байв. Ингэж явсаар 24 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгчний анхныхаа гэрээ байгуулжээ. Баг нь Францын хоёдугаар дивизионы “Мюлуз”. Гэхдээ дээд төвшинд тоглоод амжсан. Хожим “Страстур” клубийн харьяат болж улсынхаа дээд лигт гурван улиралд зүтгэсэн юм. Зүтгэсэн ч гэх нь хаашаа юм. Зүтгэх гэж оролдов гэвэл илүү зохих биз ээ. Учир нь гурван жилд ердөө 12 тоглолт хийсэн юм чинь. Бас болоогүй ээ, улснхаа аварга болоод зогсохгүй УЕФА-гийн цомд оролцоод үзсэн гэж байгаа.
Хөлбөмбөгчин Венгерийн замнал бол ердөө л энэ. Харин дасгалжуулагч болоод түүхийг бүтээж өгсөн дөө. Түүнд итгэл хүлээлгэсэн анхны баг нь өнөөх хаяа сайтай “Страстур” байлаа. Тус клубийн удирдлага түүнд залуучуудын багаа даатгахад муугүй тордсон байна. Залуу Венгерт зориг бас ур байгааг анзаарсан “Канн”-ы удирдлага 1984 онд ерөнхий дасгалжуулагчаараа томилов. Тэнд ажилласан гурван жилийн хугацаанд гайхуулаад байх амжилт үзүүлээгүй ч гэлээ залуусыг нээн гаргах тал дээр дээр зэрэглэлийнх болохоо харуулсан юм. Тиймээс “Монако” клуб зөвхөн цаасан дээр бичээстэй байгаа ирээдүйн оддынхоо ур чадварыг амьдрал дээр харах үүднээс Арсенд урилга илгээжээ. Ингээд түүний дэвжин цэцэглэлтийн үе ирлээ.
Тэрбээр тэнд ажилласан анхны жилээ л Францын аварга болж, 1989 онд улсынхаа цомын эзнээр тодров. Үүний сацуу Францын нүүр царайг авч явах шинэ оддыг төрүүллээ. Юрий Жоркаефф, Лилиан Тюрам нар л гэхэд түүний гараар дамжиж Европын аварга, Дэлхийн аварга болох төвшинд хүрсэн. Гэхдээ Тьерри Анри, Давид Трезеге хоёр түүний төрүүлсэн хамгийн хурц одод нь юм. Венгер “Монако” руу зүглэх үед тэд улаан нялзрай амьтад байсан бол түүнийг шууд тусламжтайгаар асар богино хугацаанд төлөвшсөн хөлбөмбөгчин болсон төдийгүй түүний дэмжлэгтэйгээр үндсэн бүрэлдэхүүний тоглогчид болон хувирлаа. Хөлбөмбөг сонирхогч та санаж байгаа бол “Монако” шувтаргад үлдсэн Цомтой багуудын цомын тэмцээний 1991-1992 оны улирал болон тус клуб хагас шигшээд шалгарсан Аваргуудын лигийн 1993-1994 улиралд энэ хоёр довтлогч бужигнуулж гарсан.
Хурдан гэж жигтэйхэн, чадвартай гэж аймаар хоёр бацаан зүүн баруун жигээрээр цойлон гарч “Рома”, “Барса”, “Фейеноорд”, “Спартак”-ийн хамгаалалтыг сэтэлж дууссан билээ. Арсен ийнхүү сайн ажиллаж байсан авч топ багуудын анхааралд өртсөнгүй. Италийн ганц нэг баг түүнийг сонирхож байсан ч статусаараа “Монако”-гаас нь доогуур тул саналаас нь татгалзав. Гэтэл Япон руу явчихдаг байгаа. Тухайн үед Наран улс хөлбөмбөгийг өргөн хүрээтэй хөгжүүлэх ажлыг далайцтай эхэлж байсан тул мөнгө хайр найргүй цацаж байлаа. Венгер түүнд нь болсон уу “Нагоя” клубийн ирүүлсэн гэрээнд гарын үсгээ шууд зурчихав. Гэхдээ тэнд удаагүй. Ганц улирал ажиллаад л багаа Японы аварга, цомын эзэн болгоод Бууралд тив рүүгээ буцсан. Буцахдаа том боомт дээр буулаа.
Английн “Арсенал” түүний тавьсан бүх саналыг хүлээн зөвшөөрсөнөөр тэдний он удаан жилийн хамтын ажиллагаа эхэлсэн юм. Венгер анхны гэх бүх зүйлтэй холбоотой. Английн багийг дасгалжуулсан анхны гадаад хүн, тус улсын гол хоёр тэмцээнд түрүүлсэн анхны легионер дасгалжуулагч, оны шилдгээр шалгарсан анхны харь мэргэжилтэн гээд тоочоод байвал барагдахгүй их баримт бий. Үүгээр ч зогсохгүй Английн аваргаар гурав, Холбооны цом болоод Супер цомын эзнээр тус бүр дөрвөнтээ шалгаран британи дасгалжуулагчидтай мөчөөрхөх гайхалтай амжилт үзүүлсэн. Гэхдээ нэг л чадвараараа тэр бусдаас онцгойрдог. Залуусыг нээх өнөөх чанар. “Арсенал”-аар дамжиж дэлхийн хөлмбөмбөгт мөрөө үлдээсэн Николя Анелька, Эммануэль Пети, Патрик Виейра, Сильвиньо, Ван Перси, Эбуэ, Фабрегас нар бүгд түүний бүтээгдэхүүн.
Тэрбээр тэднийг өндөр үнээр аваагүй, од болсон хойно ч авчраагүй. Энэ бүгдээс түүний гайхалтай стратегич шинжийг харж болно. Өөрөө тордож, өөрөө чиглүүлэх нь түүний хамгийн гол зарчим. Тиймээс л түүнийг “Профессор” хэмээн олон нийт хүндлэх. Одоо “Арсенал”-ын үндсэн бүрэлдэхүүнд тоглож байгаа олонх тоглогчид түүний шавь. Насри ч гэсэн. Тэр Францдаа од байсан л юм байгаа биз. Тэндээс холдоод өд болно гэдгээ маш сайн мэдэж байсан учраас топ багуудын саналаас татгалзаж, тулхтай Венгерийн бөөрөнд наалдахыг илүүд үзсэн. Үүгээрээ тэр хожсон. Нөгөө талаас, Анри, Насри, Ван Перси, Рамси, Уилшер, Фабрегас тэргүүтэй залуусыг гоц авьяасыг идэр насанд нь нээж, сэтгэл ханамжийн баталгааг тэдэнд бүрэн гаргаж өгдөг байдал нь Арсений ончтой шийд гаргадгийн тод илрэл, ноён нуруутай болохын бодит баримт юм.
Хэрэв тиймгүйсэн бол түүнд оддын цуглуулга Францын шигшээг удирдах санал, тэрбумын хөрөнгөтэй “Реал”-ыг тэргүүлэх урилга очихгүй л байсан. Бүхнийг мэддэг, бас чаддаг хүн ямар ч үед чигээ бариад явдгийн жишээ энэ буй за. Асуудал үүсэхэд “Арсенал”-ын хөгжөөн дэмжигчид “Арсенээс асуу” гэцгээдэг нь үнэний ортой даг аа. Гэвч өнөөдөр тэрбээр ажилгүй байна. Олон жил дасгалжуулсан багийнхаа амжилтыг ахиулж чадахгүй байсан учир ажлаасаа өөрөө явсан. Багтаа хайртан дээр багаасаа илүү мөнгө хардаггүй болохоор баталж Венгер сүүлийн хэдэн жил гэрээгээ нэг нэг, жилээр л сунгаад байсан юм. Шаардалга гарвал өөрөө яваад өгнө гэж ч хэлж байв.
“Арсенал” клуб шинэ дасгалжуулагчийн эрэлд гарахдаа нэг л шалгуурыг тавьсан. Венгерийн үлдээсэн өв уламжлалыг залгуулаад явах, түүний баримталдаг шиг довтлох тактикийг илүү үздэг мэргэжилтэнг хайсаар Унай Эмриг сонгосон билээ. Энэ сонголт зөв байсан нь өдгөө “Арсенал”-ын амжилтаас тод харагдаж байна. Харин Арсен одоогоор амарч байна. Энэ өвөл биш юмаа гэхэд ирэх зун гэхэд шинэ багийг удирдаж эхлэх нь дамжиггүй. Дасгалжуулагчийн ажлаа үргэжлүүлнэ гэдгээ ч тэрбээр хэлсэн билээ.