Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзлаа
УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр "1990 оны ардчилсан хувьсгалд МОХ-г манлайлан оролцсон цагаас ардчиллын үйл хэргийн төлөө тууштай тэмцэж ирсэн. АН-ын өнөөгийн удирдлагын гаргасан шийдвэр, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж АН бүрэн шинэчлэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс татгалзав" гэсэн байна.
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
УУХҮЯ -аас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу өнгөрөгч баасан гарагаас эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.
Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан байдаг. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдлээ.
Чуулган хуралдсангүй
УИХ-ын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын 06-ны үдээс хойшхи хуралдаан болон 07-ны өдрийн хуралдаан болсонгүй. Учир нь гишүүдийн ирц бүрдээгүй, Засгийн газрын гишүүд ирж УИХ-д өргөн барьсан төслүүдээ танилцуулаагүйгаас шалтгаалжээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд "Биднийг тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улс оронд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар шийдвэр гаргах ёстой болохыг цаг алдалгүй гаргаж бай гэж ард түмэн итгэл хүлээлгэсэн. Засгийн газрыг УИХ томилсон. Тэднийг томилохдоо УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, УИХ-д асуудлаа танилцуулж, ажиллах ёстой гэж заасан. Гэтэл УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар хоёр өдрийн турш бойкотоллоо. Иймээс Засгийн газрыг үндсэн ажлаа хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг шаардаж байна" хэмээлээ.
М.Энхболд: Ерөнхий сайд ТАНЫГ УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулахаа өнөөдрийн өдрийн дотор зогсоохыг шаардаж байна
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. "Шаардлага хүргүүлэх тухай" албан бичигт "Та болон асуудал хэлэлцүүлэх ёстой Засгийн газрын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих асуудлаар хийгддэг Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулгын хариуг Улсын Их Хурлаар сонсох ажиллагаа 4 удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Танай Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүн сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна" гэсэн байна.
Ипотекийн зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна
Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна.
Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгоно.
Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг энэ журмаар хориглож байна.
Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно.
Үүнээс гадна инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журамд тусгажээ.
Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна.
Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.