Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгөөс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авч, хамаарал бүхий хүмүүсийнхээ банк, банк бус санхүүгийн байгууллага, 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой компаниудад олон зуун саяар нь хуваарилсан дуулиан намжих нь бүү хэл, цаашдаа ч үргэлжлэх бололтой. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт ЖДҮХС-гийн зээл олгоход эрх мэдлээ ашиглан шийдвэр гаргасан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгахаар болсон ч УИХ-ын гишүүд хамгаалан авч үлдсэн.
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулаад чуулганы хуралдааны үеэр “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хууль ёсыг дээдлэх зарчимтай УИХ яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. ЖДҮХС-гийн захирал жирийн иргэн цагдан хоригдсон. Шийдвэр гаргасан УИХ, Засгийн газрын гишүүн нь болохоор энд сууж байна. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдан хоригдоод байна. Энэ чинь шударга ёс юм уу” хэмээн хууль тогтоогчдод сануулга өгсөн ч УИХ-ын гишүүд хамгаалаад үлдсэн билээ.
УИХ-ын гишүүн 50-иас дээш тооны хүн дээрх сангийн хөрөнгөөс хувь хүртсэн учраас ийнхүү хамгаалан авч үлдсэн нь гарцаагүй. Хэд хэдэн эх сурвалж “Улсын ерөнхий прокурор энэ долоо хоногт нэр бүхий найман гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын даргад хүргүүлэхээр болсон” хэмээв. Хэрэв энэ үнэний ортой бол УИХ-ын гишүүн цохолт бичиж, ХХААХҮ-ийн сайд, ЖДҮХС-гийн захиралд хүргүүлж орон нутаг дахь садан төрлийнхөө хүмүүсийн аж ахуйн нэгжээр дамжуулан авсан гэх зэрэг найман гишүүнийг мэдээж хэт олонх болсон МАН-ынхан хамгаалж үлдэх, эсэхийг иргэд харах нь.
ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТ ХӨВӨРСӨӨР
Эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан хэмээх гишүүдийн тоо нэмэгдсээр. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хамаарал бүхий “Өгөөдэйн Ази” ХХК-иараа дамжуулан дээрх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болов. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүүгийн эзэмшлийн “Топкондитер” компани ЖДҮХС-гаас 2018 оны зургадугаар сард дээрх хэмжээний зээл авчээ.
Тэгвэл энэ жагсаалтыг УИХ-ын хамгийн залуу гишүүн Г.Тэмүүлэнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгж үргэлжлүүлсэн байна. Түүнтэй хамаарал бүхий буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” компани 2017 оны есдүгээр сарын 25-нд ЖДҮХС-гаас 700 сая төгрөг жилийн гурван хувийн хүүтэй, 60 сар буюу таван жилийн хугацаатай “Тунгалаг” нэртэй цэвэр усны үйлдвэрийн төсөлд авчээ. Зээл авахад Г.Тэмүүлэн гишүүний албан тушаал нөлөөлсөн, эсэхийг шалгах эрх бүхий байгууллага нь тогтоох биз ээ. Зээлийн гэрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийн эхнэр Д.Дэнсмаа, ихэр дүү бүсгүй Г.Энхүүлэн нар нь гарын үсэг зурсан байгаа юм. Хэдийгээр Г.Тэмүүлэнгийн ХАСХОМ-т “Спа цогцолбор” компани бүртгэлгүй ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5 дахь хэсэгт “Хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан байдаг.
Дээрх сангаас зээл авсан хууль тогтоогчдын араас дахиад нэлээд хэдэн гишүүний нэр ил болох нь. Сангийн зээлдэгчээр тодорсон ерөнхий аудитор, ТЕГ-ын дарга асан, МАН-ын эрх бүхий албан тушаалтан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан, Барилгын хөгжлийн төвийн захирал зэрэг албан тушаалтнуудыг залгаж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Өсөх буудай”, тус аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа өөрийн эзэмшлийн “Уран Сэлэнгэ” зэрэг хамаарал бүхий компаниараа дамжуулан нийтдээ 1.2 тэрбум төгрөг авсан нь тодорхой болсон аж. Энэ мэтээр жагсаалт хөврөх нь.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ ШАЛГАВАЛ...
Засгийн газрын бүх санг шалгах захирамж Ерөнхий сайд гаргаж, Сангийн яамнаас ажлын хэсэг гарч ажлаа эхлүүлсэн аж. Манайд үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын 29 тусгай сан байдаг юм билээ. Засгийн газрын эдгээр тусгай сангаас гадна Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг ч Сангийн яамныхан давхар шалгаж, тайлангаа Засгийн газарт танилцуулбал мөн ч их хөрөнгө үрэн таран хийж байгааг эрх баригчид сонсоно доо. Аймаг, сумын Засаг дарга нарын олонх нь Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, ах дүү, найз нөхдийнхөө компанийн дансанд мөнгийг нь шилжүүлснийхээ төлөөсөнд АТГ-т дуудагдах болсон. Мэдээж тус сангийн хөрөнгийг ЖДҮХС-гийнхаас ч илүү үр ашиггүй зарцуулж байгаа болохоор хууль сахиулагчдын хараанд өртсөн нь гарцаагүй.
Засгийн газрын тусгай сангуудыг шалгаад ямар үр дүнд хүрэх вэ. Бас л хууль зөрчин шийдвэр гаргасан албан тушаалтнаа хаацайлдаг шигээ тусгай сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, амин хувьдаа ашигласан хүмүүсийг хариуцлагаас мулталсаар байх уу. Хэдэн жилийн өмнө өнөөгийн улс төрийн томоохон нэгэн албан тушаалтан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт холбогдон хэргийг нь шүүхээр шийдэж байсан. Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нар хамаарал бүхий хүмүүсийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын дансаар завшиж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгасан ч өнөөг болтол эцэслэн шийдээгүй. Орон нутгийн Халамжийн газрын удирдах албан тушаалтнууд мөн л Халамжийн сангаас хөрөнгө завшсан нь тогтоогдсон ч эрүүгийн хариуцлагаас мултарсан билээ.
БХЯ, ЗХЖШ-ын харьяанд байдаг Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг АТГ-ынхан шалгасан. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн даргаас Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдуулан 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэр, дүрэм журам болон бараа материал худалдан авах үйл ажиллагаатай танилцахад БХЯ нь албан ёсны цахим хуудас болон хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд уг сангийн санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох тушаал, шийдвэр, хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг олон нийтэд мэдээлдэггүй, үйл ажиллагаа нь ил тод бус, сангийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ, бараа материал худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж хэвшээгүй, албан тушаалтнууд өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн шийдвэр гаргадаг зөрчил гарч байсан юм. Одоо ч байдал хэвээрээ гэдгийг батлан хамгаалах салбарын эх сурвалжууд хэлсэн.
Уг нь Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг хилийн чанадад олон улсын цэргийн эвслийн байлдааны болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулсны хариуд эвслийн орнууд болон НҮБ-аас өгсөн нөхөн төлбөр, мөн Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах үүргээ биелүүлэхээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн залуусыг албадан хөдөлмөрлүүлж улсын хэмжээний бүтээн байгуулалтад оролцуулснаас олсон ашиг, зэвсэглэлээс хасагдаж актлагдсан зарим төрлийн техникийг худалдаж борлуулсны орлого зэргээс хөрөнгийн эх үүсвэрээр анх энэ санг байгуулсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд анх дээрх сангийн талаарх заалт нэмэлтээр орохдоо “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой” гэж байсан.
Харин өдгөө анхны зорилгоосоо хазайсан гэмээр ч юм уу, Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотойгоор өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал, Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гамшиг, аюулт үзэгдэл, осол, тохиолдсон, аюул бий болсон үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг хангуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох гэж өөрчилсөн байгаа.
Хилийн чанадад үүрэг гүйцэтгэхээр явж байгаа алба хаагчдаа хэрэгцээт зүйлсээр нь хангахын тулд зардал гаралгүй яах вэ. Гэвч уг сангаас гаргадаг зардлыг зориулалтынх нь дагуу зарцуулдаг уу гэдэг эргэлзээтэй. Энхийг дэмжих ажиллагаанд яваад ирсэн хүмүүс “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт нь ил тод бус, зориулалтын зүйлд зарцуулж байгаа, эсэх нь тодорхойгүй” хэмээн өгүүлдэг. “Ажиллагааны газар, орон дээр ашиглах техник хэрэгслийн сэлбэг гэж эндээс өчнөөн зуун сая төгрөгийн сэлбэг тендер зарлан авдаг ч яг явах болохоор онгоцонд багтах боломжгүй хойноос нь явуулна хэмээн авч үлддэг.
Араас явуулсан нь үгүй. Мөн хангалтад ирсэн техник, багаж хэрэгсэл нь иж бүрдэл дутуу байсан” хэмээн ярих хүн олон. Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр яг хэзээ, хаанаас зэвсэг, техник худалдаж авсан, хаана ямар орон сууц барьсан, түүнд нь хэчнээн офицер, ахлагч орсон нь тодорхой бус байна. 2010 онд энэ сангийн мөнгөөр Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан генералуудад хаус барьж өгснийг эс тооцвол эл сангийн хөрөнгийг тус салбарын удирдах албан тушаалтнууд зориулалт бусаар зарцуулсан гэх хардлага бие бүрэлдэхүүнийх нь дунд байдгийг хууль сахиулагчид шалгаж нягтлах биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа