Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж байгаатай холбогдуулан сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болон үйлдвэрлэх бололцоо бүхий 8 үйлдвэр болон “ Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-ний 2 уурхайтай газар дээр нь очиж танилцсан байна.
Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, “Монгол шахмал түлш нэгдэл”-д гишүүнээр элссэн 11 аж ахуй нэгж жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Мөн Дулааны II цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан гэдгийг танилцууллаа.
Нийслэлийн нийтийн тээврийг эко болгох ажлын хүрээнд “Эрдэм транс” ХХК нь байгалийн шатдаг хийгээр ажилладаг тэжээлийн системтэй 6 автобусаар үйлчилж эхэлсэн. Цаашид ч энэ ажлыг эрчимжүүлэх бололцоотой гэдгийг хэллээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлууд тодорхой үр дүнгээ өгч байгаагийн зэрэгцээ хяналт мониторинг сайн хийгдэж байна гэдгийг Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.