УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Содбилэг, А.Ундраа, Н.Номтойбаяр нар УИХ-ын үйл ажиллагааг парламентын ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарын хүмүүст албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус мэдэгдэлд "Монгол төрд үеийн үед ажиллаж байсан төрийн түшээ, туршлагатай ахмад гишүүн хэмээх эрхэм хүндтэй нэр хүндийг та бүхэн сэвтээж, ахмад гишүүнийхээ ноён нурууг хугалж байна. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн 49 хувь, Чингис, Самурай бонд, Хөгжлийн банк, АСЕМ-ын асуудал, Төмөр замын 280 сая ам.долларын хэрэг, С.Зориг агсны хэрэг гээд дуулиант олон хэргийг шуурхай шалгаж, хариуцлага тооцох боломж та бүхэнд байлаа. Харамсалтай нь, ард түмнийхээ хамгийн их итгэл хүлээлгэсэн шударга ёсны энэхүү хүлээлтийг хангаж ажиллаж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Одоо та бүхэнд УИХ-ын гишүүнийхээ ажлаас өөр нэмж давхарлан өмсөх дээл хэрэггүй бөгөөд нэмж давхарлаад ч даахгүй болсон байна гэдгийг сануулж хэлье. Иймд УИХ-ын 2018 оны намрын чуулганы үлдэж байгаа хугацаанд Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлж, Байнгын хороодын болон чуулганы хуралдаанд идэвхитэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын гишүүний тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна. Бидний шаардлагыг үл хэрэгсэн УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах явуулгаа үргэлжлүүлэх аваас та бүхнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзах шаардлагыг тойргийн сонгогдчидтой чинь хамтран тавих болно гэдгийг анхааруулж байна” гэжээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээл болон түүнтэй нэр холбогдсон Засгийн газрын гишүүдийн асуудал ноцтойгоор яригдаж байгаа энэ цаг үед ЖДҮ-г олон нийтийн анхаарлаас сарниулах зорилготой байгаа нэг хэсэг, мөн нөгөө хэсэг хүмүүсийн УИХ-ын даргын сэнтий рүү сэмхэн мярайж байгаа хэрэгт зэвүүцэж байна. Үүнийг саяны нэр дурдсан ахмад гишүүд зохион байгуулж байгааг сонсоод цочирдлоо. Ц.Нямдорж гишүүн чуулганы хуралдаанд суух гэж байсан залуу гишүүдийг загнаад болиулсан гэхийг сонсоод үнэхээр гайхсан. Нөгөө талаар Шадар сайд Ө.Энхтүвшин бойкотыг гардан зохион байгуулж оролцож байна. Олон жил Монголын парламентад эдгээр эрхмүүд өөрсдөө МАНАН-гийн бүтээгчид төдийгүй шинээр дахин МАНАН-г үүсгэж байгаа эзэд болохыг харлаа. Үнэхээр л Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАНАН, шударга бусын хонгил гэж яриад байгаа бол 28 жилийн турш тэр хүмүүс хаана явсан юм бэ? Тэд бол хамтарч бүтээлцсэн хүмүүс мөн болно.
Өнөөдөр хүртэл чуулганы хуралдааны танхимд Ц.Нямдорж гишүүн орж ирчихээд “Би өөрийнхөө эрхийг эдэлж байна. Энэ бол миний карт. Үүнийгээ хийх, хийгүйгээ та нараар заалгахгүй” гэж загничихаад гараад явчихлаа. Гэтэл энэ хүнд сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа шүү дээ. Тэд албан тушаал ярих болохоороо шүлсээ үсчүүлж амбицлаж, Төрийн ордны хонгилоор гүйгээд байдаг юм билээ. Ажил ярих гэхээр алга болчих юм. Үүнийг манлайлж зохион байгуулж байгааг нь сонсоод өчигдөр алба ёсоор шаардлагаа хүргүүлсэн" гэлээ.