Францын загийн газарын ирэх жилд шатахуунд ноогдуулах татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөө олон тооны эсэргүүцлийн хөдөлгөөнтэй тулгарчээ. Эсэргүүцэгчид шатахууны “Total” компанийн агуулахыг бүслэн хаасны улмаас тус компанийн шатахуун түгээх олон арван станцуудын бензин болон хийн түлш дусаж, үйлчилгээгээ хаахад хүрчээ. Өнгөрсөн даваа гарагт эсэргүүцэгчид Парис хотын төвд Ялалтын хаалганы дэргэд гарсан ил үзэсгэлэнг нурааснаар эмх замбараагүй байдал газар авчээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд хөөрсөн залуучууд сүх төмөр барин цагдаа нар руу дайрч, машин болон хувийн байшингуудыг шатааж, сүүлдээ дэлгүүр, хоршоо дээрэмдэж эхэлжээ. Албан ёсны мэдээллээр бол эмх замбараагүй байдлын үеэр 133 энгийн иргэд, 48 хууль сахиулагчид шархдаж, 412 хүн саатуулагдаад байгаа аж. Эмх замбараагүй байдал Парис хот төдийгүй орон даяар тархжээ. Ийм өргөн нийтийг хамарсан эмх замбараагүй байдал Францад ойрын 50 жилд гараагүй гэнэ. Эсэргүүцэгчид эхэндээ бензин болон дизель түлшний үнийн өсөлтийг зогсоохыг шаардаж байсан бол сүүл рүүгээ Засгийн газрыг огцрохыг шаардах болжээ.
Тус улсад дизель түлшний үнэ сүүлийн нэг жилд 20% өсөж нэг литр нь 1,51 евро хүрчээ. Эл үнийн өсөлт бензин болон дезель түлшинд ноогдулах татварыг улс нэмсэнтэй холбоотой аж. Францын Засгийн газар бензин болон дизель түлшинд ноогдуулах татварын үнийг нэмэгдүүлэх арга хэмжээгээ 6 сараар хойшлуулсан тухай Францын Ерөнхий сайд Эдуард Филипп өчигдөр мэдэгджээ. Үүнээс гадна цахилгаан эрчим хүч, хийний үнийн нэмэлт ч мөн ялгаагүй хойшлогдсон тухай “France-Presse” агентлаг мэдэллэж байна. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон газрын түлшний татварын үнийг нэмэгдүүлснээр экологийн цэвэр түлш болон сэргээгдэх эрчим хүчийг боловсронгуй болгоход түлхэц болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.