ХБНГУ-ын тэргүүлэгч нам болох Христийн ардчилсан холбоо (ХАХ) намыг 18 жил удирдсан Ангела Меркель халаагаа 56 настай Аннегрет Крамп-Карренбауэрт шилжүүллээ. Саар мужийг удирдаж байсан Аннегретэд шинэ албан тушаал нь тус улсын Канцлерт өрсөлдөх боломжийг нээж буй аж.
2000 оны дөрөвдүгээр сарын 10-наас хойш намын даргын алба хашсан Ангела Меркельд Хамбург хотод болсон ХАХ намын их хуралд оролцогчид талархсанаа илэрхийлж, 10 минут алга ташсан гэнэ. 2003-2004 онд 45-50 хувийн хооронд хэлбэлзэж байсан намын нэр хүнд нь өнгөрсөн аравдугаар сард түүхэн доод хэмжээ буюу 25 хувь болтлоо буурсан. Тиймээс улс төрийн тус хүчнийг хямралаас гаргах хэн нэгэн хэрэгтэй болсон тул А.Меркель огцрох шийдвэр гаргасан юм. Гэхдээ тэрбээр 2021 оны намар хүртэл Канцлерийн албан тушаалаа хашна. Тус намын их хурлаар даргаа ямар ч өрсөлдөгчгүйгээр баталдаг байсан уламжлал эвдэгдэж, гурван нэр дэвшигч энэ удаа өрсөлдлөө.
Тодруулбал, намын ерөнхий нарийн бичгийн дарга Аннегрет Крамп-Карренбауэр, Эрүүл мэндийн сайд Йенс Шпан, Бундестаг дахь бүлгийн тэргүүн асан Фридрих Мерц нар өрсөлдсөн юм. Эхний бус, хоёр дахь шатны санал хураалтаар Аннегрет Крамп-Карренбауэр 999 гишүүнээс 517-гийнх нь дэмжлэгийг авчээ. Тэрбээр намаа шинэчлэхийн төлөө тэмцэхээ амласан байна.
Энэ бол одоо үйл ажиллагаа явуулж буй ардын том нам. Маргааш ч ийм чигээр нь үлдээхийг хүсэж байна. Хүчтэй ХАХ нам Европт ч, Германд ч, энэ ертөнцөд ч хэрэгтэй” гэж Аннегрет мэдэгджээ. Түүнийг намын гишүүдийн олонх нь Төрийн тэргүүний итгэлт хүн, Канцлерын ивээлд багтаж, түүний улс төрийн чиг шугамыг давтаж, ХАХ намд эрс шинэчлэл хийхэд бэлэн бус нэгэн хэмээн үзэж буйг тэрбээр нуугаагүй байна. “Сүүлийн үед өөрийнхөө тухай бичсэн олон материалыг уншлаа. “Мини”, “хуулбар”, “бодлогын үргэлжлэл” гэж. Хүндэт төлөөлөгчдөө, амьдрал намайг ямар болгосон тэр байдлаар би энд зогсож байна. Үүгээр бахархдаг. Гэр бүл болон ажлаа хавсрах ямар хэцүү болохыг мэддэг, гурван хүүхдийн ээж би энд зогсож буй. Улс орон, иргэдийнхээ төлөө 18 жил зүтгэсэн Дотоод хэрэг, Боловсрол, Нийгмийн асуудал хариуцсан сайдболоод мужийн Ерөнхий сайдын хувиар би энд зогсож байна” гэж ХАХ намын шинэ тэргүүн хэлэв. Үүний сацуу сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Аннегрет хэд хэдэн асуудлаар аливаад болгоомжтой ханддаг А.Меркелиэс илүү радикал байр суурь баримталдгаа харуулжээ. Тодруулбал, цагаачлалын бодлогыг чангатгахыг дэмжихдээ орогнох эрх авах болсон хүмүүст ХБНГУ-ын нутаг дэвсгэрт нэг жил алба хаах үүрэг хүлээлгэхийг санал болгосон байна.