УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах танхимын олонхи буюу нэр бүхий 39 гишүүний гарын үсэг бүхий албан тоотыг өгөх гэж байгаа талаараа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хэн нэгэн албан тушаалтан хариуцлага алдвал өөрөө саналаараа огцрох өргөдлөө өгдөг. Хамгийн сүүлд ЭХЭМҮТ-ийн захирал ёсзүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон. Бид яг ийм хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж байгаа. 2018 оны арваннэгдүгээр сарын 22-нд бид М.Энхболд даргатай уулзахад огцруулах шаардлагыг амаараа тавьсан, мөн шаардлагад "огцруулах" гэсэн үг алга гэж хэлсэн. Иймд бид 39 гишүүний гарын үсэгтэй алба тоотыг яг одоо өөрт нь өгөх гэж байна. УИХ-ын дарга огцорсноор бүх ажиллагаа, шийдвэрүүд нээлттэй болж, Засгийн газрын үйл ажиллагаа ч илүү хариуцлагатай болно" гэлээ.
Ж.Батзандан гишүүн "40 орчим гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах санал дээр хатуу байр суурьтай байна. Улс төр дэх МАНАН арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй, Монголд шударга ёс тогтохгүй. Иймээс улс төрийн МАНАН-гийн эсрэг монголчууд нам харгалзахгүй тэмцлийг зохион байгуулж байна. Өнөөдөр МАНАН-гийн толгойлогчтой хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдэж, 39 гишүүн гарын үсэг зурлаа. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол жагсаал, цуглаан зохион байгуулна. Хэрвээ энэ хүнийг огцруулж чадахгүй бол бид гудамжинд гарна. Мөн МАНАН-гийн толгойлогчийг өрөөнөөс нь чирч гаргана" гэв.