УИХ-ын Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Ганболд, С.Бямбацогт нарын дөрвөн гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засгийн газрын гишүүд Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа эсэхийг шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ цэцээс хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргавал Засгийн газар тарна гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Цэцэд гомдол гаргаж байгаа. Учир нь УИХ-ын үйл ажиллагаа доголдож, Засгийн газар нь хууль дээдлэх зарчмаасаа ухарч байна. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Мөн Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана хэмээн хуульд заасан байдаг. Монгол Улсын хууль тогтоомжийг хангаж ажиллах ёстой Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, түүний кабинетын давхар дээлтэй 15 гишүүн хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг хуралдуулсангүй. Иймд бид Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй боллоо.
Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийг хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд чуулганы танхимд орж ирж, асуултад хариулж Засгийн газрын байр сурийг илэрхийлэх үүрэгтэй. УИХ-ын гишүүд, тэр тусмаа давхар дээлтэй гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулган болон Байнгын хороодын хуралдааныг орхиж гарч, тасалж болохгүй. Иймд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засгийн газрын гишүүдийг шалгуулахаар болсон. Хэрэв хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар огцорно. Үүнээс гадна эрх баригч нам хоёр хуваагдаж, албан бус хоёр бүлэгтэй болсныг ард түмэн мэдэж байгаа байх. Тийм учраас үүссэн нөхцөл байдлыг эвлэрлийн журмаар шийдэж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр олон санал санаачилга гаргаж ажиллаж байгаа. Үүний нэг нь хоёр талаасаа тус бүр дөрвөн гишүүнтэй ажлын хэсэг гарч 3 удаагийн уулзалт хийсэн" гэв.