Хүн халуун зүрхтэй, хүйтэн тархитай, цэвдэг сэтгэлтэй төрдөг гэлцдэг. Манай сурвалжилгын баатар А.Одончимэг бусдын төлөө зүрх, сэтгэлээ “өрдөж” яваа, дайчин эмэгтэй. Түүний туулсан амьдрал хүмүүний цэвдэг сэтгэлийг хэрхэн гэсгээж, бүлээцүүлж буйг тод харуулсан. Энэ сарын эхээр орсон цасан шуурганаар Баянхонгороос Өвөрхангай аймгийн Нарийнтээл орох замд нь хүүхэд сундалсан, гэрэл нь шатсан мотоциклтой хүн шөнө таарахад А.Одончимэг Хайрхандулаан сум хүртэл машиныхаа гэрлийг тусгаж, араас нь дагасныг сонсоод сэтгэл хөдөлснөө нуух юун.
А.Одончимэгийн амьдрал тийм ч дардан байгаагүй. 19 настайдаа анхны үрийнхээ зулайг үнэрлэчихээд төрөх орон дээр жаргалтай хэвтэж байхдаа айхтар зовлон амссан. Сувилагч хүүхдийг нь жинлэх гэж авч явахдаа санамсаргүйгээр шалан дээр унагаснаар сэтгэлдээ мартахын аргагүй “хар тамга” даруулжээ.
Хүү нь ухаангүй байсаар, дөрвөн ч удаа хүнд хагалгаанд орсны дараа тархины саажилт хэмээх хүнд өвчинд нэрвэгдэн, байнга асарч, сувилах шаардлагатай болов. Хүүгээ аврах эцсийн найдвараа тэрбээр хэзээ ч гээж байгаагүй. Тиймээс Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Шаргалжуутын рашаан сувиллыг 1996 онд зорьж, тэндээ суурьшжээ. Анагаах увдисаараа дэлхийд гайхагддаг уг рашаанд тархины саажилттай хүүхдүүд сувилуулаад илааршсан нь ч бий.
Хүү нь эдгэшгүй өвчин туссан, нөхөр нь түүнийг хаяад одсон гээд хүнд үеийг туулж байсан ч тэр бууж өгөлгүй, тэмцсэн. Шаргалжуутын хаяанд майхан босгоод, өвчтэй хүүгээ тэврээд цурам хийлгүй өнждөг байхдаа ч өвдөг сөхрөөгүй. Харамсалтай нь, хүүг нь бурхан буцаагаад авчээ.
Насандаа баймгүй хүнд зовлон туулсан бүсгүй өөрийн хүчээр шинэ амьдралаа эхлүүлж, сүүлийн 20 жилийн турш тархины саажилттай олон мянган хүүхдийг хооллож, ундалж, хувцаслаж иржээ. Шаргалжуутын саальчин бүсгүйчүүлтэй нөхөрлөн, сарлагийн мах, сүү, цагаан идээ боловсруулах ажилд гаршин, өдгөө өөрийн нэрийн 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн гар аргаар үйлдвэрлэж байна.
Түүнийг нутгийнхан нь, тархины саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд “Шаргалжуутын өндөр ээж” гэж авгайлдаг юм билээ. Тэрбээр геологийн хайгуулч мэргэжилтэй, нэг ч малгүй, бас энэ нутгийн иргэн ч биш. “Анх Шаргалжуутад ирээд нутгийн уул, усанд хувь тавилангаа даатган, сүсэглэж, рашаан руу салдаг замын уулзвар дээр хүүтэйгээ хоёулхнаа чулуу босгож билээ. Үүнээс хойш 22 жилийн туршид нааш, цааш дайран өнгөрөх бүртээ хань, үр хүүхэд, хүргэн, бэр, ач, зээгийнхээ тоогоор 14 ширхэг чулуу овоондоо өргөдөг болсон” гэж А.Одончимэг ярив.
Өөрийнх нь “Фэйсбүүк” хуудсыг олон хүн дагаж, түүний хийдэг уламжлалт монгол хоол, цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүнийх нь талаар санал, бодлоо солилцон, зөвлөгөө авдаг. А.Одончимэг ч жор, нууцаа харамгүй хуваалцдаг болохоор олон нийт түүнд “Монгол Жангум” гэж нэр өгчээ.
Өдгөө энэ нэрээрээ нийгмийн сүлжээнд танигдсан. 20 гаруй жил өрхийн аж ахуй эрхэлж, олсон орлогоосоо өвчтэй хүүхдүүдийн эмчилгээ, асаргаанд зарцуулж явна. Тэрбээр хүүгийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, адилхан зовлонтой олон гэр бүлд тусалдаг болохоор сэтгэл нь үргэлж дулаахан байдаг гэсэн. Бүтээгдэхүүнийхээ чанарыг чухалчилж, өнгө үзэмжийг нь сайжруулахын сацуу, уламжлалт арга барилаа хадгалж үлдсэнд олон түмэн сайшаадаг юм билээ.
А.Одончимэг сарлагийн сүү, цагаан идээ, уламжлалт аргаар бэлтгэсэн монгол үндэсний хоол захиалсан хэн бүхэнд 21 аймаг, Улаанбаатар хотын хаана ч байсан хүргэхээр шууданд дайдаг.
Түүний хийдэг бүтээгдэхүүнээс 10 гаруй нь “Монгол Жангум”-ын брэнд. Сарлагийн өрөмтэй сүүгээр зуурч, шар тосонд хайрсан гэрийн боорцог, өрөм хайлуулж мэхээртэй хольсон тос, сарлагийн гуяны мах, хонины сүүл, зэрлэг сонгиноор амталсан, бүхэл үрийн гурилтай гарын бууз, цөцгийгөөр хийсэн кекс зэргийг хүмүүс их захиалдаг аж. Хамгийн сүүлд утааны эсрэг бүтээгдэхүүн гаргасан нь сонирхол татав.
Тэрбээр “Сарлаг булингартай ус хэзээ ч уудаггүй. Өндөр уулын цар хярам, хад асгатай газраар бэлчиж, хүний хөл хүрээгүй шим, соргог өвс идэж, горхины усаар ундаалдаг. Тиймээс мах, сүү нь тэр чигтээ кальци, уураг. Манай Шаргалжуут 38 000 сарлагтай.
Тэр ч утгаараа сарлагийн түүхий эдээр нэрийн бүтээгдэхүүнүүдээ хийдэг. Япончууд Шаргалжуутын рашааныг судлах гэж ирээд сарын турш сарлагийн мах идэж, миний бүрсэн тараг, сүү, цагаан идээг хэрэглэж байгаад буцсан. Жилийн дараа ирээд “Танайд хамгийн эрүүл, кальцитай, чанартай
“амьд бэлдмэл” байна. Тэр бол сарлаг” гэж хэлсэн. Сүүлд би утааны эсрэг бүтээгдэхүүн гаргасан. Үүнд сарлагийн аарц, цөцгий, зөгийн бал ордог. Зайрмаг шиг хөлдөөгөөд хүүхдүүддээ шууд идүүлэх, бага насныханд хөөрүүлж өгвөл хав хар цэр ховхордог. Мөн шар тос ясанд, сүүлний тос маханд гэдэг. Жангум нь хоёр хүү, хоёр охинтой. Манай ач, зээ нар их биерхүү. Энэ тосны л ач шүү дээ.
Энд гэрээ бариад төвхнөчихвөл хийх ажил их байна. Гадаадад амьдардаг монголчууддаа зориулж, багц гаргасан. Одоогоор 20 хүн захиалга өгсөн. Багцын үнэ нь нэг сая төгрөг. Хонины хуйхалсан гулууз мах нэг, гүзээнд нь хөлдөөсөн хярамцаг, мэхээртэй тос гурван кг, шар тос хоёр, сарлагийн өрөмтэй сүүгээр зуурсан боорцог таван кг, борц гурван кг, эсвэл “Жангумын жорын бууз” 10 кг багтдаг.
Эдгээрийг чанарын өндөр түвшинд, зөвхөн өөрийн гараар, уламжлалт монгол жороор, нөхөртэйгөө хамт хийдэг болохоор ажиллагаа ихтэй. Мөн Хөх хотод нэгэн жуулчны компани “Жангумын гарын бууз” нэртэй зоогийн газар нээж байгаагаа дуулгасан. Эхний ээлжинд 1000 кг бууз захиалсан. Тэд тархины саажилттай хүүхдүүдэд тусалдаг миний ажлыг дэмжиж кг-ыг нь 15 000 төгрөгөөр авна гэсэн. Нөхөртэйгөө удахгүй тийш очих санаатай” гэж ярив.
Тэрбээр ингэж хөдөлмөрлөж олсон мөнгөнийхөө нэлээдгүй хувийг тархины саажилттай хүүхдэд зориулсан сувилал барихад зарцуулдаг. Түүний 20 жилийн мөрөөдөл нь энэ. Хоёр давхар, 20х15 метрийн хэмжээтэй барилгынхаа зураг төслийг гаргасан. Одоогийн байдлаар 80 сая төгрөгийг барилгын материал худалдан авахад зарцуулсан аж. А.Одончимэг “Түүн шиг минь зовж шаналсан бяцхан үрсэд тусалж, чадах чинээгээрээ нэмэр болъё гэсэндээ энэ ажилд амьдралаа зориулж явна. Өөд болсон алгын чинээ хүүгийнхээ газар дээр би тангарагласан юм.
“Ээж нь үсээ цайтлаа хүү шигээ эмгэгтэй, зовлонтой олон хүүхдэд тусална” гэж. Ингэхийн тулд 1998 оны зургадугаар сарын 1-нд “Хүүхдийн төлөө халуун болор төв” үүсгэн байгуулж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тархины саажилттай 790 хүүхдийг тэнгэрцэртэй болгож, 2000 гаруй хүүхдийг хооллож ундалж, хувцасласан.
Хуучирч муудсан хүүхдийг тэрэг, тэргэнцрийг олон хүнээс цуглуулж, нөхөр маань будаж, өнгөлж, харин би зөөлөвч, бүрээсийг нь шинээр оёж, гоё болгоод хүүхдүүддээ бэлэглэдэг. Цаашид ч энэ хэвээр байна. Манай сувиллын барилга “босчихвол” жилийн дөрвөн улиралд нээлттэй, чадах чинээгээрээ хоол, байраар үнэгүй хангана. Учир нь намайг анх Шаргалжуутад ирж байхад, одоо ч гэсэн сувилалд байрлах зардал эх, хүүхдийнх хоногийнх 200 орчим мянган төгрөг байна.
Тиймээс би анх майханд, дараа нь дөрөв, тэгээд тав, арван ханатай гэртэй болсон. Хамгийн сүүлд найман гэр барьж, нэг ээлжиндээ 14 хүүхэд авч, ээж, хүүхдийг хооллодог болсон. Өвчтэй хүүхэдтэй айл санхүүгийн маш их дарамтад ордог. Тиймээс сувиллын барилгаа хурдан дуусгахыг л хүсэж байна. Гэвч хоёр давхар барилга барьчих хэмжээний мөнгө хандиваар цугларахгүй, миний олсон хэдэн төгрөг нь ч хүрэлцэхгүй юм. Хувцас, тоглоом, тэрэг бол хандивлана л даа. Тиймээс төр, засгийнханд учраа хэлээд “Туслаач” гэж гуйсан.
“Хамгийн муу төсөл байна” гээд авч хэлэлцээгүй. ЖДҮХС-гаас зээл авах гэж 20 жил хөөцөлдсөн. Барьцаа хөрөнгөгүй гээд авч хэлэлцдэггүй. Монгол гэрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгодоггүй болохоор тэр. Төрд ажилладаггүй надад цалингийн зээл ч олдохгүй. Ер нь банкнаас зээл авч үзээгүй цорын ганц хүн бий байх” гэсэн юм.
ЖДҮХС-гаас УИХ-ын зарим гишүүн, тэдний ар гэрийнхэн их хэмжээний мөнгө авч, шуугиан дэгдэхэд тэрбээр цахим хуудсандаа “20 жил өрхийн хөдөлмөр эрхэллээ. ЖДҮХС-гаас олон ч жил зээл хүссэн. Харин одоо “Жангум” нь хоёр тэрбум төгрөг өгдөг ахтай болмоор байна.
Тэгвэл тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан сувиллаа барьж дуусгана” гэж бичсэнийхээ төлөө “шавар хаасан” гэж олон хүнд дарамтлуулж, зэмлүүлсэн гэнэ лээ. Тэгвэл эрх баригчдаа, жинхэнэ ЖДҮ-чин чинь энэ байна шүү гэж хашхирмаар санагдсан.
Түүнийг өөр гуншин бас дагалддаг. Баянхонгор аймагт зохиогддог сарлагийн баярыг А.Одончимэг анх санаачилж, сүүлийн 15 жил уламжлал болгосон, мөн олон түмнийхээ дэмжлэгээр Шаргалжуут багийн Засаг даргаар хоёр жил ажиллажээ. УИХ-ын 2016 оны сонгуульд багаас нэр дэвшсэн Монголын анхны жирийн иргэн болж, 1800 хүний санал авч байснаа бахархан ярих дуртай.
Энэ бүхэн олон түмэнд тусалж явдгийн л ач” гэж тэрбээр тодотгоно лээ. Өчигдөрхөн “Халуун сэтгэл” нэртэй шинэ жилийн баярт зориулсан хүмүүнлэгийн аянаа 20 дахь жилдээ эхлүүлж буйгаа ч дуулгасан. Хандиваар цугларсан бэлэг, тоглоом, хувцас гээд бүгдийг эздэд нь хүргэж өгөх түүний үүрэг. А.Одончимэг энэ бүхнийг түүртэлгүй амжуулсаар байна.