ЭХЭМҮТ буюу бидний хэлж заншсанаар Эх нялхсын эмнэлгийн гадаа таксинд нэгэн эх амаржсан талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байсан билээ. Тэгвэл ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр энэхүү явдалд хариуцлага хүлээн ажлаа өгч байгаа талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.
Тэрээр болсон явдлын талаар хэлэхдээ "26 настай эмэгтэй төрөхөөр манай эмнэлгийг зорин ирсэн боловч төрөх тасгаа хайж явах замдаа таксин дотор төржээ. Жирэмсэн эхийг таксины жолооч төлөөлж орж ирсэн бөгөөд эхийн ус гарсан байсныг эмч нар маань мэдээгүй байсан гэсэн. Эх хүүхдийн эрүүл мэнд одоо зүгээр байгаа бөгөөд хүүхэд хөхөө амласан. Гэхдээ бидний хувьд хэнийг ч зөвтгөх шалтгаан байхгүй тул уучлалт хүсэж би ажлаа өгнө гэдгээ мэдэгдэж байна" гэв.
Мөн тэрээр амаржих газрын ор болон нөхцөл байдлыг хэлэхдээ "Сошиал орчинд манай эмнэлгийн орыг шүүмжлэн "Аавуудын групп" хандивын данс үүсгээд байгаа гэж дуулсан. Энэ тал дээр бол тэгэх ямар ч шаардлага байхгүй. Эмнэлгийн маань ор Герман улсаас орж ирсэн, эх амаржихад хангалттай тухтай орчин бүрдүүлсэн гэдгийг хэлмээр байна" гэв.