Европын урлагийн хамгийн том наадам болох “Eurovision”-ий 2018 оны ялагчаар дуучин Нетта Барзилай “Тоглоом” дуугаараа тодорсон билээ. Тиймээс дүрэм ёсоор ялагчийн эх орон Израиль ирэх жилийн наадмыг зохионо. Гэтэл “Eurovision-2019” Израилийн аль хотод зохиогдох нь тодорхойгүй боллоо. Учир нь тэмцээнийг зохион байгуулагч EBC байгууллага албан ёсны Facebook хуудсандаа “Ирэх жилийн наадмыг тэсэн ядан хүлээж байна уу? Бид ч гэсэн. Гэхдээ Иерусалим хот руу нисэх онгоцны тасалбараа захиалахаа түр азнаарай. Наадам хаана, хэзээ болохыг бид удахгүй мэдээлэх болно” гэсэн мэдэгдлийг гаргалаа.
Ирэх жилийн наадам хаана болох нь тодорхойгүй байгаа нь Израилийн нийслэлийг тойрсон асуудалтай холбоотой аж. АНУ, Гватемал, Парагвай улсууд Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөнөөс үүдэн олон улсыг хамарсан маргаан үүсээд байгаа юм. Гэтэл Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн улсын дуучинг “Eurovision”-д түрүүлсэн даруйд 2019 оны наадмыг Иерусалим хотод хийхээ зарласан нь тус тэмцээнийг зохион байгуулагчдыг хүнд байдалд оруулжээ. Заавал нийслэлд зохионо гэсэн заалт наадмын журамд байхгүй тул тухайн орон аль хотоо сонгохоо өөрсдөө шийддэг. Ингэхдээ EBC-тэй урьдчилан тохирсон байх ёстой аж. Гэтэл Нетаньяху энэ журмыг зөрчин Иерусалимыг түрүүлж зарласнаас болж Европын урлагийн тэргүүн наадам хаана зохиогдох нь ийнхүү тодорхойгүй болжээ. Дүрэм ёсоор наадмыг зохион байгуулахаар сонгогдсон хотыг EBC онцгой тохиолдолд цуцалж болох заалттай ажээ.