Хан-Уул дүүргийн Х хороо буюу Яармагийн дэнж дэх 300 ортой төрөх эмнэлгийн барилга 10 жил царцсан шалтгааныг зураг төслийг нь дутуу хагас хийчихээд зуларч арилсан “Дархан строй” гэдэг Улаан-Үдийн компанитай холбон тайлбарладаг. Монголчуудыг 2.7 саяулаа байхад шавыг нь тавьсан эл барилгын ажил өнөөг хүртэл таг гацах эхлэлийг тэд үнэхээр тавьсан уу.
Эсвэл манай төр, засгийн түшээд арьсаа хамгаалахын тулд асуудлын гогцоог өөр зүгт хандуулан, хариуцлагаас мултрах гэхдээ төөрүүлж ирэв үү. Уншигчдадаа чиг баримжаа өгөх үүднээс бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд үйл явдал хэрхэн өрнөснийг тал талын эх сурвалжаас хүргэхийг зорилоо.
Барилга нь ашиглалтад оролгүй он удаан жил сунжирч байгаа ч “IV амаржих газар” гэдэг нэрээрээ бидэнд хэдийн танил болсон тус эмнэлгийн зураг төслийг боловсруулах тендерт ОХУ-ын Буриад улсын “Дархан строй” компани 2007 оны сүүлчээр шалгарсан нь эхний үнэн. Эхэндээ зураг төслийн зардал гэж 230 сая төгрөг авсан ч удалгүй зурагт өөрчлөлт орж, нэмэлт гэрээ байгуулснаар дахин 77.7 саяыг нэмж төлсөн байдаг.
Сүүлд нь ч бас мөнгө нэмж, нийтдээ 400-гаад сая төгрөг болсон гэдэг ч (яамны эрх бүхий албан тушаалтан энэ тоог багцаатай гэсэн юм) гэрээний хуулбар, баттай баримт олдсонгүй. Нэмэлт гэрээгээр зураг төсөл боловсруулахад Монголын талаас түншлэгчээр хамтарч оролцсон “Марс констракшн”-ынхан ч үнийн дүнг нарийн сайн мэдэхгүй гэв.
...Тухайн үед “Нийслэл өргөө” компанийнхан “Барилгын ажил 60 гаруй хувьтай явна” гэж байсан ч өдгөө дараагийн гүйцэтгэгч нь ажлаа эхлэх болтол “Дөнгөж 34 хувийн гүйцэтгэлтэй байна лээ” гэдэг шинэ баримт гарч ирсэн. 19 тэрбум төгрөгөөр босчих байсан эмнэлгийн барилгын ердөө 34 хувийн гүйцэтгэлд 15 тэрбум гаруй төгрөг зарцуулчихаад байхад төр, засаг, яам, тамгын газрынхан ямар хяналт тавьж байсан юм бол...
Зураг төслийн компани мундсан юм шиг яагаад заавал гадаадын аж ахуйн нэгжийг сонгосон бэ гэдэг асуулт эндээс зайлшгүй гарах ч тухайн үед Б.Батсэрээдэнэ сайдын баг юу бодож ийм шийдвэрлэснийг шарсан мах анддаггүй шар зурхайч байсан ч одоо таамаглахад бэрх. Тэр үед томоохон эмнэлгийн барилгын зураг төсөл бие даан боловсруулсан туршлага манайханд бага байсан учраас орос архитекторуудад найдсан болов уу гэдэг тайлбар үндэслэлтэй байж мэдэх.
Гэхдээ л тэдний гаргасан зураг төслийг амаржих газрын барилгын норм, стандарт төлөвлөлтийн горимыг ноцтой зөрчсөн гэх дүгнэлтийг 2009 онд Монголын архитекторуудын эвлэлийнхэн хийснээс үзэхэд манайхны чадвар тэгтлээ гологдохооргүй мэт. Тухайн үед зураг төслийн компанийг сонгох тендерт ганц “Дархан строй” компани оролцсон, Монголын архитекторуудын эвлэлийнхэн энэ тухай огт мэдээгүй гэсэн хардлагын шинжтэй яриа байх ч бас л баталгаагүй.
Ямартай ч тэр үед Монголд үйл ажиллагаа явуулж байсан “Дархан строй” компани ЭМЯ-тай барилгын ажлын зохиогчийн хяналтын гэрээгээ 2008 онд хийжээ. Улмаар Улаан-Үд дэх охин компани буюу “Восток пром проект” ХХК-ийн төлөөлөл нь Монголд ирж, “Марс констракшн”-д санал тавиад барилгын ажлын зохиогчийн хяналтын гэрээг давхар байгуулснаар зураг төслийг тэд гардан хийсэн нь хоёр дахь үнэн аж.
“Марс констракшн” ХХК-ийн захирал М.Амаржаргал “300 ортой төрөх эмнэлгийн барилгын үндсэн бүтээцийн архитектор болон хүчилтөрөгч дамжуулах хоолойн зураг төслийг орос архитекторууд гаргасан. Бусад зургийг нь бид хийсэн. Тухайн үед барилгын зураг төсөлд ийм алдаа дутагдал байна гэдгийг Монголын архитекторуудын эвлэлийн гишүүн Д.Цогт гуай ЭМЯ-ыг төлөөлөн хянаад магадлахдаа хэлж байсныг бид боломжоороо засаж сайжруулсан.
Эцэст нь талууд зураг төслөө хүлээлцээд, акт хүртэл тогтоосон. Харин тэр үед анхнаасаа техникийн нөхцөлгүй ажил эхэлсэн учраас барилгын гадна шугам сүлжээний зураг л хамгийн их асуудалтай байсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын асуудал байх гээд бид “Дархан строй” компанийн урдуур орж ЭМЯ-тай харилцах сонирхол байгаагүй.
Ямартай ч манайх “Эрчим төсөл” компанитай хамтраад, гаднах шугам сүлжээний зургийг тусдаа гаргасан” хэмээн ярилаа. Дэд бүтцийг нь хаанаас, хэрхэн шийдэхээ урьдчилан тооцож тогтоогүй байж улс даяараа хүсэн хүлээсэн IV амаржих газраа хотын захад байгуулах шийдвэр гаргаж, юу юуны туханд хүрэлгүй барилга бариулахаар яарсан нь явж явж бушуу туулай борвиндоо баастай гээч болжээ.
2009 онд барилгын зураг төслөө хүлээлцсэнээс хойш Монголын засаг, төр хэд солигдож, тэр тоолонд Барилга захиалагчийн алба (ЭМЯ)-ныхан ажил хүлээлцэхдээ хүнийрхүү загнасны улмаас зарим хуудас нь алга болж, хувийн компанийн компьютероос дахиж авах тохиолдол ч гарсан гэх. Ийм л эзэнгүй хийдлийн дунд яам эргээд өөрөө өрөнд орчихсон тууж яваа аж.
Барилгын гаднах шугам сүлжээний зураг төслийг гаргасан, дээрээс нь зохиогчийн хяналтын гэрээ хийсний төлбөрөө “Марс констракшн” компани ЭМЯ-наас нэхэмжилжээ. Гэтэл Засгийн газар нийт зураг төслийн зардал гээд 300-400 сая төгрөгөө хэдийн “Дархан строй” компанид шилжүүлчихсэн, өнөөх нь харин “Баруун, зүүнээрээ зураг төслөө өгч, авалцсан. Бид ч бүх мөнгөө авсан юм чинь одоо бол оо” гээд хэл чимээгүй арилчихаж.
Эзтэй юм шиг үүний дараахан нь 2012 оны сонгууль болж, төрийн албад дахин төрөл арилжсанаар “Дархан строй” компанийн араас хөөцөлдөж зарга хийх ч хүнгүй, IV амаржих газрын барилгыг тоож анхаарах ч сэхээгүй болжээ. “2016 онд IV амаржих газрын барилгыг концессоор гүйцээхээр болоод, шинэ гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.
Анхны зураг төслийг нь үзмээр байна гэдэг хүсэлтээ “Томо бюлдинг” компанийнхан манайд удаа дараа тавьсан тул сураглаад үзтэл дээрх компани дампуурсан юм шиг байна лээ. 100 хувь гүйцэтгэлтэй биш ч гэсэн тэд манайд зураг төслөө гаргаад, хүлээлгэж өгсөн. Гэвч тэр үеэс хойш эмнэлгийн барилгын норм, стандартад нэлээд өөрчлөлт орсон учраас зайлшгүй эргэж харах зүйлүүд бий” хэмээн энэ асуудлыг гардан хариуцаад жил гаруй хугацааг үдэж буй ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл хэлэв.
Тухайн үеийн зураг төслөөр бол 18.7 тэрбум төгрөгөөр босох учиртай байсан IV амаржих газрын барилгыг “2012 оны аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулж чадна” гээд тендерт ялсан “Нийслэл өргөө” компанийн захирал сүүлдээ өөрөө дээлээ нөмөрснийг уншигчид санаж буй биз ээ. Нийт санхүүжилтийнхээ 80 хувь буюу 15 тэрбум гаруй төгрөгийг авсан хэр нээ гэнэт “Үнийн өсөлтөөс болоод төсөвт өртөг нь хүрэлцэхгүй байна. Санхүүжилтээ нэм” хэмээн гэдийсэн тэдний амыг дагуулаад май гэх боломж үнэндээ манай улсад ч хомс байлаа. Ингээд 2013 оноос хойш царцсан арваад эмнэлгийн барилгын нэг нь “Яармагийн 300 орт” болж орхив.
Тухайн үед “Нийслэл өргөө” компанийнхан “Барилгын ажил 60 гаруй хувьтай явна” гэж байсан ч өдгөө дараагийн гүйцэтгэгч нь ажлаа эхлэх болтол “Дөнгөж 34 хувийн гүйцэтгэлтэй байна лээ” гэдэг шинэ баримт гарч ирсэн. 19 тэрбум төгрөгөөр босчих байсан эмнэлгийн барилгын ердөө 34 хувийн гүйцэтгэлд 15 тэрбум гаруй төгрөг зарцуулчихаад байхад төр, засаг, яам, тамгын газрынхан ямар хяналт тавьж байсан юм бол.
Анхан шатны шүүхийн тогтоолоос харахад “Нийслэл өргөө” компанийн удирдлагыг улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол л учруулсан гэж байна билээ. Цаана нь үлдсэн 13 тэрбум төгрөг тэгээд IV амаржих газрын барилга хэмээх “араг яс”-ны хаана нь наалдаж шингэснийг сонирхохгүй байхын аргагүй. Харин холбогдох албаныханд энэ нь яагаад тийм ч хүртээлгүй байсан юм бол.
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр дээрээ хөл, толгойгоо олохгүй мунгинаж байх зуурт өнөөх барилгын ажил гүйцэтгэгч компанийн захирал “хар гэр”-ээс гарангуутаа улсаас дөрвөн тэрбум төгрөг нэхэмжлээд ЭМЯ-ыг мөн л шүүхэд өгсөн гэнэм. Яагаад гэдэг учрыг яамныхан өөрсдөө ч сайтар ойлгохгүй байгаа гэхээр бүр ч хачирхалтай. Захын нэг компанид дэгээдүүлж унаад байгаа шалтгаанаа манай төр, засгийнхан ер нь дүгнэж цэгнэдэг болов уу.
Ирэх оны хоёрдугаар улиралд багтааж ашиглалтад оруулахаар болсон тус эмнэлгийн барилгын үлдсэн 66 хувийг гүйцээж бариулахын тулд “Томо бюлдинг” компанитай улс концессын гэрээ байгуулж, дахиад л 25.7 тэрбум төгрөг өгөхөөр болсон. “Ёстой л улсын мөнгө ёо ёо гэдэггүй” хэмээх үг эрхгүй санаанд орох юм.
Мордохын хазгай гэдэг шиг анхнаасаа баахан балагтай эхэлсэн IV амаржих газрын барилгын түүх нэг иймэрхүү. Төвийн дулааны шугамд холбох асуудлыг нь нийслэлээс хавар шийдэж өглөө гэхэд бохироо хааш нь соруулах вэ гэдгээ одоо хүртэл шийдээгүй, тэр хавьд ашиглалтад орсон хувийн хэвшлийн томоохон объектуудыг царайчлахаас аргагүй нөхцөлд байгаа юм билээ.