Хувийн эмнэлэгт үзүүлэхээр “өнөө, маргаашгүй” болчихдог. Харин улсын эмнэлэгт очихоор мөддөө үхэхгүй гэнэ. Бид ийм байдалд дасжээ. Нөгөө талаар улсын эмнэлгүүдэд тоног төхөөрөмж дутмаг, ачаалал ихтэй, үзүүлэх цаг олддоггүйгээс иргэд аргагүйн эрхэнд халаасаа хоосолж, хувийнхыг зорьж буй.
Гэвч салбарын сул орон зайд “тоглолт хийж” гарч ирсэн хувийн эмнэлгүүд сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрлээ. Нийтээрээ тийм биш ч, эрүүл мэнддээ гар татахгүй иргэдийн сэтгэл зүйгээр даажигнан, хуудуутай онош тавьж, авах, “идэхээ” урьтал болгодог эмнэлэг цөөнгүй байгааг өмнө нь нийтэлсэн. Манай нийтлэлийн дараа олон хүн бидэнд хандаж, үгээ дайсныг нэмэлт хачиргүй хүргэж байна.
БАРИМТ №1
Иргэн А: Бөөр өвдөөд хувийн нэгэн том эмнэлэгт шээсний ерөнхий шинжилгээ өгсөн юм. Нэг үзүүлэлт нь өөрчлөлттэй гарсан. Хариуцсан эмчээс нь зөвлөгөө авах гэж үзлэгийн мөнгө төллөө. Гэтэл шинжилгээний хариуг бүрэн уншиж мэдэхгүйн дээр “Эрүүл хүн ийм байх ёсгүй” гэсэн. Дараа нь “Ажиглаж бай” гэдгээс өөр үг хэлээгүй. 20 000 төгрөг төлчихсөн хэр нь хоёр минут болоод л эмчийн өрөөнөөс гарсан.
Иргэн Б: “Интермед” эмнэлэгт хавдрын шинжилгээ хийлгэлээ. Эс ургуулж оношилдог юм билээ. Хавдаргүй гэсэн л дээ. Хоёр сарын дараа гадаад явж, шинжилгээ хийлгэхэд хавдартай, бүр III шатандаа орчихсон байсан. Буруу онош тавьж, иргэдийг “алдаг” юм байна.
Иргэн В: “Гарьд манлай” эмнэлэгт шинжилгээ өгтөл трихомониазтай, бас өөр эмнэлэгт шинжлүүлэхэд “нууц өвчин” гэсэн. Өчнөөн эм, тариа бичиж өгөөд, түүнийг нь авахаас өөр аргагүй болсон. Оношоо баталгаажуулахаар улсын эмнэлэгт хандтал эрүүл гэсэн. Түүнээс хойш хувийн эмнэлэгт итгэхээ больсон.
Иргэн Г: Хувийн лабораторид оношлуулахад элэгний C вирустэй гэсэн хариу гарсан. Гадаадад очоод үзүүлэхэд “Байхгүй” гэв. “Хатагтай” эмнэлэг бас иймэрхүү арга хэрэглэж, мөнгө нэхдэг.
Иргэн Д: Улсын гуравдугаар төв эмнэлгийн ойролцоох хувийн нэгэн лабораторид урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэтэл “Тэмбүүтэй, хүнд шатандаа орсон байна” гэдэг байгаа. Бага насны хоёр хүүхэдтэй би гайхаад лавлатал “Яаралтай 65 мянган төгрөг төлөөд, эмчлүүл. Манайд эм, тариа нь бий” гэв. Тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор харьяа дүүргийнхээ эмнэлэгт цаг авч, үзүүлэхэд “Эрүүл байна” гэж ам таглав. Тухайн үед хэнд нь итгэх учраа олоогүй. Гэтэл “Хувийн эмнэлгүүд та нараас мөнгө авах гэж л худлаа хэлсэн биз. Ямар мэдэхгүй биш” гэж эмч хэлснийг сонсоод ихэд гайхсан гэв.
БАРИМТ №2
Уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдэд ажиллах хүч илгээдэг туслан гүйцэтгэгч компани манайд олон бий. Тэд гэрээний дагуу ажилчдаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулан, эрүүл мэндээр тэнцвэл хөдөө томилдог. Ажил олгогч компаниудын олонх нь хувийн томоохон эмнэлгүүдтэй гэрээ байгуулан, ажилчдаа хүлээн авахаасаа өмнө үзлэгт хамруулдаг юм билээ. “Маррий майнинг сервисэс” 30 ажилтнаа “Оюутолгой” компани руу илгээхээр болжээ. Гэрээний дагуу тэднийг “Интермед” эмнэлэгт энэ сарын 1-2-нд мэргэжлээс шалтгаалах өвчин бий, эсэхийг тодруулах үзлэгт хамруулсан байна. Тус эмнэлгийн урьдчилан сэргийлэх шинжилгээний багцууд нь энгийнээс эхлээд үндсэн, онцгой, тусгай, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэхчлэн олон янз аж. Үнэ нь ч харилцан адилгүй. 110 000-3 000 000 төгрөгийн үнэтэй багц шинжилгээ ч байна.
“Маррий майнинг сервисэс” компанийн ажилчид “Бид өнгөрсөн амралтын өдрөөр “Интермед” эмнэлэгт “Оюутолгойн багц” шинжилгээ хийлгэсэн. Арванхоёрдугаар сарын 1-нд эхний 15 ажилтан үзлэгт хамрагдахад таван хүнийг “Цусны даралт өндөр байна. Зүрхний бичлэг хийлгэ” хэмээн өөр эмч рүү явуулсан. Тэдний дунд даралт ихсэх өвчин гэж юу болохыг сайн мэддэггүй 19-22 настай хоёр ч залуу байсан. Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний мөнгийг компаниас төлдөг учир ажилчид нэмэлт шинжилгээнд цааргалалгүй орсон. Гэтэл шинжилгээний хариунууд бүгд зүгээр, онош тодруулах гэж орсон таван хүнээс тус бүр 48 000 төгрөг авсан байна. Учрыг лавлатал “Багц шинжилгээнд төлбөрийг нь тусгаагүй, нэмэлт үйлчилгээний хөлс” гэж хариулсан. Дараагийн ээлжийнхнээс ч мөн адил 4-5 хүнд багцын шинжилгээнд ороогүй тусламж, үйлчилгээ авахыг санал болгосон” гэж ярилаа.
Эмнэлгийн санал болгосон шинжилгээг ажилчид хийлгэхгүй бол эмч нар эрүүл мэндээр тэнцүүлдэггүй, гарын үсэг зурдаггүй гэх. Аргагүйн эрхэнд, ажлаа хийж, ар гэрээ тэжээхийн тулд тэдний хүссэн мөнгийг нэмж төлөн, эрүүл мэндийн хуудсуудаа бөглүүлсэн гэж учирлав. Энэ талаар “Интермед” эмнэлгийнхнээс тодруулахад “Манайх уул уурхайн туслан гүйцэтгэгч 2-3 компанийн ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчнийг оношилж, тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, уурхайн гүнд, хүнд машин механизм жолоодох явцад тухайн хүний биед гарч болох эрсдэл, хүндрэлийг тооцно. Сүүлийн үед даралт ихсэн өвчинд залуус өртөх нь ихсэж, цэргийн насныхны 30-40 хувь ийм оноштой байна. Уул уурхайн компанид ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг нягтлаагүйгээс үүдэх эрсдэлийг бид хариуцдаг. Тиймээс нэмэлт шинжилгээ авч, онош тодруулдаг” гэсэн юм.
Уул уурхай, үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг тэдний эрүүл мэндэд “дүн” тавих, томилолтоор явах, үгүйг нь шийддэг хувийн эмнэлгүүд энэ мэт аашилж, нэмэлт татаас авдаг гэх иргэдийн үг оргүй биш аж. “Оюутолгой” ХХК л гэхэд ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс хувийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулан, цогц үйлчилгээ авч ирсэн. Үүнд шинээр ажилд орсон болон байнгын, гадаад ажилчин, тэдгээрийн гэр бүлийнхэн гээд жилд дунджаар 2000 гаруй хүнийг улирал, жил тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, шаардлагатай хүмүүст эмнэлгийн тусламж хүргэдэг байна. Гэвч тендерт ялсан хувийн эмнэлгүүд гэрээний хүрээнд хийдэг эмчилгээ, үйлчилгээнээсээ хальж, ажилчдаас нэмэлт төлбөр авдаг, хуудуутай онош тавин, эмнэлэгт хэвтүүлэх нэрээр компаниас нь илүү мөнгө авах тохиолдол гардгийг албаны эх сурвалж хэлсэн юм.
Улсын хэмжээнд 2017 оны байдлаар хувийн 1466 эмнэлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 240 нь хэвтүүлэн эмчлэх нийт 5756 ортой аж. Төрөөс улсын эмнэлгийн үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг хувийнхнаар гүйцэтгүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг нь өргөжүүлж, төрөлжүүлэх бодлого барьж ирсэн. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх эрхтэй хувийн 86 эмнэлэг байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас тэдэнд энэ оны эхний 11 сарын байдлаар 22.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Ийм хэмжээний төлбөртэй үйлчилгээг иргэд хүртэж чадсан гэдэг нь бас л эргэлзээтэй.
Даатгалтай иргэд хувийн эмнэлгээс авсан тусламж, үйлчилгээнийхээ зардлаас жилд дунджаар 100-400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Үүнийг иргэдийн олонх нь мэддэггүйгээс төлбөр төлж, үйлчлүүлсэн хэвээр. Харин эмнэлгүүд таны регистрийн дугаарыг цахим системд бүртгүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авсан мэтээр цааш мэдүүлж, төрөөс татаас авдгийг та мэдэх үү. Уг нь хуульд зааснаар даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх эрхтэй эмнэлгүүд улсаас тогтоосон хэмжээгээр иргэдэд хөнгөлөлт үзүүлээгүй бол гэрээг нь цуцалдаг юм билээ. Даатгалаар үйлчилдэг хувийн эмнэлгүүдэд хэн хяналт тавьдаг, ажлын гүйцэтгэл, үр өгөөжийг нь хэрхэн дүгнэдгийг, иргэд хөнгөлөлттэй үнээр үзлэг, шинжилгээ хийлгэж чадаж буй, эсэхийг бид дараагийн нийтлэлээрээ хөндөх болно.