Шинэ жилийн шигтгээ шиг гоёлоо зүүсэн бүсгүйчүүд, зангиатай завгүй залуусын уур амьсгалаас холдож, хайр халамжаас гадуур үлдсэн нэгэн айлынд бид очихоор боллоо.
Хотоос хол гэхэд хол биш ойр гэхэд ойр биш нэгэн тосгонд амьдрал хэрхэн өрнөж байгаа нь магадгүй танд сонин биш санагдаж ч болох юм. Хэрэв хэдэн хором саатах аваас хорвоогийн тоосонд дарагдаад байгаа партизан дахь нэгэн гэр бүлийн талаар сурвалжилгаа хүргэе.
Зорьсон айлдаа биднийг очиход 70 гаруй насны эмээ, 7-н жаахан хүүхдийн хамт угтан авлаа. Салхи нэвт сийх гэрт түлэх нүүрсгүй суух Батмөнх эмээгийн ач зээ нар нусаа гоожуулан хойгуур урдуур гүйлдэнэ.
Эмээгийн тэтгэврийн жаахан мөнгө тэдний амьдралд хүрэлцдэг гэж үү? Ээж аав нь хаана байгаа бол?, Асруулах учиртай буурал эмээ яагаад өнөөдөр бүх ачааг нуруун дээрээ үүрнэ вэ? Энэ мэт асуултууд ар араасаа ундран гарч ирсээр байх тийм л нөхцөл байдал...
Асуудлын гол нь тэднийг тэжээж байсан ганц хүн болох нагац ах Б.Эрдэнэчулуун нь хоёр сарын өмнө осолд орчихож.
Эдгээр долоон хүүхэд нагац ахыгаа ааваа гэж дууддаг. Хүүхдүүдийн ээж нь зүрх муутайн улмаас групд орж, төрсөн эцэг нь хаяад явсан тэдэнд нөмөр түшиг болдог хоёрхон хүн нь эмээ, нагац нь байж. Эхэндээ хүүд нь юу тохиолдсон талаар Г.Батмөнх эмээд зүрхэлж дуулгах хүн байсангүй. Хоёрхон жилийн өмнө цус харвасан түүнд түс тас гээд хэлчихэж болохгүй байж.
Хадланд яваад гэр лүүгээ цалингаа бариад ирж явах замд нь чухам юу тохиолдоод сэхээн амьдруулах тасагт сар шахам хэвтэх болсноо Б.Эрдэнэчулуун өөрөө ч санахгүй, эмнэлэгт хэвтэж байгаа. Ухаан санаа нь орж гараад байгаа тэрээр сэхээ ормогцоо ээжийгээ асуусан гэх боловч эргэлтээр ирэхэд нь танихгүй байсан гэнэ.
Харин тэд түрүү жилийн өдийд ингэж байсан уу гэвэл үгүй. Умгар ч гэсэн дулаахан гэртээ гацуур модоо засан, өөрийнхөөс өөрцгүй бяцхан хүүхдүүддээ бэлэг авч өгөөд тун ч жаргалтай байсан юм сандаа гэж хэмээн Г.Батмөнх эмээ бидэнд уй гашуугаа хуваалцсан юм. Хэдий нас сүүдэр өндөр ч долоон ач зээгээ эмээ тээршаах нь үгүй. Боорцог л байхад энэ хэдэн хүүхэд маань болчихдог юм байхгүй юу. Харин хүүхэд томорчихоороо санаа зовоох нь ихсэх юм гэж бодлогоширон сууна.
Б.Эрдэнэчулуун гэмтлийн эмнэлэгт хоёр сар орчим хэвтэж, алтан гартай эмч нарын буянаар хамгийн сүүлд шилбэний ясны ил хугаралын мэс засалд амжилттай ороод байхад нь уулзсан юм. Наркоз нь бүрэн гараагүй тул өвчнийхөө халуунд дэмийрч байгаа мэт боловч сайн сонсвоос сэтгэлийн гүн дэхээ уудлаад байгаа ч юм шиг. Ээж дээрээ очмоор байна. Хүүхдүүдээ хармаар байна, морь унаад давхих юмсан хэмээн яг жаахан хүүхэд хүслээ шивнэж буй мэт.
Хэдий улсын эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлж байгаа ч нэмэлт эм тариа, урсгал зардалд өнөөдрийг хүртэл гурван сая төгрөг зарцуулсан тул тэд шинэ жилээ тэмдэглэх талаар төсөөлөх ч сөхөөгүй явна. Ээжийнх нь ганц хүсэл бол хүү нь таягтай ч болов хөл дээрээ дахин босоод “Ээжээ” гэж дуудах.
Энэ амьдралд алдаж онодоггүй, зовж зүдэрдэггүй хүн гэж үгүй. Өөрсдөд нь буруу өгөөд өнгөрөхөд даан ч амархан. Гэвч цаашдаа яаж амьдрах нь тодорхойгүй энэ гэр бүлд найдаад дал гарсан хөгшин долоон хүүхдийг зүгээр орхичихож болохгүй.
Б.Намсрай гэх сэргэлэн хүүгийн уншсан шүлгийг сонсоод Монголчууд бид эвлэлдэн нэгдэх үедээ нээрэн л үржүүлэхийн хүрд адил хүчтэй шүү дээ гэж бодон суулаа. Шаналахаас өөрийг хийж чадахгүй байгаадаа өөрийгөө зэмлэн суугаа Г.Батмөнх эмээд туслахад бидэнд багахаан зардал шаардлагатай байгаа. Тиймээс unuudur.mn сайт маань энэхүү гэр бүлийн амьдралд туслахдаа өнөө маргаашийн өл залгах мөнгөн тусламж үзүүлэхээс илүү цаашдын орлогын эх үүсвэр болох саалийн үнээ авч өгвөл хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрлээ. Насаараа саальчин байсан тэрээр хэдэн үхэртэй байхад л үр хүүхдүүдийнхээ хоол ундыг таслахгүй байх бүрэн боломжтой. Бидэнтэй нэгдэж тэдэнд туслахыг хүсвэл таны зуу хоёр зуун төгрөг ч багадахгүй гэдгийг хэлмээр байна.
Бид уг дансанд цуглах мөнгөн дүнг 7 хоног тутамд unuudur.mn болон цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно
Хандивын данс: Төрийн банк: 340004203382 (Данс эзэмшигчийн нэр Г.Уранчимэг)