Хүйтний эрч чангарч, утааны улирал эхэлсэн энэ үед томуу, томуу төст өвчин ихэсдэг. Нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор өнгөрсөн долоо хоногийн байдлаар үйлчлүүлэгсдийн 4.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй байна. Энэ нь томуугийн идэвхжил нэмэгдэж буй гэсэн үг аж. Уг өвчнөөр өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 0-9 насны хүүхэд бол тэдний 38-42 хувийг 2-4 насныхан эзэлж байна. Уржигдрын байдлаар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 895 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 640 нь амьсгалын замын өвчтэй байжээ.
Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал гурван хувиар хэтэрсэн гэнэ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Баатарсүхээс тодруулахад “Хүүхдийн орны тоог нэмэгдүүлэхийн тулд хоёр төрлийн зохицуулалт хийж байна. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт 60, Налайхад 50 хүүхдийн ортой хүүхдийн тасаг нээсэн. Удахгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 100 ортой тасгийг ашиглалтад оруулах гэж байна. Мөн насанд хүрэгчдийн орыг хүүхдэд шилжүүлэх зэргээр эмнэлэг дотроо зохион байгуулалт хийж байгаа” гэв.
Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 51 мянга гаруй хүн томуугаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэжээ. Энэ вакцин нь А, В хүрээний томуугийнх учраас бусад вирусээр үүсгэгдсэн томуу төст өвчнөөс сэргийлэхгүй аж. Тиймээс уг вакциныг тариулсан ч уушгины хатгалгаа болохыг үгүйсгэхгүй байна. Агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг цэцэрлэгийн хүүхэд, жирэмсэн эхчүүд зэрэг зорилтот бүлгээс бусад бага насны хүүхэд, насанд хүрэгчид ХӨСҮТ-д хандан, уг вакциныг төлбөртэй хийлгэж болно.