Танай байр, хотхон, гудамжны булан, орцны хаалга, ойролцоох дэлгүүрийн үүдэнд жилийн турш “жижүүрлэж” байдаг “сайн эрчүүл” бий юү. Манай байрны урд талын сүүдрэвчид өглөө бүр ид насны 6-8 эр, ганц хоёр бүсгүй албатай юм шиг сууна.
Урин дулааны улиралд олноороо “бэлчдэг” тэд бүгдээрээ “яадгаа алдсан” нөхөд биш. Архичид гэхээсээ ажилгүйчүүд, албаны хэлээр эдийн засгийн идэвхтэй хүн ам гэхэд болно. Тэд бол орон байр, идэх хоолны мөнгөө олох хүсэлгүйчүүд буюу гэр бүлийнхнийхээ орлогоор амьдрагчид.
Үүн дээр нэмээд зарим ажлын байрны шалгуурт тэнцдэггүй, заримыг нь голоод сонгодоггүй ажилгүйчүүд олон бий. Тэд нийт эдийн засаг болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг бол.
Манай улс 3.1 сая орчим хүн амтай. Түүнээс ажил эрхлэх боломжтой 15-60 насны хүний тоо 2.1 сая гэжээ. Тэдгээрийн 1.3 сая орчим нь эдийн засгийн идэвхтэй иргэн буюу эрүүл мэнд, насны ангилалаас шалтгаалахгүй ажил хийх чадвартай хүмүүс. Идэвхтэй иргэдийн 92 хувь нь ажил эрхэлдэг хэмээн Үндэсэний статистикийн хорооны судалгаанд дурджээ.
Харин ажил эрхлэлтийн байдлыг нь харвал 49.1 хувь нь цалин хөлстэй ажилтан бөгөөд бүх төрлийн нийгмийн даатгал төлөгч аж. Харин 26.8 хувийг нь эзэлж буй мал аж ахуй, 19.6 хувийг бүрдүүлэгч хувиараа хөдөлмөр эрхлэгч болон 19.6 хувьд хамрагдах өрхийн үйлдвэрлэл эрхлэгчийг тогтвортой ажил хийж, татвар, даатгал төлөх байдлаар нийгэмд өгөөжөө өгч буй хэсэгт хамруулан ойлгох нь өрөөсгөл болохыг хөдөлмөрийн эдийн засагчид хэлж байна.
Учир нь, зарим өрхийн үйлдвэрлэгчдийн орлого улирлын чанартай, малчдынх тогтмол бус байдаг нь айлуудын орлогыг өсгөх, хуримтлал үүсгэн, амьжиргааны нөхцөлийг дээшлүүлэхэд сөргөөр нөлөөлдөг аж. Зарим нь бусдынхаа өдөр тутмын бага орлогоос “зулгааж” өөрөө хөдөмлөрлөх сонирхолгүй байгааг ч эдийн засагч тэмдэглэлээ.
Мөн манай улсын ажилгүйдлийн түвшин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.9 хувьд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 2.2 пунктээр буурчээ. Эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 5300-гаар өссөн ч, шинээр ажилд орсон хүмүүсийн тоо 48 000 нэмэгдэж, ажилгүй иргэдийнх 26 400-гаар буурчээ. Дээрх судалгааг гаргахдаа бүх аймаг, сум дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт ажил хайж бүртгүүлсэн болон ажлын байранд зуучлуулсан иргэдийн тоог харгалзсан аж.
Уг судалгаанаас нийт ажилгүйдлийн түвшин буурсан мэтээр ойлгож болохгүйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дээд сургуулийн багш, хөдөлмөрийн эдийн засаг судлаач Н.Нарангэрэл хэлэв. Ажилгүйдлийн түвшнийг бодитоор тодорхойлохын тулд ажил идэвхтэй хайдаггүй, таксинд явах, айлын гэр цэвэрлэх, жижиг сажиг наймаа хийх зэргээр хоолны мөнгөө олчихдог, эвсэл хөгшчүүлийнхээ тэтгэвэр, халамжийн мөнгөөр амь зуудаг хүмүүсийг тоолох шаардлагатай гэнэ.
Мөн тэдгээрийн эдийн засаг болон тухайн өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг гаргаснаар нийт иргэдийн амьжиргааны түвшин болон худалдан авах чадварыг тогтоож болох аж. Ажил хийх бодолгүй гэр бүл, хамаатныхаа хүмүүсийн орлогоос хумсалж буй хэлбэрийг “далд ажилгүйдэл” хэмээн нэрлэж болохыг ч тэрбээр хэлж байна. Энэ талаар Н.Нарангэрэл “Би зарим мэргэжилтний хамтаар хөдөлмөрийн зах зээлд сүүлийн гурван жил судалгаа хийж байна. Минийхээр манай улсын ажилгүйдлийн түвшин 10-15 хувь байгаа.
Нийслэлийн 100 гаруй өрхөд хийсэн судалгаанд дөрвөн айл тутамд хөдөлмөрийн насны, ажил хийдэггүй нэг хүн байгаа юм. Үүнд нэг ажлын байранд багадаа зургаан сар “тогтдоггүй”, Хөдөлмөрийн биржид бүртгэлгүй мөн нас, ур чадварын хувьд гологддог хүмүүсийг хамруулж буй. Мөн гэр бүлийн гишүүн нь гадаадад амьдарч тэднээсээ сар бүр тодорхой мөнгө авдаг иргэд ч байна. Зөвхөн нийслэлд 210 000 орчим өрх байдаг гэвэл өнгөрсөн оны байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдээс гадна 50 000 гаруй ажилгүй хүн бий гэж ойлгож болох юм.
Эл дүнг одоогоор албан ёсны гэхээсээ ажилгүйдлийн түвшнийг бодитоор тодорхойлоход дөхөм болох болов уу гэж тооцоолсон. Үүнийг л далд ажилгүйдэл гээд байгаа юм. Ажил хийх насныхан нийгмээс завсардаад яваад буй хэрэг. Мэдээж ажилгүй хүн олон байх нь өрхийн болон улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж, мөнгөн орлого, хуримтлалын хэмжээ багасхад нөлөөлнө” гэлээ.
Иргэдийн ажлаас “зугтах” хандлага болон албан бус хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь хөдөлмөрийн хөлсний хэмжээ гэдэгтэй санал нийлэх хүн олон байна. Манай улсын нэг цагийн хөдөлмөрийн хөлс дунджаар хоёр ам.доллар, зарим салбарт түүнээс ч бага байгаа нь иргэдийн ажил хийх сэдлийг бууруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Энэ талаар хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу компьютер, график дизайны чиглэлийн үйлчилгээ үзүүлэгч, Хан-Уул дүүргийн иргэн Т.Тодбилэгээс асуусан юм. Тэрбээр “Би их сургууль төгсөөд 10 жил болсон. Энэ хугацаанд нэг л удаа дүүргийнхээ Хөдөлмөрийн биржээр дамжуулан хувийн компанид ажилд орсон юм. Хоёр сар орчим ажиллаад бага цалинтай болохоор нь гарчихсан.
Одоогоор би өдөрт 50 000-100 000 төгрөгийн орлоготой, эхнэртэйгээ хамт ажилладаг. Гэхдээ улирал болон ажлын захиалгаас шалтгаалж орлого өөр байх нь бий. Ажлын байрны түрээсээс гадна татвар, хураамж төлдөггүй тул бидэнд цалин хүлээж сууснаас дээр” гэв.
Т.Тодбилэгийнх хувиараа хөдөлмөр эрхлэгч атлаа ямар нэг татвар, нийгмийн даатгал төлдөггүй нь улсын эдийн засагт өгөөжгүйн жишээ. Мөн аль ч Хөдөлмөрийн биржид харьяалагдахгүй тул ажилгүйчүүдийн тоонд нөлөөлөхгүй. Гэсэн ч гэр бүлийн хоёр хүн хоёулаа “ажилгүй” байгаа нь анхаарууштай.
Хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, зарим талаар ажлын байранд тэнцдэггүй, нөгөө талаар цалин хөлс, ажлын нөхцөл байдлыг голж нийгмийн амьдралд оролцдоггүй хүмүүсийн судалгаа бий эсэх, ер нь иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол, ажил хайх хандлагын талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Одоогоор манайд 10 000 ажлын байрны захиалга, 6500 орчим ажил хайгчийн анкет бий. Улсын хэмжээнд хэчнээн хүн ажил хайхгүй яваад байгааг шууд хэлэх боломж алга.
Гэхдээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатарын эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажил эрхэлж буй болон хайж байгаа иргэдийн тооны харьцаанаас харахад 41 000 орчим хүн “орцны үүдэнд, гудамжны буланд” цаг нөхцөөж байна гэж болно. Сүүлийн хоёр жилд ажил хайж ирж буй хүнээс ажлын байрны захиалга тогтмол өндөр байгаа. Энэ нь иргэдийг ажил хийх сонирхолгүй байгааг харуулж буй хэрэг.
Цалин, хөдөлмөрийн нөхцөл гээд олон зүйл нөлөөлдөг ч ажил хайж Хөдөлмөрийн биржид хандчихаад голоод сууж буй хүмүүсийг хэрхэх билээ. Зарим хүн их, дээд сургууль төгсөгчдийн өмнөөс аав, ээж нь анкет бөглөөд ийм тийм ажил байна уу гэж явах нь ч олонтоо. Ерөнхийдөө ажил хийх дургүй, эсвэл дарга, удирдах түвшний ажил эрхэлж өндөр цалин авах сонирхолтой хүмүүс олон байна” гэлээ.
Ташрамд дурдахад, хөгжиж буй орнуудад гол төлөв бага боловсролтой эсвэл боловсролгүй хүн ам ажилгүйдэлд өртөмхий байдаг бол манай улсад боловсролтой иргэдийн ажил эрхлэлт хангалтгүй байдаг аж. Өнгөрсөн оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн шалтгааныг авч үзвэл 49 500 нь ажил хайгаад олохгүй, 12 300 нь мэргэжилд нь тохирох ажил байхгүй, 11 200 орчим нь хангалттай дадлага туршлагагүй гэжээ.
С.Цэрэндулам