Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс хассан ч УИХ авч үлдлээ. Тухайлбал, Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцсэн юм. Ингэхдээ "Б.Батзориг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна хэмээн УЕП М.Энх-Амгалан танилцуулсан. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд Байнгын хороодын саналаар “Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийгхуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг төслийг баталлаа.
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ыг ихээхэн шүүмжлэв
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УЕП М.Энх-Амгалангийн хэлсэн үг олныг ихээхэн шуугиулаад амжив. Тэрбээр "Батжаргалын Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн. Иймд би Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хуралдаанд гурав дахь удаагаа оруулж ирж байна. Аливаа зүйлд шударга ёс гэж байх ёстой. Харин тэрхүү шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Өмнөх хоёрт нь татгалзсан хариу авсан. Жирийн иргэд нь баригдаж, байцаагдаад явж байхад шийдвэр гаргасан хүн нь энэ танхимд сууж байх нь шударга ёс уу" хэмээн шүүмжилсэн юм.
Бензиний үнийг эсэргүүцэж, автомашинтай 300 иргэн жагсаал хийлээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргад иргэн шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, 300 иргэн таван өдрийн турш автомашинтай жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.
Үүний дагуу тус дүүргийн ЗДТГ-аас хүсэлтийг хүлээн авч, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох, төрийн байгууллагад аливаа дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, хуулиар хориглоогүй зорилгоор анх зохион байгуулагдсан жагсаал цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно гэдгийг анхааруулсан байна.
Иргэд гурван өдрийн турш жагсаал хийхдээ Төрийн ордныг тойрон сигналаа дуугарган, явсан юм.
Монгол бахархлын өдөр тохиолоо
Засгийн газрын өнгөрөгч аравдугаар сарын 31-ний хуралдаанаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байгаатай холбогдуулан холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэснээр хоёр өдөр бүх нийтээр амарлаа.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү ёслолд мөн “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцжээ.
УИХ-ыг тарахыг шаардаж иргэд жагслаа
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зүй бусаар зарцуулсныг эсэргүүцэн, УИХ-ыг тарахыг шаардан өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр иргэд тайван жагслаа. Тэд ЖДҮХС, Оффшорын асуудал, 60 тэрбумын хэрэг зэрэгтэй холбоотойгоор УИХ-ыг тараах 10 гаруй үндэслэл бий болсон учир УИХ-ыг тараах албан бичгийг хүргүүлнэ хэмээсэн юм. Үүгээр ч зогсохгүй Үндсэн хуулийг ч өөрчлөхөөр зэхэж буйгаа мэдэгдлээ.