Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо буюу Баянхошуунд ажиллалаа.
Засгийн газар ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон. Иргэд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлш хэрэглэхийг уриалж буй юм.
”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, сайжруулсан, шахмал түлшний үйлдвэрийг саяхан байгуулсан юм. Үйлдвэрийн хүчин чадлыг ирэх онд 600 мянган тн сайжруулсан түлш үйлдвэрлэж, 220 мянган өрхийг 100 хувь хангах боломжтой болно.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар утаанаас салах төгс шийдэл бол орон сууцжуулах. Богино хугацаанд утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Сайжруулсан шахмал түлшийг Сонгинохайрхан дүүргийн найман хороонд туршиж байна. Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа юм гэлээ.
Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна.БНСУ, БНХАУ-ын зээл, тусламжийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулна. Мөн дагуул хотуудыг бий болгох зэрэг ажлын талаар тэрбээр танилцууллаа.