Төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал хэлбэрээр 300 мянган төгрөг олгохоор болсон ч Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад үүнээс хувь хүртээхгүй гэж шийдвэрлэсэн. Үүнийг Өрхийн эрүүл мэндийн ажилтнууд эсэргүүцэн, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар тэргүүтэй хүмүүс уржигдар хэвлэлд хандаж, энэ сарын 8-нд ЭМЯ-ны гадна талбайд эсэргүүцлийн жагсаал хийгээд, цаашид ажил хаяна гэж мэдэгдэн шаардлага хүргүүлсэн.
Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өрхийн эмнэлгүүд орон нутгийн өмчид тулгуурласан нөхөрлөл учраас төрийн албан хаагчийн адил урамшуулал авах хуулийн боломжгүй. Гэхдээ Засгийн газраас эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 8-50 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр даваа гаригт гаргасан.
2018 онд Өрхийн эрүүл мэндийн санхүүжилт 2014 оноос хойш анх удаа 15- 45 сая төгрөгөөр нэмэгдлээ. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгсөнд харамсаж байна” гэжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгох зарим санхүүжилт энэ сарын 10-ны дотор орох аж.