Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж тэнгэрт хальснаас хойш 11 он улирчээ. Жил бүрийн энэ өдөр бид Бал эрхлэгчийгээ дурсаж, хийсэн, бүтээснээр нь бахархан, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ удаа түүний 1982 онд туурвисан “Хариуцлага” хэмээх найруулал, 1992 онд бичсэн “Бугыг эвэртэй нь, төгрөгийг эзэнтэй нь залгидаг доолор” нийтлэлийг Уншигч танд хүргэж байна.
Хорин зургаан жилийн өмнө ам.долларын ханш 170-аас 230 төгрөг болж, сарын дотор огцом дээшилж байсныг эрхлэгч маань “Монгол шиг өөрийнхөө иргэдэд гадаадад зорчих тийзийг хүртэл доолороор зардаг, үйлдвэрлэж бүтээсэн өөдтэй, өнгөтэй бүхнээ ногооноор үнэлээд харийнханд хямд худалдан, гадаадад гаргачихдаг “гэнэн цагаахан” гүрэн энэ ертөнцөд дахиад байдаггүй нь яамай” хэмээн өгүүлсэн нь яг өнөөдөр бичсэн мэт санагдана.
Мөн “Өөртөө хамаатай бүхэнд би хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт хүнд хэдийд бүрэлдэн тогтдог вэ” хэмээн эрэлхийлж, хариуцлагатай байхын үнэ цэнийг нэгэн сумын намын үүрийн нарийн бичгийн дарга Тэрбишийн дүрээр төлөөлүүлэн өгүүлсэн нь өдгөө ч үгүйлэгдэж буй чанар гэдэгтэй санал нийлэх биз ээ.
Бугыг эвэртэй нь, төгрөгийг эзэнтэй нь залгидаг доолор
Монголын тос даасан бор төгрөг туйлдав. Шилтэй цэнхэр, шуудай гурилыг ч ганц өргөөд бас цаана нь аравт, хорьтоор нярайлдаг байсан, Төрийн ордны зурагтай зуутын шар дэвсгэрт хэд хэдээрээ нийлээд ч шуудай гурил дороос босолгүй, архины цаана гаралгүй хөсрий царайлж үрчийх боллоо. Төрийн сүлдэт бутархай мөнгө гүйлгээнд гологдон нас эцэслэв.
Гээгдэж хаягдсан үлдэгдлийг нь овсгоотнууд цуглуулаад давтаж балбан борлуулж буй гэнэ. Хайран алтан баталгаат мөнгө! Хайран ч Төрийн минь сүлд!
Төгрөг үнэ алдаж туйлдахдаа хоёр эзний ганц зарц лугаа хараалгав. Төмөр авдарт түхийтэл чихсэн эзэн нь хэдэн арвуулаа ганц ногоон даахгүй сульдаат гэж хараана. Түрийвчээ хоосолсон тэтгэврийн өвгөн “Сар, улирал гулсуулан харлаа. Сураггүй болсон дүлий дүмбэ” гэж зүхнэ.
Банканд данс дугуйрч, лангууг тоос эзэгнэсэн үнийн өсөлт, эдийн хомсдолын энэ үед хөөрхий төгрөг тэнцлээ алдаад хэсэн тэнүүчлэхдээ гурил, ногоо, картын бараахан л эргэлдүүлж, автобусанд “үйлчлэн” өөрийн бүрэн эрхээ эзэн доолорт эдлүүллээ. Эзэн доолор алтан баталгаат төгрөгийг уландаа гишгэчихээд араасаа дагуулахуй өмнө нь нээгдэхгүй хаалга, сөгдөхгүй хүнгүй болов. Доолор-түлхүүр Монголын бүх хаалганд таарна. Олонх нь доолор-түлхүүрийг харангуут онгойж байхад ганц нэг нь хэрэндээ гэдийж, шидэт түлхүүрийн эзний аазгайг хөдөлгөнө. Харамсалтай нь тэд цөөн.
Барааны лиценз-гаалийн шалгалт-гадаад явах билет гуравт давхар таардаг доолор-түлхүүрийн эзэн бол урьдынхаар Улс төрийн товчоонд орчихлоо гэсэн үг. Тэд Бээжингээс жимс ногоо, Сингагаас телевиз мэлвийз, Нью-Йорк, Парисаас архи, тамхихан зөөж, зөөлгөж хэвтэх жишээтэй. Доолор бас Монголын хатуу чанд “хууль”, “цэвэр ичимтгий” зантай бүсгүйчүүлд төвөггүй таарчихдаг түлхүүр. Сэтгэл хөдлөхөөр халаасандаа шургуулсан бууг сугалж, шанаанд тулгадаг хүн шидэт түлхүүрийн эзэн л бол “Уур нь хүрээ биз, битгий сүржигнээд бай” гэж прокурор зөвтгөнө.
-Би ээждээ хэлээгүй л дээ. Хэлсэн бол зөвшөөрөхгүй байх байсан гээд “ичиж” суусан “мийсүүд” доолор-түлхүүрийн л эзэн бол хөгшин, муухай, хулгайч, дээрэмчин хэнтэй ч нөхцөж гүйлдэнэ.
Ээждээ бас л хэлээгүй биз дээ. Хэлсэн бол...
Урт гар, хурц нүдэт доолор-дайсан Монголын өнгөтэй, өөдтэй бүхэнд харц чулуудна. Доолор-дайсны төлөө бугын эврийг амьдаар нь сугалж, улс хоорондын холбоог хоногоор таслан зэс хулгайлж, хүнээ алдсан эцэг, эх харийнхны өөдөөс охиноо шалдлан түлхэж, араас нь гар сарвайна.
Монголын эзэн болсон доолор ардчилсан Монголын үнэ цэнтэй бүгдийг залгиж дуусах төлөвтэй. Зэс дууссан, гууль барагдаж буй гэлцэнэ. Хайран сайхан бугыг буудчихаад эврийг нь хөрөөдөж, эх биеийг нь засаад ханадаг гэнэ. Хувцас хийж гадаадад гаргадаг арьс, ширээ хэдхэн сээнтээр хил давуулж гулгуулах “хампаан” хөдөөд өрнөсөн гэнэ лээ.
Монголд өнөөдөр доолоргүй хүн хүн биш, доолороор үнэлэгдээгүй эд эд биш болов. Энэ янзаараа бол картынхаа барааг доолороор л ав гэж тулгах цаг хаяанд.
Доолор бүгдэд таардаг түлхүүр, бүхнийг залгидаг мангас, бидний эзэн яагаад болчихов оо? Доолорыг чөлөөтэй тавиад ирэхээр төгрөгийн бодит ханш аяндаа тогтож, бүр хөрвөдөг болно гэсэн үлгэр хэзээ дуусах вэ?
Төгрөг доолортой харьцах албан ёсны, хар захын гэсэн хоёрхон ханштай байсан бол доолор одоо арилжааны... баартерын, банкны “Ганц худгийн” нэг шөнийн... хэчнээн ханштай болов доо. Сарын өмнө 170 төгрөг байсан долларын ханш өнөөдөр 230 боллоо... Өдөрт хоёр төгрөгөөр өсөөд байвал удахгүй.... !
Эзэн доолорт ингэж дарлуулсан эдийн засаг сайнаа үзэхгүйг ойлговол ойлгохоор л боллоо. Эдийн засгийн аюулгүй байдлаа бүр алдаж, алтан баталгаат мөнгөө чихрийн цаас болгож дансаа цайлгаж дуустал улам доошоо бөхийж духаа халцартал няслуулах нь ямар бодлого гээч вэ? Польш, Чех-Словак, Хятад, Лаос гээд нэг тогоонд хамт чануулсан зовлон нэгтнүүд үүнийг хэдийн ойлгоод дотоод зах зээлдээ доолорыг тас хорьж, хөл дээрээ боссон.
“Диваажин”-д оччихсон Япон, Франц шиг аль ч орон долларыг үндэсний валютаар л солино уу гэхээс зах зээлд эрх дураар нь тавьчихдаггүй юм билээ. Үүний цаад учир нь доллар нэртэй ногоон мөнгө Америк гүрэн шигээ аугаа их увдистай болохоор аль ч улс гүрэн эмээж цэрвэж байдгийнх буй заа.
Харин цагаандаа гарчихсан бид л хот, хөдөө хаа сайгүй доллароор наймаалж, ард иргэдээс алба гувшуурыг ч ногооноор нэхэж, хөл дороо нүх ухаж сууцгаана даа.
Монгол шиг өөрийнхөө иргэдэд гадаадад зорчих тийзийг хүртэл доолороор зардаг, үйлдвэрлэж бүтээсэн өөдтэй, өнгөтэй бүхнээ ногооноор үнэлээд харийнханд хямд худалдан гадаадад гаргачихдаг “гэнэн цагаахан” гүрэн энэ ертөнцөд дахиад байдаггүй нь яамай.
Далд эдийн засгийг маань зааж жолооддог эзэн доолор гар хүрэхгүй газаргүй мөртлөө шагайх ч дургүй нэг айлтай нь Монгол Улсын банкууд юм. Сан хөмрөг нь сая саяараа алга болдог чөтгөр шүгэлсэн энэ газарт гадаадын хүн доолор хадгалуулбал эмнэг адууны хүзүүнд бугуйл зүүгээд тавьсантай адил эргэж олддоггүй болохоор Монголд орж хуримтлагдсан харьцангуй их валют хувь хүмүүсийн гарт л эргэлдэж байна.
Монгол Улс хилийнхээ доторх бүх худалдаа, төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийдэг хууль журам гаргаагүй цагт эзэн доолор хувь хүний гар дамжин хэсүүчилж, төгрөгийг гутааж, банкийг цөлмөсөн хэвээрээ л байна. Ганц үгээр хэлэхэд доолор дороос Монгол босохгүй.
Туйлдаж сульдсан төгрөгтөө дотооддоо хөрвөдөг доолортой зодолддог чадалтай амь тариаг даруй хийхгүй бол Монгол мөхөж ч магад.
1992 он
Хариуцлага
(Найруулал)
Биднийг ярилцаж суух хооронд нэг бүсгүй хаалга зориг муутайхан татаж зөвшөөрөл авлаа. Тэр:
-Айлд бүл нэмэн сааль сааж чадахгүй. Бүгд л намайг яв гээд байна. Би дөнгөхгүй. Та хэлж өгөөч гэсэн хүсэлт тавив. Тэрбиш дарга өмнөөс нь:
-Чи хөө, ер нь өдөрт хэчнээн бог сааж чадах вэ гэсэн асуулт сөргүүлэн тавилаа.
-Зуу. Ээ арай дөнгөхгүй байх. Тавийг л чадна гэлээ.
-Тавь ч тавьдахгүй. Би чамайг чадна гэж бодож байна. Хөдөлмөрийн чинь хөлсийг тэр айлынхаас тусад нь тооцно. Бригадын нөхдөд хэлнэ.
Тавийг саагаад үз. Чадал чинь хүрвэл нэмээд аваарай. Чамд ч, нэгдэлд ч ашигтай гээд очих айлаасаа мал яаж тасалж авах, саасан сүүгээ яаж тооцох тухай зөвлөгөө өгөөд гаргалаа.
Ажилд явахгүй арга сүвэгчлэхээр орж ирсэн хүний хүсэл зориг өөр тийшээ эргэж, хөл нь хөнгөрөн конторын хонгилын хөндий модон шалан дээгүүр тов тов алхах нь чихэнд тодхон сонсдов. Тэр агшинд энэ хүний аргыг яасан амархан олов оо гэсэн гайхах сэтгэлийн зэрэгцээ энэ чинь тэгээд намын үүрийн нарийн бичгийн даргын ажил мөн гэж үү гэсэн эргэлзээ бас төрлөө.
* * *
Амьдралд юу эс тохиолддог билээ? Нийслэлийн эрүүлийг хамгаалах байгууллагад арван жил ажиллахдаа дахин нутагтаа очиж бүрмөсөн суурьшина гэж Тэрбиш огт санаагүй. Төв эмнэлэг, эмийн үйлдвэрт аж ахуй эрхэлсэн орлогч даргаар ажиллан, намын үүрийн нарийн бичгийн даргын сонгууль хүлээж, шаг хийсэн амьдралтай байлаа.
Гэтэл ээжийнх нь бие муудав. Хүүхдүүд нь бүгд хотод. Хэн нэг нь нутаг буцах хэрэгтэй боллоо. Бүгд алба ажилтай, өөрийн гэсэн амьдралтай улс.
Ингэхлээр хэн нь ээжийгээ харах ёстой билээ гэдгийг Тэрбиш эргэцүүлэн бодоод, “Та нар эрдэм номтой, эх орондоо төлөх өртэй улс. Би нутаг буцъя” гэж ах дүү нартаа эрсхэн хэлээд л Завхандаа иржээ.
Ирэнгүүт намын ажилд томилогдож Сантмаргац сумын намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар хоёр жил ажиллалаа. Өвчтэй эхийгээ асрахаар ирсэн. Өөр суманд очихгүй гээд зүтгэвэл болох л байсан.
Тэрбиш тэгсэнгүй.
Сантмаргац, Завханмандалын хооронд дал шахам километр зайг туулан, дөч гарсан эр хос морьтой Монголын их элс гатлан манаргаж ээжтэйгээ уулзчихаад өдөртөө буцаад давхидаг байлаа. Хүний амьдрал мөнх биш хойно малын бэлчээрт хүүгээ төрүүлчихээд гэртээ ирж байсан гүжирмэг тэр эх хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Удалгүй 1977 оны зун Тэрбиш сумандаа намын үүрийн нарийн бичгийн даргаар томилогдов.
* * *
Монголын их элсийг эмжин урсах Хүнгийн гол хүн олонд амьдрал тэтгэх гэж байгалиас зориуд заяасан шиг санагдана.
Хэдэн арван километр үргэлжилсэн элсийг алхам ч ахиулахгүй гэсэн мэт их элсийг хаяалан мяралзах говийн бяцхан гол өвөлд саваа халин хөлдөнө.
Дээлийнхээ хормойг шууж, гартаа лоом барьсан хүдэр бор эрийн буурал толгойноос уур савсана. Өвлийн тэсгим хүйтэнд толгой нүцгэн, бүсэлхийнээсээ доош ус, мөс болсон Тэрбиш амьгүй юм шиг мэлтийх голын энд тэнд тоншин цоолж өмнөөс нь ус гэнэт олгойдон гарч, нүүр, хувцасгүй норгоход хүүхэд адил баярлан, ганцаараа инээнэ.
Сумын төвийн зарим хүн “Манай намын дарга шал дэмий юм хийж байна даа. Хүнгийн голын усыг халиаж, хөрсгүй энэ сайрнаас ургац авах гэдэг ч ёстой л зангууны үлгэр байлгүй” гэцгээж байлаа. Энэ бол 1978-1979 оны өвөл.
Өнгөрөгч жил Завхан аймагт хатуухан өвөл боллоо. Хаа сайгүй мал хорогдож, өвс тэжээл хүрэлцэхгүй байв.
Тэгэхэд Завханмандал сумынхан 900 тонн өвс өөрийн нутгаас бэлтгэж, 200 гаруй километр холоос их зардал гарган өвс хадахаа больжээ. Гараараа шаваг зулгаадгийн оронд өвдгөөр татсан ширэг хаддаг болжээ. Намын үүрийн нарийн бичгийн даргын албан тасалгаанд тавьсан нөгөөх “хөрсгүй сайрт” ургасан 50-60 см өндөр нарийн өвсний дээжийг үзээд үнэхээр бахархах сэтгэл төрж билээ.
Завханмандалынхан усалгаатай хадлангаа улам сайжруулж, энэ намар мянга давсан тонн өвс авлаа.
-Хамаг юмны зангилаа нь аж ахуйн ажил. Үүнийг л өөд татчихвал бүх юм бүтнэ гэж Тэрбиш дарга ярих дуртай.
Түүний санаачилга, зүтгэл, нэгдэлч олны хөдөлмөрийн үр дүнд говийн бүсийн энэ сум хадлан тэжээлийн асуудлыг амжилттай шийдэж чаджээ.
Ямаагаа Горно-Алтайн үүлдрээр сайжруулж, ингийг хашаанд ботголуулан, төлөвлөгөө биелүүлэх хяналт, зохион байгуулалтын нэгдсэн графикаар ажиллаж, тэргүүний хүмүүсийг тодруулах тодорхой ажил хийдэг болсон нь бас энэ хүний санаачилгатай холбоотой.
Тэрбиш дарга нэг удаа нэгдлийнхээ мэргэжилтэн нарт бүтээлч даалгавар өгч:
-Мөнгөн тооцоотой хорин суурийнхаа өвөл, хавар нэгдлээсээ хэчнээн тонн өвс авч, яаж зарцуулсан, сүү, ноосны нь даалгавар юу болж байна, ашиг, алдагдлыг нь тооцоолоорой. Энэ бол таван жилийн турш өөрөөс чинь салахгүй байх зүйл гэж нэгдлийн эдийн засагч Н.Сосорбарамд даалгавар өгч байсныг санаж байна. Үүний адил Мандалын бригадынхнаар тэжээл тариулж туршуулан, үүнийг хэвшил болгох, төрөл бүрийн шимт ургамал түүж, уусмал бэлтгэх зэрэг тодорхой ажлыг мэргэжилтэн нарт даалгаж билээ.
Ингэж Тэрбиш дарга мэргэжилтэн, ажилтан бүрийг бүтээлч, хариуцлагатай болгох гэж хатуу шаардлага тавьж, түүнийгээ яг тооцоолж заншсан хүн.
Завханмандалын хэн нь ч “Манай Тэрбиш дарга” гэж сэтгэлдээ өегхөн өгүүлэхэд Тэрбиш “Сүүлийн хоёр жил манай сумын ажил, ард олны маань сэтгэл ч бүр өөдрөг байна. Манайхан чинь сүүлийн 25 жилд аймгийн уралдаанд айргийн тавд орж үзээгүй юм даа” гэж нэгдэлч олноо хайрлан өгүүлнэ.
Дарга, нэгдэлчид ингэж хайр хайраа түшин урагшилсаар тус сум өнгөрөгч оны ажлаар аймагтаа тэргүүлж, энэ оны хагас жилээр хоёрдугаар байрт оржээ. Бас сумынхаа төвийг тохижуулах талаар сүүлийн хоёр жил шалгарчээ.
* * *
Өөртөө хамаатай бүхэнд би хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт хүнд хэдийд бүрэлдэн тогтдог вэ? Тэрбишийн хувьд бичиг үсэгт тайлагдсан тэр үед л бий болжээ. Өөрөө хагас дутуу уншдаг болмогц сумын ахлах ухуулагч болж, явган ухуулга хийдэг байлаа.
Мал эмнэлгийн санитарчаас дэвшиж практикийн бага эмч болж, бэржээнхэн тэвшинд мал угаан, голын зах дээр зусаж өөрийнх нь хэлснээр “умартал” ажил шалгаж байсан тэр цаг түүнд хариуцлага гэдэг ойлголтыг яс маханд нь шингээжээ.
Өвөл, зуны ямар ч цагт морин дэл дээр салхилуулж, малчин олноо үлдээлгүй тойрч, хонож өнжин явахдаа “Эр хүний жаргал эзгүй хээр. Морь унахаар бие чангарч, сэтгэл сэргэдэг” гэж ярих дуртай. Үнэндээ бол үүний цаана хүн ардынхаа жинхэнэ гүнд орж ажиллана гэсэн намын даргын чин эрмэлзэл байгаа юм.
Арваннэгдүгээр сарын дундуур гол битүүрч байхад усанд орж, далан километр замыг хос морьтой шөнө туулан, заримдаа төөрч хээр хонон тавин градусын хүйтэнд толгой нүцгэн алхаж явахыг Тэрбиш юман чинээ бодохгүй.
Харин хэн нэгэнд нь хэрэггүй үг хэлж, хүсэл бодлыг нь анзааралгүй өнгөрөөчих вий гэж үргэлж эмээнэ.
Тэрбиш дарга хэлсэн үгээ буцааж авахгүй, хатуу шаардлагатай гэцгээх боловч түүнтэй зөвлөх, туслалцаа авах гэж өдөр албан тасалгаанд нь, орой үдэш гэрт нь орохоосоо хэн ч зүрхшээхгүй.
Аяны дөрөө нийлэн сум орноор хэд хоног явахад болсон нэг тохиолдол бүхнээс илүү сэтгэл хөдөлгөж билээ.
Ням гаргийн өглөө зочид буудлаас гартал Тэрбиш дарга байшин налж суугаад ямар нэгэн юм бичиж суув. Хажууд нь бор дээлтэй хүн тамхи нэрж харагдлаа.
“Энэ Сантмаргацын малчин хүн. Ноднин өвөл манай нутагт отроор ирээд хэдэн мал хороочихсон юм. Түүнийг нь мэдэх хүн алга гэнэ. Би тодорхойлолт хийж байна. Эргэж тойрч, гурил будаа ч дөхүүлж өгч байсан юм. Хүнд өвөл яаж ч чадалгүй малаа хороочихсоныг нь бас мэднэ ээ. Тэмдэглэлийн маань дэвтэрт энэ байна л даа” гээд инээн сууж билээ.
Өөр сумын малчны төлөө ингэж анхаарал тавих нь битгий хэл манай сумын нутагт өвөлжиж болохгүй гээд малчдыг хөөж байсан дарга нартай өнгөрөгч өвөл нэг биш удаа тааралдсан болохоор “Тэрбиш гуай мөн ч сайхан хүн юм аа” гэж бодлоо.
Тэрбиш ердийн нэг намын ажилтан төдийгүй юм бүхэнд хариуцлагатай хандах үзэл бат шингэсэн онцгой сайн хүн.
1982 он