Хайрлахгүй байхын аргагүй авьяастай, хүндлэхгүй байхын аргагүй хөдөлмөрч залуус Монголд минь олон бий. Энэ л авьяастныг тодруулж, хөдөлмөр зүтгэлийг үнэлэхээр авьяастны эрэлд томоохон телевиз болгон гарч, контент бүтээж байгаа билээ.
Харин тэмцээний үр дүн санаанд оромгүй чигт эргэх нь бий. “Эмэгтэй хүн дэлгүүр гарахдаа цамц авах гэж гараад нээх гоё өмд харснаа даашинз авчихдаг” гэж шоглож ярьдаг шиг бид сонголтоо хийснийхээ дараа амаа барьдаг жишээг цөөнгүй харлаа.
Хамгийн сонгодог жишээ бол 2016 оны “Авьяаслаг Монголчууд” шоунд Б.Шижирбат аман хүзүүдсэн явдал юм. Түүний үзүүлбэр YouTube хуудсанд 100 сая хүнд хүрсэн боловч монголчууд бид түүнийгээ байвал зохих хэмжээнд
нь үнэлж чадаагүй. Харин өнөөг хүртэл хүмүүс “Шижрээ л ялах байсан юм” гэлцэж байна.
Үнэндээ бидний шилдгийг шалгаруулах гол шалгуур юу юм бэ? Монголчууд бид дэлхийд үзүүлэх Монгол авьяасыг хайж байгаа. Түүнээс биш энэ өнчин өрөөсөн юм, жаахан юм, энэ манай нутгийнх юм гэх зэрэг явцгүй үзлээр саналаа өгөөд байвал бид жинхэнэ авьяастныхаа хөлсийг үнэгүйдүүлээд л орхино.
Хоёрдугаарт, нэг хүн нэг л санал гэсэн зарчмаар явах хэрэгтэй. Эс бөгөөс хэдий авьяас чадвар сулхан ч бэл бэнчинтэй бол мөнгөөр “зодон” гарч ирэх боломжийг хэн нэгэнд олгоод байгаа юм. Уг нь бол энэ нь ашгаа бодож байгаа байгууллагын арга байх. Нэгэн танил маань хамаатныхаа залууг дэмжихийн тулд нэгжинд 300 мянган төгрөг зарцуулсан талаараа ярьж байсан. Энэ мэт жишээ маш олон байгаа.
Энэ жилийн “Авьяаслаг Монголчууд” шоунд ч бас олон сайн үзүүлбэр хасагдаж байгаа харагдсан. Жишээлбэл 3-р шатны шалгаруулалтад “GS” хамтлаг үзэгчдийн ярианы сэдэв болж, дараагийн шатанд гарах нь тодорхой гэгдэж байсан боловч хасагдчихсан. Жигд хөдөлгөөн, шинэлэг усны үзүүлбэр зэргээрээ тэд бусдаас дутсан уу гэвэл үгүй. Харин авьяастай охид хасагдсан учир нь массын хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс жаахан задгай байсных болов уу.
Энэ жил олон сайн бүжгийн үзүүлбэр гарч байгаа ч цөөнгүй нь хасагдсаны бас нэг жишээ бол “116” хамтлаг. Тэдний хувьд “Авьяаслаг Монголчууд”-ын тайзан дээр гарч буй анхны тохиолдол биш. Бүжиг сонирхдог залуус тэдний бэлтгэлээ хэрхэн хийж байгаа бичлэгийг үзээд тал бүрээр дэмжиж ирсэн.
Гэвч сайн яваа нэгнээ дээш нь гаргах дургүй өнөө л муухай зангаасаа болж бид тэднийг хасагдуулчихлаа. Магадгүй хийсэн зүйл нь хэлсэн үгнээсээ болж дарагдчихаад байдаг байх. Хамтлагийн ахлагч Төөгөөг хамгийн олон үзэн ядагчтай бүжигчин гэх нь ч бий. Хөдөлмөрөө үнэлүүлье гэвэл бусдын дургүйг хүргэх зүйл ярьж болохгүй гэдгийг үүнээс харж болно.
Үүнээс үзэхэд үзэгчид авьяастай, мундаг байлаа гээд санал өгчихдөггүй юм байна. Ард түмний дэмжлэгийг олох асар хэцүү атлаа олсон итгэлээ алдах хормын төдий л болдог зүйл. Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд гагцхүү авьяастнуудад л саналаа өгцгөөе.