“Нэг дээр нэгийг нэмбэл хэд вэ” гэхэд нэгдүгээр ангийн сурагч “хоёр” гэж хариулав. Харин эдийн засагч “11” гэхэд хуульч “Хэд гаргуулмаар байна” хэмээсэн гэдэг. Уг нь хуульч хүн “хариу”-г хэд ч хамаагүй гаргуулахын төлөө ажилладаг байж таарахгүй ч тэд хуулийн зүйл, заалтыг өөр өөрийнхөөрөө л тайлбарладаг.
Өөртөө болон үйлчлүүлэгчдээ ашигтайгаар тайлбарлах гэж оролддог нь тэдний гэм биш, зан. Харин хэн дуртай нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарлахааргүй байлгах нь хууль тогтоогчдын үүрэг, үндсэн ажил нь. Өнөөдөр хуралдаа ч суухгүй, ажил хаяж байгаа манай хууль тогтоогчдыг баталсан хуулиар нь дүгнэе гэвэл тэдэнд тавих муу дүн олдохгүй л болов уу.
Ганцхан жишээ дурдъя. Уул уурхайн салбарын хууль, тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 онд байгуулсан юм байна. Тэд эрдэс баялгийн салбарын харилцааг зохицуулдаг Ашигт малтмалын, Газрын тосны болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай зэрэг 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл илрүүлжээ.
Тиймээс зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн зохицуулалтуудыг тусгасан хэд хэдэн хуулийн төслийг салбарын сайд нь саяхан УИХ-д өргөн бариад буй. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан. Одоогоос 12 жилийн өмнө гэсэн үг.
Энэ хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр 30 удаа гар хүрснийг Монгол Улсын эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудаснаас хараарай. Хамгийн сүүлд буюу энэ оны зургадугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль баталсан байх жишээтэй. Ер нь энэ хуулийг жил өнжилгүй засварлаж ирсэн. 2016 онд бүр зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Харин одоо нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлээд буй гурван ч төсөл бий. Гэтэл байгаа “царай” нь энэ. Өнгөрсөн хугацаанд юуг нь шинэчилж, сайжруулсан юм бэ гэж асуумаар. Уул уурхайн орон гэгддэг манай улсын эрдэс баялгийн салбарын хуулиудад хийдэл, давхардал хэдэн зуугаараа байгаа нь эрх зүйт төрийн төлөө яваа бидний хувьд ичгэвтэр хэрэг биш гэж үү.
Тэгэхээр бусад салбарын хуулиудын уялдаа, холбоо ямар байх нь ойлгомжтой биз. Салбар дотроо хуулиуд нь авцалдахгүй байхад салбар хоорондын уялдаа холбооны талаар ярьж, шүүмжлэх нь илүүц байж ч мэднэ. “Цоорхой” хуулиуд Монголыг минь ноорхой болгож байна.
Хууль зүйн шинжлэх ухаанд хийдлийг “эрх зүйн үр дагавар бүхий хуульчлагдаагүй нөхцөл байдал” буюу бидний хэлж заншсанаар “хуулийн цоорхой” хэмээн тодорхойлдог юм билээ. Өөрөөр хэлбэл, аль нэг харилцаанд ямар нэг хэмжээгээр эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна гэсэн үг. Гэвч хууль гэнэт “цоорчихдоггүй”. Тэгээд ч бид ардчилсан нийгэмд хөл тавиад бараг 30 жил болох гэж байна.
Монголын шилдэг гэгддэг хуульчид, эрдэмтэн судлаачид, ер нь хууль батлах, хэлэлцэхэд оролцдог албан тушаалтнуудаас бүрдсэн баг манайд шаардлагатай бүх хууль бийг аль 10 жилийн өмнө санал нэгтэй хүлээн зөвшөөрчихөөд буй. Гагцхүү хуулиуд нь уялдаа холбоогүй, зөрчил, давхардал, хийдэл ихтэй байгааг тэд анхааруулсан. Өөрөөр хэлбэл, чухам энэ үеэс буюу 10 жилийн өмнө хуулиудаа сайжруулах ажил эхэлсэн юм.
Хууль батлах эрхтэй цорын ганц байгууллага болох УИХ-ын гишүүд асуудлыг урьдчилан харж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж чадахгүй байна. Урьдчилан харах нь бүү хэл асуудал үүссэний дараа нь ч араас нь олигтойхон “засаж” чадахгүй зүдэрч сууна.
Тухайн хуулийн амьдралд нийцсэн, эсэх, агуулга, үзэл баримтлал байтугай наад захын шаардлага болох үг, үсэг, утга найруулга, бүтэц, хэлбэр, дэс дарааллаас авхуулаад авах юмгүй байгаа талаар УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд туршлагатай парламентчид толгой сэгсрэх нь байнгын, байдаг л мэт болсон зүйл. Цаашлаад тухайн хууль батлагдсанаар гарах санхүү, төсвийн үр нөлөөг урьдчилан тооцоолж, үр дагаврыг нь үнэлээгүйгээс болж нэгэнт батлагдсан хууль хэрэгжихээс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг нь хүчингүй болгох тохиолдлууд гарч, улмаар хууль тогтоох ажлыг үнэгүйдүүлж байна.
Жишээ нь, өнгөрөгч зургадугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан Боловсролын тухай хуульд одоо дахин гар хүрэх гэж байна. Тодруулбал, сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болгоод буй бөгөөд ирэх оны зургадугаар сарын 1-нээс мөрдөх юм.
Гэтэл уг хуулийг дагаж мөрдөхөд бэлтгэл нэлээд шаардлагатайн зэрэгцээ бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах ёстой гэж үзэн гишүүн Ж.Ганбаатар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл санаачлан, УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Ялангуяа ирэх сарын 1-нээс мөрдөх Төрийн албаны тухай хуультай дээрх нэмэлт, өөрчлөлт нь яв цав нийцэх ёстой гэж үзэж буй бөгөөд мөрдөх хугацааг нь 2020 оны долдугаар сарын 1 болгож хойшлуулахыг зорьж байгаа юм.
Гэтэл Боловсролын тухай хуулийг 2002 онд баталснаас хойш 25 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд томилгоотой холбоотой өөрчлөлтийг хоёр удаа хийжээ. 2012 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хүртэл захирал, эрхлэгч нарыг тухайн сум, дүүргийн удирдлага нь томилдог байсан бөгөөд энэ оны зургадугаар сард дээрх өөрчлөлтөөр ийн зохицуулахаар болоод буй юм. Уг хуулийг тун удахгүй шинэчлэн найруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм гэсэн.
Нэгэнт хуулийн илт зөрчил, хийдэл байгаа бол гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл шинээр батлах нь зүйн хэрэг. Гэвч тэд аливаа хуулийг батлахдаа бусадтай нь харьцуулж хардаггүй, зүгээр л дээгүүр хараад товчлуур дарчихдаг нь эрдэс баялгийн салбарыг зохицуулж буй гэх хуулиудын хэдэн зуун давхардлаас харагдаж байна.
Тэдэнд хуулийн усыг нь шахаж, “бөөс”-ийг нь түүх чадвар үндсэндээ алга. Энэ нь хууль тогтоогчдын чадвар, мэдлэгтэй холбоотой байж болох ч сэтгэлгүйгээс нь шалтгаалж байж ч мэднэ. Өөрөөр хэлбэл, хуулийн хийдэл, давхардлаас болж үүсээд буй асуудлыг шийдэх гэхээс илүүтэй амин хувийн ашиг сонирхол, бусдын лообийнд хөтлөгдөн, зорилтот өөрчлөлт, нэмэлт “үйлдвэрлэдэг” хэмээх хардлага хэдийн газар авсан.
Үүнээс гадна зөвхөн энэ онд Цэц УИХ-ын баталсан хууль, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэх 15 дүгнэлт гаргаад байна. Энэ нь хууль тогтоогчдын үндсэн ажилд тавьж буй бас нэг дүн. Цэцээс 2008-2012 онд 27 дүгнэлт ирүүлсний 14, 2012-2016 онд 40 дүгнэлтийн 26 нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзжээ.
Гишүүдийн өргөн барьсан төсөл нь хэлэлцүүлгийн шат давахгүй буцах, хянагдаж, засагдсаар бараг цоо шинэ болж хувирах, баталсан хуулийг хэрэгжүүлж эхэлмэгц өө сэв нь илрэх, зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр унаж байгаа нь өөрсдөд тань тавьж буй үнэлгээ юм шүү, гишүүд ээ.