Өчигдөр нэр бүхий гишүүд мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах 38 гишүүний гарын үсэг бүхий албан тоот бичгийг хүргүүлсэн. Тэгвэл энэ талаар өнөөдрийн чуулган дээр М.Энхболд дарга "Намайг албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Тэнд гарын үсэг зурсан гишүүдийн 34 нь манай намын гишүүд байсан. Би тэднийг хэн нэгэн албан тушаалтны хүслийг гүйцэлдүүлэх, даалгаврыг биелүүлэх гэж яваад байгаагаа сайтар тунгаасан байгаа даа гэж бодож байна. Би хууль ёсны дагуу УИХ-д даргын албан тушаалд нэр дэвшиж сонгогдсон. Энэхүү суудлаасаа чөлөөлөгдөхөд надад зууралдаад байх зүйл алга. Гэхдээ парламентад болж буй үйл явц хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Иймд нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлага хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Миний хувьд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй. Гэхдээ өнөөдөр үүсээд байгаа үйл явдлыг бодолцож, байнгын хороо дүгнэлтээ гаргах хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Л.Энх-Амгалан гишүүн удирдаж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар чуулганы танхимд 24 гишүүн орж иржээ. Харин хүндэтгэх шалтгаантай буюу томилолттой, чөлөөтэй, өвчтэй гэж чөлөө авсан нийт 14 гишүүн байгаа юм байна.