ГССҮТ-ийн эмч нар Өвөрмонголын Ши Зуан эмчтэй хамтран сарвууны тасарсан хэсгийг залгах мэс засал хийлээ. Урьд нь манай улс биеийн тасарсан эд эрхтний хэсгийг залгах мэс ажилбар төдийлөн хийдэггүй, хийсэн ч үр дүн муутай байж. Харин тус төв эмч, ажилтнуудаа чадавхжуулах бодлогын хүрээнд гар сарвуу, бичил мэс заслын тасгийн эмчээ Өвөрмонголын үндэсний их сургуулийн харьяа эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулжээ.
Ши Зуан эмч ирэх арванхоёрдугаар сарыг дуустал тус төвд ажиллаж, мэс засал хийсэн өвчтөний биеийн байдлыг хянан, эмчилгээний үр дүнг харах гэнэ. Ийм мэс ажилбарын өртөг БНХАУ-д 10-15 орчим сая төгрөг бол ГССҮТ үнэ төлбөргүй хийх юм байна.
Дашрамд дуулгахад, тасарсан эд эрхтэний хэсгийг 6-8 цагийн дотор 2-4 градусын, мөстэй саванд хадгалан эмнэлэгт авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой гэж эмч нар үздэг аж.