Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх байраа энэ сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа билээ. Тиймээс эмнэлгийн бүх албан хаагчид дор бүрнээ хичээн ажиллаж, үндсэн ажил, үүргээсээ гадна цэвэрлэгээний ажилд ч ханцуй шамлан ороод байгаа. Хэвтэн эмчлүүлэх байр ашиглалтад орохтой холбоотой багаж, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл гээд шаардлагатай зүйл их бий.
Өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эм зүйн албанаас бусад тасаг, нэгжүүддээ уриалга гарган, хандивын “Challenge”-ийг эхлүүлж, 4 ширхэг цэвэрлэгээний тэргэнцрийг Үйлчилгээний албанд бэлэглэлээ.
Эм зүйн алба өнгөрсөн есдүгээр сард “Эмийн жор ба эрх зүйн баримт бичиг” нэртэй гарын авлагыг Мэдээлэл, технологийн албатай хамтран гаргасан. Уг номыг хот, орон нутгийн нийт 19 эмнэлэгт 300 ширхэгийг борлуулж, түүнээс олсон ашгаараа 4 ширхэг цэвэрлэгээний тэргэнцэр авсан аж.
Харин үргэлжлүүлэн уг “Challenge”-д гэмтлийн болон дотрын нэгдүгээр тасгийн хамт олон дуудагдлаа. “Challenge” үргэлжилсээр…