Германы Цагдаагийн газрын дарга Дитер Роман хүнийг хууль бусаар хорьсон асуудлаар прокурорын газарт шалгагдаж байна. Тэрбээр Али Башар гэх гэмт этгээдийг баривчлахаар курдуудын хяналтад байдаг Иракийн газар нутагт 2018 онд очжээ. Курдистаны засаг захиргаа тус этгээдийг Эрбил хотын онгоцны буудалд хүлээлгэн өгсөнөөр Роман түүнийг Германд аваачин хорьсон байна. Гэтэл энэ нь том хэрэг мандууллаа. Учир нь Герман, Ирак улсууд гэмт хэрэгтэнг шилжүүлэх тухай гэрээг байгуулаагүй тул Башарыг Германд аваачсан Цагдаагийн газрын даргын үйлдлийг хууль бус хэмээн Прокурорын газар үзжээ.
Өдгөө Франкфуртын шоронд хоригдож буй Али Башар Германд байхдаа 11 настай охиныг хүчирхийлсэн хэргээ хүлээгээд байна. Үүнээс гадна тэрбээр 14 настай Сусанна Фельдманы аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. 20 настай курд залуу гэр бүлийн найман гишүүний хамт 2015 онд Германд очжээ. Тэрбээр орогнох хүсэлт гаргахад татгалзсан хариу өгсөн байна. Тиймээс хүсэлт нь давж заалдах журмаар шийдэгдэх хүртэл Баруун Германы Висбаден дахь дүрвэгсдийн байранд амьдрах түр эрхийг олгожээ. Гэтэл тэнд байх хугацаандаа дээрх хоёр гэмт хэргийг үйлдээд Ирак руу зугтсан нь Герман улсын дотоод уур амьсгал хурцтах нэг шалтгаан болжээ.