“Цагаан дуулгууд” байгууллага Сири дэх террористуудтай хамтран энгийн номхон иргэдийн эсрэг хлор бүхий химийн зэвсгийн халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа гэх ямар ч нотолгоо АНУ-д байхгүй. Тус улсын батлан хамгаалах байгууллагын албан ёсны төлөөлөгч Шон Робертсон ТАСС агентлагийн хүсэлтээр ОХУ-ын БХЯ-ны харьяа Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвөөс хийсэн мэдэгдлийг тайлбарлахдаа ийн мэдэгджээ.
“Цагаан дуулгууд” нь олон мянган хүний амь насыг аварсан, Орос, Сирийн Зэвсэгт хүчний бөмбөгдөлтийг баримтжуулсаар буй, хүмүүнлэгийн байгууллага. Тэдний баатарлаг үйл ажиллагааг АНУ болон олон улсын бусад байгууллага дэмжсээр ирсэн” гэж Ш.Робертсон хэлсэн байна. “Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний нөлөөгөө Орос улс Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн зэрлэг үйлдлээс урьдчилан сэргийлэхэд ашиглах ёстой. Үүний оронд ОХУ хүний амь аварч буй сайн дурынханд халдахын тулд үнэнийг гуйвуулдаг” гэж үздэгээ тэрбээр илэрхийлэв.
Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвийн тэмдэглэснээр энэ сарын 9-нөөс “Цагаан дуулгууд” Сирийн Хан-Шейхун хотод үдэш бүр жирийн 30 орчим иргэн, тэдний дотор 8-12 насны хүүхдүүд оролцуулан химийн зэвсгийн халдлага үйлдэж буй тухай зохиомол дүрс бичлэгийн сургуулилалт хийдэг болжээ. “Тэгэхдээ цагаан дуулгатнууд террористуудтай хамтран Сирийн армийг химийн халдлага үйлдсэн мэтээр буруутгахын тулд ашиглах дүрс бичлэгт оролцсон хүмүүст хлор бүхий химийн зэвсэг хэрэглэх гэж байна” хэмээн дээр дурдсан төвөөс мэдээлсэн байна.
Тодруулбал, Алеппо мужийн Зайтан, Зерба, Берна суурингийн 22 хүүхэд эцэг, эхийн хамт босогчдын “жүжигт” оролцож буй аж. “Зураг авалтын үхлийн хэсэгт оролцох, дүрвэгсдийн хуарангаас хулгайлсан өнчин хүүхдүүд одоо террорист “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн хяналтад байдаг “Икаб” шоронд хоригдож байна” гэж Оросын цэргийнхэн мэдээлжээ. Идлиб мужийн оршин суугчдын мэдээлснээр химийн зэвсгийн халдлагад бэлтгэж буй шинж тэмдэг Кфар-Зайта сууринд илэрсэн.
Өдөөн хатгалгад ашиглах хортой бодисуудыг Кфар-Нбуда, Калаат-эль-Мудик суурин руу аваачсан гэнэ. Хлор бүхий хордуулагч бодис нь дайсны амьд хүчийг устгах зориулалттай химийн хортой нэгдэл юм. Уг бодис нь арьс, амьсгалын болон хоол боловсруулах эрхтнээр дамжин хүний биеийг хордуулдаг бөгөөд химийн зэвсгийн гол элемент аж. Ийм бодисыг анх дэлхийн I дайны үед хэрэглэж байжээ.