Хуучин, муу зүйлээсээ залхаж, шинэ, сайныг хүсдэг, шинэ зүйлд илүү найдлага тавьж хүлээдэг нь хүн төрөлхтний нийтлэг чанар байх. Баабар нэгэнтээ “Манай үеийнхэн үхэж дуусаж байж улс төр цэвэршинэ” гэсэн нь ч энэ итгэл найдварын илэрхийлэл шиг санагддаг.
Баабарын тийн бичсэнээс хойш бишгүй олон жил өнгөрч, тэдний үеийнхэн эхнээсээ улс төрөөс явж, шинэ, залуу гэж өөрсдийгөө тодорхойлсон олон ч хүн орыг нь залган орж ирж байна. Энэ удаагийн парламентын 76 гишүүний 40 нь УИХ-д анх удаа сонгогдсон.
Тэдний олонх нь 1970-1980-аад оныхон. Шинэ үеэс сайхан зүйл хүлээж буй ард түмэнд энэ нь муугүй үзүүлэлт. Гэвч шинэ хүмүүс орж ирэхийн хэрээр улс төр цэвэрших нь бүү хэл улам л увайгүй, бохир болоод байх шиг.
“БЯЦХАН” ПОПУЛИСТУУД
“Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Жаст” компани зээл авсан асуудлыг Арбитрийн шүүх хэлэлцээд тус банкны талд шийдвэрээ гаргасан. Бид саалийн ганц үнээгээ алдахдаа тулаад байна. Төрийн өмч, нийтийн хөрөнгийг энэ мэтээр хулгайлж, луйвардсан этгээдүүдтэй хариуцлага тооцуулахын тулд эцсээ хүртэл явна” хэмээн сүржин мэдэгдсээр гарч ирсэн УИХ-ын залуу гишүүн Д.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд нарыг олон нийт алга ташин хүлээж авсан.
Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн, харьцангуй нэр цэвэр, ашиг сонирхлын зөрчил багатай, шударга зөв зүйлийг зоригтой ярьдаг, шинэ үеийн залуус гэхчилэн тэднийг сайнаар харж, итгэж болох шалтгаануудыг хайж олоод, шударга ёс тогтоох түүчээ байгаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн.
...Өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлгүйгээр хэн нэгний гар, хөл болж, болох болохгүй зүйлд нохойд барьдаг мод шиг ашиглуулдаг, өчүүхэн зорилготой залуусын үе дуусахаас нааш, лав л 1970-1980-аад оныхныг улс төрөөс явж дуустал төр цэвэршихийг хүлээх хэрэггүй нь гэсэн гутранги бодол төрөх боллоо...
“Удахгүй бүр ч ноцтой хэргүүдийн талаар дэлгэнэ. Шударга бус зүйлтэй эцсээ хүртэл тэмцэж, төрийг цэвэрлэнэ” гэсэн залуу гишүүдийн амлалт бүр ч сайхан сонсогдож, хүлээлт үүсгэж орхисон. Энэ амлалт хэзээ, хэрхэн биелэхийг одоо хүртэл хүлээсээр суугаа хүн байгаа нь лавтай.
Гэвч улстөрчдийн булхай, луйвар, хуйвалдаанаас залхсан олон нийтийн сонсохыг хүссэн зүйлийг нь хэлж, загатнасан газарт нь маажин, шударга ёс тогтоогчийн дүрээр анхаарлын төвд орсон нь тэдний өөр зорилготой тэмцлийн бие халаалт байсан юм уу даа. Залуус хэлж буйгаасаа өөр зорилготойгоор шударга ёсны төлөө тэмцэгчийн дүрд хувирсан юм биш байгаа хэмээн хардахаас аргагүй үйл явдлууд шил шилээ даран өрнөж байна.
Анх ярьж гарч ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэрэг нь замхарч, буруутай этгээдүүд тохирох хариуцлагаа хүлээгээгүй байхад тэд энэ тухай ганц ч үг ганхийхгүй хэрнээ бүлэглэл хоорондын зодооны гол тоглогч болчихсон тууж явна.
Шударга ёс тогтоох шинэ үе хэмээн харж, хүлээж байсан хүн нь зүгээр л хэн нэгний гар, хөл болсон, ямар нэг зорилготойгоор асуудалд ханддаг, “бяцхан” популист байсныг мэдэхэд урам хугармаар санж. Ийм популист олширвол Баабарын ад үзсэн 1950-1960-аад оныхноос ч аюултай санагдаж байна.
ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД
Улс төрд орж ирж буй залуусын цөөнгүй нь албан тушаалын зөөлөн суудлаас салж ядсаар арай гэж тэтгэвэртээ суусан аав, ээжийгээ залгамжилж яваа. Үе залгамжлан төр “зайдагнах”-аар санаархаж буй тэднээс цэвэр тунгалаг, сайн сайхан үйл хэрэг хүлээх хэрэггүй л болов уу.
Мөн шударга бус аргаар босгосон бизнесээ хамгаалж, төрийн мөнгөөр улам өргөжүүлэх гэсэн баян айлын эрх хүүхдүүд төрийн түшээгийн сэнтийгээс даналзаж суух нь сонгуулиас сонгуульд олширч байна. Эзэрхэг, түрэмгий нь дэндсэн тэднийг төрд цэвэр агаар оруулах шинэ үеийн төлөөлөл гэхэд хэл эвлэхгүй юм.
Зорилго нь цэвэр биш тэднээс улс төрийг цэвэршүүлэх эр зориг хүлээгээд ч хэрэггүй биз. Улстөрчдийн үе солигдож, шинэчлэгдэж байгаа гэх ч орж ирсэн хүмүүсээс нь иймэрхүү базаахгүй дүр төрх л тодорч байна.
1970-1980-ААД ОНЫХОНД НАЙДААД ХЭРЭГГҮЙ
Ингэхэд шинэ, залуу үе улс төрд ямар зорилготой орж ирж байна вэ. “Анхны алхам” кинонд буриад өвгөн “Агрономич гэдэг чинь хэн ч хийчихмээр, биед амар аятайхан ажил шив дээ” гэдэг сэн. Улс төрд орж ирж буй залуус яг л буриад өвгөн шиг “Хэн ч хийчихээр биед амар, аятайхан ажил” гэж бодон, зүтгээд байх шиг дүр зураг тодроод удаж байна.
Ямар сайндаа нам дагасан залуус, цүнх баригчид, албан тушаалын лифтэнд суугсад, өргөгч цамхгаар өргүүлэгсэд хэмээн ад үзэгдэж байх вэ. Төсвийн мөнгөнөөс ахиухан халбагадаж, ажил хийхгүй, амар хялбараар хөрөнгөжихийн тулд л эрх мэдэл, албан тушаалын шидэт дохиур барихыг мөрөөддөг залуус олшроод байгаа гашуун үнэнтэй эвлэрэхээс аргагүй.
Эднийг Баабар “Завсрын үеийнхэн” хэмээгээд тодорхойлолтыг нь тун ч зэвүүн бичсэн байдаг. “Завсрынхан өөрийн үеийнхнийхээ хамгийн жудаггүй, ёс төргүй хэсгийн төлөөлөл. Шилжилтийн хамгийн хүнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгүй болсон үеийн зэрэмдэг бүтээгдэхүүн. Тэд сайн боловсрол ч үгүй, нийтийн төлөө гэсэн романтик үзэл ч үгүй, шударга үнэн гэсэн баримтлал ч үгүй.
Мөнгөнөөс өөр ариун нандин эрхэм үнэлэмж үгүй. Мөнгөнд хүрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж үзнэ. Өөрсдийгөө шинэ үеийнхэн хэмээж, ээлж нь болсон гэж дайрцгаах авч үнэндээ ердөө л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг. Нийгмийн золиос, хог ургамал нь.
Улаан, ногоон, алтан, мөнгөн сарнай, ардчилсан, ардчилаагүй, социалист, капиталист залуучууд болон талцан бүлгэрхэж, эх орон, ард түмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар, хулгай, дээрэм гэсэн аль олхиогүй болгоны үнэр нэвт шингээстэй.
Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр гарч иржээ.
Завсрын үеийнхэн харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй, тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд дээш хөвөн гарч, хөлжин цадаж, манлайлагчийн дүрээр тодорч, элит анги болдог байна” хэмээсэн түүний тодорхойлолтыг уншихаар өөрсдийгөө шинэ үеийн улстөрч хэмээж буй залуусын дүр төрх нүдэнд тодроод ирэхийг яана.
Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийдэх чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Олон жил төрд явж, энэ танхимд насыг барсан, хашир туршлагатай гэж үнэлж, хүндэлдэг улстөрчид маань залуусаа урдаа гаргаж, зодолдуулаад, өөрсдөө ард нь сууж байна” гэсэн утгатай зүйл хэлнэ билээ.
Өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлгүйгээр хэн нэгний гар, хөл болж, болох болохгүй зүйлд нохойд барьдаг мод шиг ашиглуулдаг, өчүүхэн зорилготой залуусын үе дуусахаас нааш, лав л 1970-1980-аад оныхныг улс төрөөс явж дуустал төр цэвэршихийг хүлээх хэрэггүй нь гэсэн гутранги бодол төрөх боллоо. Харин 1970-1980-аад оныхныг явахаас өмнө нийгэм залууст итгэхээ больчих вий дээ.