Оюутан үедээ би номноос нэг сэдвийг нэлээд шимтэн судалдаг байлаа. Монголын тухай гадныхан юу гэж бичив гэдгийг. Түүхийн, урлагийн, спортын, соёлын, цэрэг армийн гээд есөн шидийн сэдвийн номыг эргүүлж харсан юм даг. Одоо ч гэсэн энэ хэвээрээ. Гэхдээ ном унших биш гадаад сайтуудыг баахан ухаж төнхдөг болсон. Өмнөхөөсөө ч илүү шунадаг болж. Монгол түмнийг маань, Монгол орныг минь гадныхан юу гэж дүгнэв, ямар гэж тодорхойлов, ер нь яагаад ингэж хэлэв гэж ирээд л цаад санаа, далд шалтгааныг нь ухаж ойлгоход илүү шимтэнэ.
Одоо л гэхэд, визгүй болсон буянаар өнгөрсөн хоёр жилд Монголд ирсэн орос жуулчдын тэмдэглэлүүдийг судлаад л сууж байна. Мэдээж манайхныг ончтой онцолж, дөртэй тодорхойлсон мэдээлэл орос, англи гэлтгүй гадны сайтуудад үеийн үед цөөхөн байсаар ирсэн. Тиймээс олон жил энэ чиглэлээр хоббирч ирсэн сэтгүүлч хүний хувьд би нэг л зүйлийг бат ойлгож авсан. Гадныхан монгол түмнийг улстөрчдөөр нь төсөөлж, Монгол орныг улс төрөөр нь ойлгодог юм байна гэдгийг. Хоёр долоо хоног дамжин үргэлжилж буй улс төрийн одоогийн хямрал байна аа даа. Дэлхийн хэвлэл мэдээлэл гагцхүү үүнийг л мэдээлж байна. Хямарсан, бутарсан, хэрэлдсэн гэдэг үгийг ёс мэт хэрэглэж байна.
Гадаад дахь бидний царай ийм болоод 10-аад жил болчихоод байхад улс төрчид нь “Одоо болио, Монголоо муухай харагдууллаа” гэж хоосон дөвчигнөх нь инээдтэй. Хэн хахуульчин, аль нь авилагчнаа ялгахгүй дуудцалдах нь бүр ч элгийн. Үүнийг нь дэлхийн хэвлэлүүд тэр чигээр нь мэдээлж байгаа шүү дээ, ертөнцийн хүмүүс тэгж л ойлгон авч байна. Хөөрхий, хүний газар хуруу хумсаа шалбалан суугаа элэг нэгтнүүдэд маань л хэцүү байдаг байх, чих нь халууцаад. Би лав гадаадад очоод таагүй түүхтэй учирч л байсан. “Танай Монголын Засгийн газар нэг, нэг жилээр ээлжлэн ажилладаг юм уу” гэж асуухад нь нүүр минь айхтар том улайж, бөгс маань нэг сайн хөхөрч билээ.
Уг нь манайх шиг жижиг орныг гадныхан тоогоод юу шалиа аж дээ. “Монголд” гээд дурдчихаар үйл явдал хайж хэд гурван мэдээлэл цуглуулдаг байх. Дэлхийд мандсан өнөө цагийн алдартнууд нь хэн бэ гээд хайдаг байж таараа. Гэтэл энэ гээд эргүүлж тойруулаад мөлжчих супер одод нь манайд хараахан алга. Өвгөд өтгөсийн маань бүтээсэн гайхамшигт түүх байх авч түүнийгээ илтгэх цогцолбор, байгууламж үгүй. Ийм тохиолдолд гадны сэтгүүлчид Монгол орны улс төрийг нь өгүүлж, монголчуудыг улстөрчдөөр нь төсөөлөхөөс өөр яах юм. Тэдэнд олддог ганц сэдэв нь угаасаа энэ юм чинь.
Монгол сэтгүүлчид яадаг билээ дээ. Ард түмнээ мэдээллээр хангахын тулд Холливудын жүжигчид, спортын тамирчдыг Питт Жоли, Роналду Мессигээс нь авахуулаад долоон булчирхайг нь дарвайтал дэлгээд тавьдаг биз дээ. Гэтэл манайд тийм одод үгүй нь үнэн учир харийн сэтгүүлчид Монголын талаарх мэдээллийнхээ гол сэдвээр улстөрчдийн гаргадаг эргэж буцсан шийдвэрүүдийг сонгодог. Монгол улсыг гадаадад төлөөлөх нүүр царай нь улс төрч та ингэж л болдог ажаму.
Уг нь бидний монгол сэтгүүлчид нь нийгмээ эрүүл байлгах гэж чадлаараа зүтгэж, олон нийтдээ ойлгуулах гэж байдгаараа л хичээдэг. Эх орноо гэсэн зүрх, элгэн түмнээ гэх сэтгэлийн маань нэг илрэл. Гэвч МЭРГЭЖЛИЙН сэтгүүлчид бодит байдлаа үнэнээр нь бичихээр “Өөрсдийгөө мууллаа, Чи өөрөө хэн юм” гэж ирээд л дөвчигнөх улс байнга л гардаг юм. Тэгээд хүртээх ганц зэрэг дэв нь ХУДАЛЧ СЭТГҮҮЛЧ, ХУДАЛДАГДСАН СУРВАЛЖЛАГЧ. Улстөрчид нь ингэж цоллодог, энгийн иргэддээ ч ингэж ойлгуулдаг. Ялангуяа улс төрийн уур амьсгал буцалж буй өнөө үед энэ ойлголт улам газар авч байгаа нь илт.
Монгол сэтгүүлчдийнхээ ЗӨӨЛЛӨЖ хэлсэн үгийг дуулах тийм дургүй юм бол харийн хүний ХАТУУ бичсэн нийтлэлийг уншиж, ГОЗОЙТОЛ хэлсэн ишлэлүүдийг нь тогтож сонсох л гарц үлдэж байна. Нэгдэж чаддаггүйн дээр эвэлж бардаггүй, хувиа бодомтгойн зэрэгцээ атаархуу зантайгаа нэг сайн мэдэж авах вий, манай улстөрчид. Дэлхий өөд өнгийх аваас гадны улс үндэстнүүд улам л боловсон болж, бүр л ухаан тэлээд байх юм. Монгол руугаа харсан чинь улстөр маань эвгүй төрхтэйгөө амраглаж, улстөрчид нь адаар араншинтайгаа янагласан хэвээрээ л байх аж. Хольцгүй ярдагладаг авир, хоосон бардамнадаг зандаа бол бүр идэгдэж, бараг живэхэд ойртов чиг. Ядаж байхад, энэ заваан авираа улам ихээр өрдөж, нийгэмдээ үлгэрлээд байх юм.
Яван явсаар, монголчууд бид оюун санаагаа ИЛТГЭГЧ гэх бүлэг бөөснүүдэд захируулахдаа тулж, бодол сэтгэхүйгээ СЭТГЭГЧ хэмээх хэдэн бааснуудад мэдүүлэхэд хүрлээ. Адаг сүүлдээ, хэдхээн тооны хөлсний комментчдийн үгэн солиоролд автан, цөөхөн ширхэг сайн дурын нийтлэлчдийн хоосон номчирхолд итгэснээр Монгол улс даяараа нүдээ таглуулж, амаа бөглүүлэхдээ тулах нь чиг байна.
Улстөрчид одоо болио. Ард иргэдээ бодоод бидэндээ зөвийг үлгэрлээсэй. Улс орноо бодоод гадныханд зөв харагдаасай. Жуулчид цөөрлөө, хөрөнгө оруулалт татарлаа гэж чарлаад л байдаг. Гэтэл гадаадад шууд түгээгдэж байгаа улстөрийн дотоод зөрчил тань үүнд шуудаар нөлөөлөөд байгааг давхар ойлгох л учиртай сан.