Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр 2015 онд шалгаран, өөрийн нэрийн “O couture” брэнд гаргаж, амжилттай яваа авьяаслаг бүсгүй Д.Отгонжаргалтай ярилцлаа.
Бүсгүйчүүдэд зориулан ур, ухаанаа шингээн, тансаг зэрэглэлийн, цор ганцхан даашинз урладаг тэрбээр тун удахгүй загварын шоу зохион байгуулж, шинэ бүтээлүүдээ толилуулахаар зэхжээ.
-Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд “O couture” загварын шоугаа дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жил ямар онцлогтой, хэдэн цуглуулгын хэчнээн даашинзаар бүсгүйчүүдийн нүдийг хужирлах гэж байна вэ?
-Тоглолт зохион байгуулах, загваруудаа бэлэн болгох ажил ид дундаа өрнөж байна. Загвар зохион бүтээгч нар жил бүр бүтээлээ олонд танилцуулахыг эрмэлздэг байх. Би ч энэ хүсэлдээ хөтлөгдөн “O couture” шоугаа гурван жилийн өмнөөс зохион байгуулсан.
Шоу бүртээ шинэ, содон зүйлийг үзэгчдэд хүргэхийг зорьдог. Гоёлын даашинз дахин давтагдашгүй, маш чамин байх хэрэгтэй. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, онцлогийг тансаг даашинзаар улам тодотгохыг би хүсдэг юм.
Энэ жил гоёлын даашинзанд үндэсний хэв шинж оруулж, илүү тансаг бүтээлийг бүсгүйчүүддээ үзүүлэхээр бэлтгэж байна. Шоу үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт үндэсний хаут кутюр, коктейль даашинзууд, дараагийн хэсэгт гоёлын даашинзууд үзүүлэх юм.
-Өнгөрсөн жилийн шоундаа та даашинзаас гадна өөрийн брэндийн гоёл чимэглэлүүдийг танилцуулсан. Тухайлбал, танай брэндийн гаргасан чихний гоёл тренд болсон шүү дээ.
-Энэ жил үндэсний хэв шинж агуулсан даашинзууд танилцуулах болохоор түүнд тохирсон толгойн гоёлыг мөн урлаж байна. Энэ нь давхар утга санаатай л даа.
Бид “O couture” загварын шоугаа ӨМӨЗО-ы Хөх хотод мөн үзүүлэх юм. Ирэх сараас тэнд нэрийн дэлгүүрээ нээхээр зэхэж буй.
-Загвар зохион бүтээгч нар эрэгтэй, эсвэл ажил хэрэгч хувцас гэхчилэн аль нэг төрлийг дагнан урладаг.
Тэдгээр төрлүүд дотроос хаут кутюр төрөл нь гар ажиллагаа ихтэй, хамгийн ярвигтай нь. Та яагаад энэ төрлөөр дагнан урладаг юм бэ?
-Би ярвигтай зүйлийг барьж аван, заавал ард нь гарч байж санаа амардаг зантай. Оюутан байхаасаа л энэ төрөлд дурласан. Миний хувийн зан чанартай ч холбоотой байж мэднэ.
Яагаад ч юм загварын энэ төрлөөр урлах нь бусдаасаа илүү “амттай” байдаг. Дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Александр Маккуйны бүтээл бүрийг биширдэг байлаа. Түүний дотоод ертөнцөө бүтээлдээ хэрхэн илэрхийлдэг нь хамгийн сонирхолтой.
Одоо л сонгосон энэ төрлийнхөө учрыг олж, арай дадаж байна даа. Суралцах зүйл ч нэлээд байна.
-Бүтээлүүддээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?
-Шинэ цуглуулга гаргахынхаа өмнө би юу хийж үзээгүй билээ, юу хийх ёстой вэ гэж их боддог. Өмнө нь урлаж үзээгүй арга барилаар, сонирхолтой шийдэлтэй даашинз урлахыг хичээдэг. Дараа жил гаргах шинэ цуглуулгынхаа загваруудыг аль хэдийнэ дотроо бодож, төлөвлөчихсөн л сууна.
-Яагаад загвар зохион бүтээгч болохоор шийдэв. Багаасаа зурах дуртай, гарын уртай байсан уу?
-Хүүхэд байхаасаа л зурах, бүтээх дуртай байлаа. Энэ хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн мэргэжлээ сонгосон. Хэрвээ би энэ мэргэжлээ сонгоогүй бол гэж бодож байгаагүй шүү. Нэгэн хэвийн, тогтмол ажил хэзээ ч хийж чадахгүй байх.
-Сүүлийн үед хувцас захиалгын газар олширч байна. Хүмүүс ч загвар зохион бүтээгч, оёдолчныг эндүүрч, энэ нь загвар зохион бүтээгчдийг үнэгүйдүүлж буй мэт санагддаг.
Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Үгүйсгэх аргагүй л дээ. Тэдгээр газар ажиллаж буй оёдолчид ч гэсэн чадвараа ашиглан амьдрах л гэж зүтгэж байгаа шүү дээ. Харин ч тэд нар ажиллаж байж хүмүүс бидний ажил, мэргэжлийн ялгааг илүү ойлгох болов уу.
-Таны зохиож, урласан бүтээлийг хэн нэгэн дуурайлган оёж ашиг олох нь танд харамсалтай санагддаггүй гэж үү?
-Хямд эд байж гэмээнэ үнэт зүйлс улам тод гялалзана шүү дээ. Гэхдээ энэ асуудалд нэг их ач холбогдол өгдөггүй ээ. Тэд тэгж л хоолоо олж иддэг шүү дээ. Өөгшүүлж байгаа юм биш. Би жилд зургаан цуглуулга гаргадаг.
Нэг цуглуулга нь дор хаяж 30 гаруй шинэ загварын хувцастай. Ингээд бодохоор жилд 200 гаруй шинэ загвар зохиодог. Тэдгээрээс дор хаяж арваадыг нь дуурайлгаад оёчихсон л харагддаг.
Уг нь зохиогчийн эрх гэж ярих ёстой. Гэхдээ би эсэргүүцлээ, тэмцлээ гээд манайд зохиогчийн эрхийг үнэлж, хамгаалж чаддаг ч биш дээ.
-Та Урлах эрдмийн дээд сургуулийн “бүтээгдэхүүн”. Төгссөн сургуульдаа нэлээд хэдэн жил багшилсан санагдана.
Уран бүтээлч хүн багшаар удаан ажиллахад хэцүү юү?
-Төгссөн сургуулиараа бахархдаг. Сургуулийнхаа тухай ярих ч дуртай. Монголын хувцас загварын салбарт ажиллаж буй боловсон хүчний олонх нь Урлах эрдмийн дээд сургуулийн төгсөгч. Сургуулиа төгсөнгүүтээ багшаар үлдэж, есөн жил ажилласан.
-Есөн жилийн хугацаанд хэчнээн шавьтай болсон бэ?
-Нарийн тоо гаргаж байгаагүй юм байна.
-Жинхэнэ загвар зохион бүтээгч болох, эсвэл сонирхож байгаад орхих хүүхдүүд харваас андашгүй юү?
-Мэдэгддэг шүү. Хэдийгээр жилд 40 шахам оюутан элсэн орж ирдэг ч, тэднээс нэг юм уу, хоёр нь л жинхэнэ загвар зохион бүтээгч болох авьяастай, мэдрэмжтэй, бүтээлч, тууштай, өөрийн үзэл бодол, онцлогтой хүүхэд байдаг. Их цөөн тоо л доо. Гэхдээ үнэн шүү.
-Ямар үед бүтээлийн шинэ санаа тасралтгүй төрдөг вэ. Зарим үед толгой ажиллахгүй гацах тохиолдол бий биз?
-Хэдэн жилийн өмнө бол сайхан хөгжим сонсож өөрийгөө хөглөж, тэндээс бүтээлийн санаа олдог байлаа. Анх ханьтайгаа танилцах үед догдолсон сэтгэлдээ хөтлөгдөж гаргасан олон загвар надад бий.
Одоо бол арай өөр болчихжээ. Аль болох тайван, тухтай орчинд ажиллахыг эрхэмлэх болсон. Урлан дээрээ ирээд өрөөгөө сайхан цэвэрлэчихээд цэгцтэй нөхцөлд ажиллах дуртай.
-Гурван жилийн өмнө “Гоёл” наадам, “Торго” салоны шоу гэхчилэн загварын цөөхөн хэдэн шоу болдог байлаа.
Нэг загвар зохион бүтээгч бие даасан шоугаа хийж, бүтээлээ толилуулсан тохиолдол бараг үгүй. Анх “O couture” шоугаа хийхдээ эмээгээгүй юү?
-Эмээлгүй яах вэ. Гэхдээ би гоё, шинэлэг загварууд зохиож чадах болов уу гэдэгт эргэлзээгүй. Харин шоугаа сайн зохион байгуулж, үзэгчдэд хүргэж чадах болов уу л гэж эмээсэн. Үүнийг дагаад мөнгө, санхүүгийн асуудал яригдана шүү дээ. Энгийн нэг шоу хийхэд 30 шахам сая төгрөг зарцуулдаг.
Тансаг, дээд зэрэглэлийн шоу зохион байгуулахад түүнээс даруй хоёр, гурав дахин илүүг зарцуулах нь ойлгомжтой. Хүн үзэх болов уу, шатчихвал яана даа гэхчилэн өөртөө ч итгэхгүй эмээсэн үе бий бий. Харин загварын бие даасан шоу хийнэ гэж зориглоход нөхөр минь надад итгэж, арын албаны бүх ажлыг хариуцсан.
Анхны, дараа дараагийн шоу маш амжилттай болсон. Одоо бол айдаггүй. Ханьдаа найддаг, итгэдэг болохоор эмээхээ больчихсон шүү. Чадварлаг, санаа нийлсэн баг ажилладаг учраас бид жил бүр шоугаа амжилттай хийгээд дадчихлаа.
-Олон улсын уралдаанд оролцож буй миссүүд, гадаадын томоохон наадмын улаан хивсэн дээр алхах жүжигчин, дуучид гээд олны танил эрхмүүд ихэвчлэн таны урласан даашинзаар гангардаг юм билээ. Тэр хэрээр их үнэтэй байж таарна даа.
-Манайх дээд зэрэглэлийн, тансаг ангилалын брэнд. Тийм ч болохоор маш их цаг хугацаа, ур ухаан, хөдөлмөр зарцуулж даашинзуудаа урладаг. Тэр хэрээр бусдаас арай үнэтэй.
Миний урласан даашинзыг зөвхөн мөнгөтэй хүмүүс биш, дундаж орлоготой эмэгтэйчүүд ч өмсөөсэй гэж хүсдэг. Тиймээс ирэх жилээс эхлэн тэдэнд зориулан даашинз урлаж, хямд өртгөөр худалдаанд гаргахаар зэхэж байна.
Ингэхийн тулд үйлдвэрээ өргөжүүлэхээр төлөвлөсөн.
-ӨМӨЗО-ы Хөх хотод салбар дэлгүүрээ нээж, загварын шоугаа хийнэ гэж хэлсэн. Урд хөршид манай загвар зохион бүтээгчдийн бүтээл, тэр дундаа хаут кутюр төрлийн даашинзыг хэр сонирхдог юм бэ?
-Маш том зах зээлд хөл тавих гэж байна. Манай загвар зохион бүтээгчдийн үндэсний хувцас болоод энэ хэв шинжийг агуулсан бүтээлийг их сонирхдог шүү.
-Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарснаасаа хойш та олон улсын наадам, уралдаанд оролцоогүй. Яагаад?
-Би ер нь өрсөлдөж, уралдах дуртай хүн биш ээ. Уг нь саналууд ирдэг юм. Дахиж энэ төрлийн уралдаанд оролцохгүй.
-Ярилцлагын сэдвээ жаахан өөрчилье. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би долоон хүүхэдтэй айлын дундах нь. Гурван ах, нэг эгчтэй, хоёр дүүтэй.
-Хүүхэд нас тань хаана өнгөрсөн бэ?
-Хотын унаган хүүхэд. Намайг багад манайх 120 мянгатад байсан. Гуравдугаар ангид орсон жил XIII хороолол руу нүүж, тэнд өссөн дөө.
-Олуулаа бужигнаж өссөн болохоор сахилгагүй охин байв уу. Охид багадаа хүүхэлдэй өлгийдөж, түүндээ даашинз урлаж тоглодог шүү дээ.
Үеийн охидоосоо илүү авьяастай байсан уу?
-Олон хүүхэдтэй айлд өссөн болохоор хүссэнээ авахуулж, дураараа загнаж өсөөгүй ээ. Тэглээ гээд буруудсан зүйл алга. Бага байхад ээж минь модоор хүүхэлдэй хийж өгдөг байв. Түүндээ хувцас хийж тоглодог сон.
Жаахан томроод зузаан порлооноор хүүхэлдэй хийж, түүнийгээ гангалдаг. Охид бүрт л, өөрөө юм урлаж, хийх гэсэн сониучхан үе байдаг байх.
Одоо миний охин яг тийм насандаа яваа. Яаж сэтгэсэн юм бол оо гэж гайхмаар хөөрхөн даашинз барбиндаа урласан байдаг шүү.
-Таны хань, загвар өмсөгч Э.Энхболдыг хүмүүс андахгүй. Гэр бүлээрээ энэ салбарт ажиллахад хэцүү юү. Эсрэгээрээ нэгнээ илүү ойлгож, дэм болдог болов уу?
-Харин ч амар санагддаг. Өөр салбарт ажилладаг байсан бол нэгнийхээ мэргэжлийн онцлогийг ингэтэл ойлгоо ч уу, үгүй ч үү.
-Загвар зохион бүтээгч хүмүүсийг хувцас худалдаж авдаггүй байх гэж боддог шүү. Та өөртөө, гэр бүлийнхэндээ зориулж зөндөө хувцас урласан байх даа?
-Зөндөө. Сүүлийн таван, зургаан жил өөртөө хувцас худалдаж аваагүй санагдана. Дэлгүүр хэснэ гэдэг надад мөнгө, цаг үрсэн ажил. Тэгээд ч санаанд таарсан хувцас олддоггүй.
Өөрийнхөө биед, санаанд тохирсон хувцсыг урлаад өмссөн нь надад амар байдаг. Хань, хүүхдүүддээ ч хувцас урладаг. Гэхдээ байнга биш ээ.
-Танайх охин, хүүтэй. Түрүүн та охиноо өөрийн тань хүүхэд үеийнхтэй ижил сонирхолтой гэсэн. Яваандаа загварын ертөнцөд хөл тавихаар шийдвэл эсэргүүцэх үү?
-Хүү минь арай балчир байна. Охин минь том болоод шүдний эмч болно гэж ярьдаг. Жаахан томроод сонирхол нь хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй. Хүү, охиноо энэ салбарт ажиллахаар шийдвэл дэмжинэ ээ. Яагаад болохгүй гэж. Үнэхээр авьяастай, түүндээ сонирхолтой бол хүссэнээ хийг.