БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун гэргийн хамт нисэх буудалдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг биечлэн угтлаа. БНСУ-ын Төрийн тэргүүн Солонгос хоорондын энэ онд болж буй гурав дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пёньянд очсон юм. Мүн Жэ Ин Умард Солонгосын Засгийн газрын Пэквавон (Зуун цэцэгсийн ордон) ордон руу Ким Жөн Уны хамт задгай машинаар явахад замын хоёр талаар БНАСАУ-ын хэдэн арван мянган иргэн үндэсний хувцсаараа гоён эгнэж, баглаа цэцгээр даллан, хоёр Солонгосын нэгдэхийг бэлгэдэж, баяр хүргэсэн үгс хашхирч байжээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, БНАСАУ, АНУ дахин яриа хэлэлцээ хийх боломж хоёр удирдагчийн хэлэлцээний гол сэдэв байх юм. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сук айлчлалын эхний өдөр Пёньяны нэг эмнэлэг, хөгжмийн дунд сургуульд зочлов. БНСУ-ын “Samsung electronics”, “Hyundai motor group”, SK, LG групп зэрэг томоохон корпорацын удирдагчид багтсан бизнесийн томоохон төлөөлөгчдийн нэг хэсэг нь БНАСАУ-ын Ерөнхий сайдын эдийн засгийн салбарын хариуцсан орлогчтой уулзжээ.
Энэ сарын 18-20-ны хооронд товлосон арга хэмжээ нь Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын түүхэнд тав, энэ оны гурав дахь нь болж байна. Эхний хоёр уулзалт 2000, 2007 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, Ну Му Хён болон БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ир нарын оролцоотой болсон билээ.
Мүн Жэ Иний засаг захиргааны мэдээлснээр Пёньян руу нисэхийн өмнө тэрбээр мэдэгдэл хийхдээ цөмийн зэвсэг устгах асуудлаар санал зөрсний улмаас зогссон БНАСАУ, АНУ хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг айлчлалынхаа гол зорилго болгоно гэжээ. Үүний сацуу Солонгосын хойг дахь цэргийн түгшүүртэй байдлыг цаашид намжаах асуудлыг хэлэлцэх аж. Энэ удаагийн айлчлалын үеэр Ким Жөн Унтай Мүн Жэ Ин наад тал нь хоёр удаа яриа хэлэлцээ хийх бололтой.
Нөгөөтэйгүүр, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь Солонгос хоорондын харилцааг сайжруулах сайхан боломж болно гэж Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдэгдэв.
Дээд хэмжээний уулзалтын өмнө БНСУ-ын түшмэд, сэтгүүлчид, техникийн ажилтнууд нийлсэн 93 хүн Пёньянд очсон. Солонгосын удирдагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд хилийн цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд анхны уулзалтаа хийсэн. Сар орчмын дараа тэд хоёр дахь хэлэлцээгээ хийсэн юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дүн маргааш тодорхой болно.