Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгүүдийг чадавхжуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн I амбулаторийг Хүртээмжтэй нөхөн үржихүйн кабинет, дасгалын өрөөтэй болгов.
Финландын Засгийн газрын Флом олон улсын байгууллагаас уг төслийг санхүүжүүлж буй. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаар судалгаа хийж буй.
Уг судалгаагаар “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эрх ихээхэн зөрчигддөг. Эмнэлгийн зориулалтын ор, хэрэгсэл нэг ч байхгүй” гэсэн дүгнэлт гарчээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ойлголт мэдлэг дутмаг гэнэ. Товчхондоо, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 80-90 орчим хувь нь эмнэлгийн үзлэг, үйлчилгээнд хамрагдаагүй 20-30 жил болсныг ХЭҮК онцоллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн кабинет олон үйлдэлтэй, эмэгтэйчүүдийн үзлэгийн ортойгоос гадна дасгал хөдөлгөөн хийх аппаратуудтай. Түүнчлэн тэргэнцэртэй жирэмсэн ээжүүд суугаагаараа жингээ үзэх боломжийг уг кабинетад бүрдүүлжээ. Одоогоор улсын аль ч эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан тусгай ор, жин, дасгалын тоног төхөөрөмжгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд нээгдсэн уг кабинет анхдагч болов. Тиймээс уг кабинет аймаг, дүүрэг харгалзахгүй үйлчилгээ үзүүлнэ.