Монгол Улсын мөнгөн тэмдэгт олон зуун жилийн баялаг түүхтэй. Монголчууд шиг Хүннү, Түрэг, Уйгарын үеэс зоосон мөнгө цутгаж, арилжаа наймаанд хэрэглэн, 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгө хэвлүүлэн гүйлгээнд ашиглаж, Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорумд “Мөнгө тушаах банк” байгуулан, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулсан бахдам түүхтэй улс орон, ард түмэн тийм ч олон байхгүй.
Аливаа орны мөнгөн дэвсгэрт нь тухайн улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нүүр царай болдгоос гадна түүх, соёлын чухал өвд тооцогддог тул монгол мөнгөн тэмдэгт бусдынхаас тохой биш юм гэхэд ядаж төө өндөр баймаар сан.
Гэтэл 1993 онд шинэчилсэн Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгт буюу өнөөгийн бидний хэрэглэж буй 11 төрлийн нэгж бүхий дэвсгэртүүдийн загвар, зураг, утга бэлгэдэл нь ямар ч авцалдаагүй, алдаа мадагтай явж ирснийг “Өнөөдөр” сонин хөндөн бичсэн.
Мөнгөн тэмдэгтийн загвар, зураг, нууцлал, утга бэлгэдлээс эхлээд дээр нь бичих үг, үсэг, цэг, зураас болгоныг Төвбанк нь сайтар анхаарах ёстой гэдэг ч манайхан үүнийг анзаарч хайхралгүй 25 жил болсон гэхэд итгэмээргүй.
Төгрөгийн зураг, загварыг шинэчлэх тухай болоод цагийн эрхээр гүйлгээнээс шахагдаж буй жижиг дэвсгэртүүдийг цөөлж, зоосон мөнгө хэвлүүлэх талаар бичсэн цуврал нийтлэлийн дараа уншигчдаас нэгэн санал ирсэн нь бүх мөнгөн тэмдэгт дээр Чингис хаан, Сүхбаатар жанжны зураг байгааг сольж, заримыг нь өөрчлөх тухай байв.
Тиймээс энэ удаад бид Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгт дээр хэн хэний зураг байвал тохиромжтой болохыг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдээс саналыг нь асууж, байр суурийг нь сонссон юм.
Монголчуудыг оюун санааны хөгжилд манлайлан хөтөлсөн түүхэн хүмүүсийг мөнгөн тэмдэгтдээ залах учиртай гэдгийг тухайлан онцолсон зочид маань Хубилай цэцэн хаан, Өндөр гэгээн Занабазар, Дорнын нэрт тоочин, одон оронч Мянгат гэдэг нэрийг хэлцсэн мэт бүгд онцолсон.
Японы 5000 иенийн нүүрэн талд Мэйжигийн эриний зохиолч эмэгтэй Хигүчи Ичиёогийн хөрөг, ар талд нь Эдогийн үеийн зураач Огата Коорины “Какицү бата-зү” хэмээх урлагийн бүтээл байдаг бол хамгийн том дэвсгэрт болох 10 000 иенийн нүүрэн талд нь Мэйжигийн эриний нэрт соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичигийн хөрөг, ар талд нь “Бёодо-ин” сүмийн орой дээрх галт шувууны хөшөөг дүрсэлсэн байдгийг ташрамд дуулгая.
Монголчуудыг ямархуу соёл, түүхтэй ард түмэн бэ гэдгийг жуулчид төгрөгөөс эхэлж мэддэг
Д.ӨЛЗИЙБААТАР (Төрийн шагналт, түүхийн ухааны доктор):
-Шинэ цагийн мөнгөн тэмдэгтийн алдааны тухай танай сонины нийтлэлийг уншаад “Их зөв асуудлыг хөнджээ” гэж бодсон. Миний л хувьд монгол төгрөгийн загвар, үзэмж огт таалагддаггүй. Ямар утга агуулгатай нь ч ойлгогдохгүй адуу мал, юу нь ч мэдэгдэхгүй нэг амьтны бөгсөн бие дүрслэгдсэн учраас хүндэтгэл төрүүлдэгүй гэсэн үг л дээ.
1990-ээд онд мөнгөн дэвсгэртүүдийн загварыг шинэчлэхдээ манайхан хэтэрхий хөнгөн хуумгай хандсан. Мөнгөн тэмдэгт бол аливаа улс орны нүүр царайг илэрхийлдэг. Монголд ирж байгаа гадаадын жуулчид хамгийн түрүүнд төгрөгтэй харьцдаг шүү дээ.
Өөрөөр хэлбэл, монголчуудыг ямархуу соёл, түүхтэй ард түмэн бэ гэдгийг тэд төгрөгөөс эхэлж мэднэ. Гэтэл манай сүүлийн үеийн мөнгөн тэмдэгтүүдийн алдаа хэрээс хэтэрсэн. Мөнгөн тэмдэгтийн загварыг шинэчилж, сайжруулах тухай яагаад хэн ч ярихгүй өдий хүрснийг үнэндээ гайхдаг.
Тухайн улсын нүүр царай гэдэг утгаараа сүүлийн үед олон орон мөнгөн тэмдэгтээ шинэчлэхдээ оюун санааны хөгжлийг түүчээлсэн хүмүүсийнхээ дүр төрхийг мөнхөлж үлдээхийг эрхэмлэж байна.
Манайх ч гэсэн энэ жишгийг баримтлахад гэмгүй санагддаг. Мэдээж хамгийн том буюу 20 мянгатын дэвсгэрт дээр Эзэн Чингис хаанаа дүрслэх нь зүйн хэрэг. Гэхдээ л бас бэлгэдэл, агуулгыг нь бодолцох учиртай. Дэлхийн хамгийн том гүрнийг удирдаж байсан гэдэг утгаар нь Хубилай цэцэн хааны хөргийг дараачийн буюу 10 мянгатын дэвсгэрт дээр мөнхлөх нь зүйтэй гэж боддог.
Мөн монголчууд бид эрхзүйт төрийн засаглалаар дэлхий дахиныг элбэн тохинуулж байсны гэрч болгоод Шихихутагийн дүрийг аль нэг дэвсгэрт дээр үлдээхэд буруудахгүй байх. Түүнчлэн монгол туургатны суут хүмүүн, Дорнын нэрт тоочин, одон орон судлаач Ш.Мянгат гуай, хүнд бэрх цагт монголчуудын улс төрийн болон оюун санааны нэгдлийг хангахад түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн Өндөр гэгээн Занабазар, ХХ зууны эхэнд Монгол орон тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад том гавьяа байгуулсан Богд хаан, шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж нарыг үндэсний мөнгөн тэмдэгтүүд дээрээ залах нь зөв юм.
Хүндэтгэл, бэлгэдлээ бодоод зарим улсад Төрийн ордон, Хааны ордны зургаа тавих нь бий. Манай өмнөх 100-тын дэвсгэртийн ар дээр ч Төрийн ордны зураг байсан шүү дээ. Энэ мэтээр мөнгөн тэмдэгтийнхээ зураг, загварыг сайжруулъя гэвэл Монголд асар баян түүх, өв соёлоос гадна суут хүмүүс ч байна.
Зүүн Германы мөнгөн тэмдэгт дээр алдартай хөгжимчин бүсгүйн хөрөг байсан нь жирийн хэрэг биш
Н.ЖАНЦАННОРОВ (Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин):
-Монголчууд мөнгөн тэмдэгтийнхээ зураг, загварыг шинэчлэх тухай ярих цаг нь болсон гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөгийн дэлхий дахины чиг хандлага түүхэн баатрууд, гарамгай жанжид, улс төрийн удирдагчдыг тахин шүтэхээс зайлсхийдэг боллоо.
Хүмүүнлэг энэрэнгүй, амар тайван нийгмийг хүн төрөлхтөн илүүтэй хүсэж байгаа учраас оюун санааны манлайлал, урлаг, соёлын нөлөөллөөр дамжуулан түүнийг бий болгохыг эрмэлзэж байна. Тийм ч учраас улс орнууд мөнгөн тэмдэгтээ шинэчлэхдээ үүнд анхаардаг.
Үүний тод жишээ нь, япончууд. Японы иен дээр зохиолч, яруу найрагч эмэгтэйчүүдээс гадна зураач, Нобелийн шагналт эмч, нэрт соён гэгээрүүлэгчид гээд урлаг, соёл, утга зохиол, нийгмийн зүтгэлтнүүдийнх нь хөрөг байдаг. Зүүн Германы мөнгөн тэмдэгт дээр алдартай хөгжимчин бүсгүйн хөрөг байдаг байсан нь жирийн хэрэг огт биш шүү дээ. Бид ч бас орчин цагийн мөнгөн тэмдэгтээ шинэчлэхдээ үүнийг бодолцох учиртай.
Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан, дэлхийн талыг хурааж явсан Чингис хаанаа бид мэдээж хамгийн том дэвсгэрт дээрээ залж явах нь ойлгомжтой. Түүнээс гадна Өндөр гэгээн Занабазарын хөргийг 10 мянгат юм уу, 5000-тын аль нэг том дэвсгэрт дээр зайлшгүй дүрслэх ёстой гэж би боддог. Яах аргагүй Монголын том сэтгэгч шүү дээ.
Өнөөдөр дэлхийд Монголоос магадгүй хамгийн их яригдаж байгаа хүн нь Занабазар байх. Түүний бүтээлүүдийн ур хийц, утга агуулга, бэлгэдэл, нууцын тухай өнөө хэр ярьж, шагшсаар байна. Мөн ХХ зууны Монголын хөгжмийн соёлыг цоо шинэ түвшинд гаргасан дэвшлийг нь бодолцоод агуу их хөгжмийн зохиолч С.Гончигсумлааг яагаад манай улс мөнгөн тэмдэгт дээрээ мөнхөлж болохгүй гэж.
Үндэсний том сэхээтэн гэдэг талаасаа Л.Мөрдоржийнхоо хөргийг ч үлдээсэн болохоор санагддаг. Түүнчлэн орчин цагийн мөнгөн тэмдэгт дээр хөргийг нь үлдээх эмэгтэй хүнийг нэрлээч гэвэл би Н.Норовбанзадыг онцолно шүү. Ер нь тэгээд зөвхөн мөнгөн тэмдэгтийн шинэчлэл гэлтгүй, одон тэмдгийн асуудлыг ч хөндмөөр санагддаг.
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагнал, Ардын жүжигчин цолоор шагнуулж байгаа хүмүүстээ БНМАУ-ын сүлдтэй тэмдэг өгдгөө одоо болих хэрэгтэй байгаа юм. Хэдэн төгрөг гаргаад гуулин тэмдгээ шинэчлэхэд юу нь болдоггүй юм, мэдэхгүй (инээв).
Монголчууд оюун санааны ийм хүчирхэг өв сантайг төгрөгөөр харуулах боломжтой
Д.УРИАНХАЙ (Нэрт сэтгэгч, зохиолч, яруу найрагч):
-Аливаа улс орон үндэсний мөнгөн тэмдэгтдээ жигтэйхэн ач холбогдол өгдөг юм билээ. Том, жижиг гэлтгүй бүх л дэвсгэртийнхээ нүүрэн талд хэний ямар хөргийг дүрслэх, ар талд нь ямар утга агуулга, бэлгэдэлтэй зураг оруулах вэ гэдэг нь цаанаа маш нарийн бодлого байдаг гэдэг.
1990-ээд оноос өмнө манай улс ч мөнгөн тэмдэгтийн зураг, загварын эхийг гаргах, батлахдаа их анхаардаг байсан шүү дээ. Шинэ цагийн дэвсгэртүүдэд л харин нэлээд хайхрамжгүй ханджээ гэж анзаарагддаг. Хууль, журам нь яаж явдгийг би мэдэхгүй юм, гэхдээ төгрөгийн зураг, загварыг дахин шинэчлэх тухай яривал одоо их ул суурьтай хандах ёстой.
Эзэн богд Чингис хааныгаа хамгийн том дэвсгэрт дээрээ залах нь мэдээжийн хэрэг. Түүний дараачийн дэвсгэрт дээр нь Өндөр гэгээн Занабазарын хөргийг мөнхөлбөл зүйтэй гэж бодож байна. Занабазарын тухай өнөө цагт зарим ухвар мөчид хүмүүс маш хазгай ташаа зүйл ярьж байгаа нь юм мэдэхгүй хойч үеийнхэнд буруу ойлголт төрүүлэх вий гэхээс би их эмээдэг.
Монголын түүхэнд, монголчуудын оюун санаанд энэ хүний оруулсан гавьяа үнэлж баршгүй их билээ. Мөн Хубилай хааны хөргийг монголчууд бид үндэсний мөнгөн тэмдэгт дээрээ заавал мөнхлөх учиртай юм. Түүнчлэн ЮНЕСКО-гоос суут хөгжмийн зохиолч Моцарттай хамт “Дэлхийн хүн”-ээр нэрлэсэн ноён хутагт Данзанравжаагаа манайхан мөнгөн тэмдэгт дээрээ залж болмоор л санагддаг.
Эмэгтэй хүний хөрөг байж болно гэвэл Өүлэн эхийг би санал болгоно. За тэгээд, Европын маш мундаг тоочдыг бэлтгэн гаргасан, Дорнын нэрт тоочин Шарайн Мянгат болон XIII Далай ламын багш, Вангийн хүрээний том лам Дандар Аграмба, Инжинаш нарыг мөнгөн тэмдэгтдээ залчихсан байхад монголчууд бид дэлхийд арай өөрөөр харагдана даа. Монголчууд оюун санааны ийм хүчирхэг өв сан хөмрөгтэй улс гэдгийг дэлхий тэр бүр мэдэхгүй л яваа.