УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр зохион байгуулсан “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хуралд Ерөнхий сайд асан М.Энхсайхан оролцож байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Та Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Тухайн үед гарын үсэг зурсан “Дубайн” гэх гэрээг хуулийн байгууллага шалгаж байна. Энэ гэрээг та хэрхэн дүгнэдэг вэ?
-“Дубайн гэрээ” гэж байхгүй. Нэр томьёо, ухагдахуунаа зөв болгох хэрэгтэй. Энэ талаар би цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байсан.
Ер нь том төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд авсан зээлээ урьдчилж төлнө. Компаниар жишээ татахад хэрэглэсэн цахилгаан, усныхаа төлбөрийг төлөхөөс эхлээд ажилтнуудынхаа цалинг өгдөг. Ингээд мөнгө үлдвэл зээлийнхээ төлбөрийг хийдэг. Үүнийг “санхүүгийн хүрхрээ” гэж нэрлэдэг юм.
Ингэж нэрлэж байгаагийн учир нь нэн түрүүнд болон дараа нь төлөх төлбөр гэх мэтээр эрэмбэлдэгтэй холбоотой. Хамгийн сүүлд мөнгө үлдэж байвал их сайн. Үүнтэй адил аливаа том төслөөс хүртэх ашгийг хамгийн сүүлд ярьдаг.
Өөрөөр хэлбэл, эхний асуудлаа шийдээгүй байж хамгийн сүүлийнхийг ярих тусам будилуулна.
-Дубайд очиж гэрээгээ шинэчлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан уу?
-Засгийн газрын хуралдаанаар шийдсэн.
-Энэ гэрээнд өмнөхөөс ч муу нөхцөлүүд туссан юм уу?
-Гэрээний нөхцөлийг хохироосон, хожсон, эсэх талаар эдийн засагчид өөр өөрсдийн байр сууринаас тайлбарладаг. Эцсийн дүндээ зөв, бурууг олохыг хүсвэл та бүхэн өөрсдөө ч судалж болно.
-Эл гэрээ монголчуудад ямар ашигтай юм бэ?
-“Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн төслийг одоо хэрэгжүүлж эхэлж байна. Далд уурхайн төсөл яагаад бидэнд хэрэгтэй вэ гэхээр ил уурхайгаас илүү далд нь чанарлаг байдаг.
Өөрөөр хэлбэл, алт, зэсийн агууламж ихтэй байдаг. Агууламж ихтэй ордыг зардал багатайгаар, илүү их бүтээгдэхүүн олборлох боломжтой.
Ингэснээр төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдэнэ. Дээр нь далд уурхайд оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж Монголын туслан гүйцэтгэгч компаниудад ирэх ашиг өснө.
-Уг гэрээтэй холбоотойгоор АТГ танаас мэдүүлэг авсан уу?
-Асууж, тодруулж байгаа зүйл олон бий. Хуулийнхан шалгах ёстой бол шалгах л ёстой. АТГ-аас Оюутолгой болон бусад асуудлын талаар надаас асуусан.