УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-г хөгжүүлэх сангийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ талаар УИх-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ "ЖДҮС-гийн хөрөнгийг эрх мэдэл бүхий гишүүд, улстөрчид болон тэдний хамаарал бүхий компаниуд авсан ёс зүйгүй явдал болсон. Энэ талаар хэсэгтээ шуугиж байгаад одоо дарагдах, бүдгэрэх хандлага ажиглагдаж байна. Үүнийг орхигдуулж болохгүй, хууль хяналтын байгууллагууд ч шалгах ёстой. Иймд УИХ-ын нэр бүхий 22 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Ёс зүйн хороонд өргөн барилаа. Мөн ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон гишүүддээ ч шалгуулахыг уриалж байгаа юм" гэлээ.
Мөн Ж.Мөнхбат гишүүн хэлэхдээ "Бид УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байна. Үүнийгээ ч бусдадаа уриалж байгаагаа Ёс зүйн хороонд мэдэгдэл хүргүүлж байгаа. Ер нь энэ асуудал дарагдаад чимээгүй өнгөрчихвий гэж санаа зовниж сууна. Та бүхэн утааны талаар асууж байна. Утаа аюулын харанга дэлдэж байгааг хэн хүнгүй л харж байна. Утаатай тэмцэх ажил бол Засгийн газрын хийх ажил юм. Өөрөөр хэлбэл, өөрсдөд нь эрх, төсвийг нь өгөөд бүх талаар нь дэмжиж ажиллаж байгаа. Өчигдөр Засгийн газрын гишүүдийг ажлаа хийгээч гэсэн шаардлага хүргүүлснийг мэдэж байгаа байх. Харамсалтай нь, сайдыг нь томилоод өгье гэхээр чуулганы хуралдаандаа ирдэггүй, оруулж ирсэн саналыг нь хэлэлцье гэхээр картаа сугалаад зугтчихдаг болсон. Ерөнхийдөө Засгийн газар ажлаа хийхгүй байна. Ёсзүйн хороог ч хуралдуулж чадахгүй байна шүү дээ" гэлээ.