Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолдоо, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, хүчингүй болгожээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн туульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав.
Уг хуулийн төсөл нь хоёр заалттай бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
Асуулт асууж, үг хэлсэн гишүүд нэгэнт цэцийн тогтоол гарч хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон гарц, боломжийг ашиглаад Сонгуулийн тухай хуулийн бүрхэг, тодорхойгүй, ойлгомжгүй заалтуудыг нэг мөр болгож цэгцлэх шаардлагатай, ингэхдээ ээлжит сонгуулийн хугацааг эргэн харж шат шатны төлөөллийн байгууллагууд нь мэдэж зохицуулдаг болгох, сонгуульд нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд төрийн албанд эргэж ордог, төрийн алба хаагч болдог явдлыг тодорхой хугацаанд хориглосон хуулийн хаалт хийж өгөх нь зүйтэй, энэ үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж дахин сайтар нягталж ярилцах нь хэрэгтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Иймээс гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтож, ирэх мягмар гараг гэхэд төслийн талаарх томьёоллыг бэлэн болгосон байх үүргийг ажлын хэсэгт өгөв.