Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан А.Пунсагтай ярилцлаа.
Тэрбээр амьдралынхаа 40 жилийг Чингис хаан судлалд зориулжээ. Их хааны жинхэнэ хөргийг хэдийд анх олсон, өдгөө хаана хадгалагдаж буй зэрэг сэдвээр бидний яриа өрнөсөн юм.
-Таныг судалгааныхаа чиглэлээр нэлээд арвин цуглуулгатай болсон гэж дуулсан.
-Миний судалгааны үндсэн чиглэл Их Монгол Улсаас Монголын эзэнт гүрний үе, тэр тусмаа Чингис хаан, Хубилай хааны үеийн түүх юм. Үүний дагуу Монголын нууц товчоо, монголчуудын ёс заншлын тухай судалдаг.
Чингис хааны түүхтэй холбоотой, байж болох бүгдийг цуглуулсан. Ном товхимол гэхэд хоёр өрөө дүүрчихээд байна. Их хааны нэртэй хивс, архи, аяга, зоос, хуанли, хааны хөрөг бүхий марк, тэмдэг, зүүлт, зураг гээд бүгд бий.
-Чингис хааны хөргийг хэдийд, хэрхэн бүтээсэн талаар түүхэн эх сурвалжуудад юу гэж тэмдэглэсэн байдаг юм бол?
-Чингис хаан баруун Тангад улсыг дайлж яваад 1227 онд таалал төгссөн. Их хааныг таалал төгссөний дараа монголчууд уламжлалт ёс заншлаараа эх нутагт нь авчирч оршуулсан тухай Судрын чуулган, Юань улсын судар, Хятадын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
Чингис хааныг эх нутагт нь авчирч онголохдоо алтаар хөргийг нь бүтээж, дөрвөн их ордонд залсан тухай түүхэн сурвалжуудад бий. Чингис хааны тахилгын үндэс суурь үүнээс бий болсон. Тодруулбал, Хубилай хаан 1260 онд хаан суугаад өнөөгийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шанду голын хөвөөнд буюу Бээжинд нийслэлээ байгуулсан.
Тэнд Бумбан толгой гэх газарт дээдсийн тахилгаа хийж байсан. Юань улс бүх Хятадыг эзэлсний дараа 1276 онд улсын нэрээ Их Юань болгон өөрчилж, нийслэлдээ Есүхэй баатар болон Чингис хааны тахилга бүхий найман орд байгуулжээ. Энэ үедээ тахилгын шүтээн хөрөг бүтээсэн тухай Юань улсын сударт тэмдэглэсэн байдаг.
...Чингис хаан хэдийгээр бусад угсаатны шашин шүтлэгт хүндэтгэлтэй, тэгш ханддаг байсан ч библи барьж, зуруулах язгууртан биш. Чингис хаан бөөгийн шүтлэгтэй, тэнгэртэй харилцдаг дээд хүн. Тэгээд ч Христосын шашны урсгал тухайн үед нэвтрээгүй, монголчуудын ахуй соёлд байгаагүй...
-Хөргийг нь зурсан хүний талаар түүхэн баримт байдаг уу?
-Монголын тухайн үеийн нэртэй зураачдыг цуглуулж шалгаруулаад Хори Хасун гэх хүнийг сонгож, Чингис хааны хөргийг тусгайлан зуруулсан гэдэг. Өвөрмонголын нэрт эрдэмтэн Сайшаалын судалгаагаар 1987 онд олны хүртээл болсон “Чингис хааны товчоон” гэсэн томоохон бүтээлд Чингис хааны эш хөргийн (эш хөрөг гэж анхны буюу үндсэн хөргийг хэлнэ) талаар тодорхой баримттай бичсэн.
Үүнд бичсэнээр өдгөө БНХАУ-ын Түүхийн музейд байгаа Чингисийн хөрөг нь XIII зууны үеэс уламжлагдан ирснийг цаас, өнгө будаг, бэх зэргээр олон талаас судалж, баталсан талаар уг бүтээлд өгүүлжээ. XIX зууны эхээр их бужигнаан болж Манж Чин улсын ноёрхлыг Монгол Улс түлхэн унагаасан. Гэвч дараа нь 1920 онд Хятад манайхыг хэсэгтээ дарангуйлж, Гоминданы Засгийн газар гэгчийг байгуулан хоёр жил болсон.
Энэ үед Гоминданы Засгийн газарт ажиллаж байсан генерал монгол язгууртнаас Чингисийн хөрөг бэлгэнд авсан байдаг. Үүнийгээ хүүхдэдээ захиж өвлүүлсэн гэдэг юм. Генералын үр хойчис болох Хэбэй мужид амьдардаг Чинь Хуан гэдэг хүн 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгчээ.
Монголын нэрт эрдэмтэн, археологич Да.Баяр чулуун хөрөг судалдаг. XIII зууны үед бүтээсэн, монгол язгууртны чулуун хөрөг Шилийн гол аймгийн Шанду болон Сүхбаатарын Дарьгангаас 30 орчим олдсон. Да.Баяр гуай тэдгээр олдворыг судлаад Сайшаалын номд бичсэн баримт үнэн хэмээн нотолжээ.
Бээжингийн Түүхийн музейд хадгалагдаж буй язгууртны эш хөрөг бол Хори Хасуны зурсан Чингис хааны жинхэнэ хөрөг гэдгийг Да.Баяр гуай “Монголын чулуун хөрөг” номдоо тодорхой бичсэн. БНХАУ-ын түүхийн музейд хадгалагдаж буй эш зургийн дээрх хувцас загвар, үс засалт хэв маяг нь археологийн баримтаар олдоод байгаа язгууртны хүн чулуутай тохирч байна гэж үзсэн.
-Дээр дурдсанаас өөр хөрөг олдсон уу?
-Эрдэмтэд Чингис хааны эш хөрөг дэлхий дахинд хоёр байгааг тогтоосон. Чин улс Мин улсыг эзлэх үед Бээжингийн эртний эдлэл хадгалдаг газраас 500 гаруй хааны хөргийг шатаалгүй авч үлдсэн байдаг. Үүний дотор Чингис хааны бас нэг хөрөг байжээ. Энэ зураг өдгөө Тайваньд хадгалагдаж буй. Тэмгэт хэмээх харчин хүн 1925 онд Тайваньд байгаа уг хөргийн зургийг нь авч олшруулсан.
Мөн 1926, 1927 онд дахин олшруулж хэвлэсэн гэдэг. Олшруулсан хувилбарын нэг, нэг хувь манай Үндэсний түүхийн музей, Төв номын санд бий. Бас Төрийн ордонд байдаг. Хувь хүмүүст ч бий байх. Тайвань, Хятад хоёр өөрт байгаагаа манайх анхны гэж маргадаг юм гэсэн. Тайвань “Манайх Чин улсын үеэс уламжлагдаж ирсэн анхны хөрөг” гэдэг бол Хятадууд “Манай хөрөг хожуу олдсон боловч Ар Монголын язгууртнаас авсан жинхэнэ нь” гэдэг юм.
Хоёр хөрөг хоорондоо их төстэй. Нөгөө талаар аль аль нь жинхэнэ хөрөг байх талтай. Тахилгад зориулж нэг зураад, үр хойчид нь үлдээхээр дахин нэгийг зурсан байх.
Ямартай ч аль аль нь судлагдахуунаараа XIII зууны үед хамаарах нь батлагдсан. Юань улсын үед Чингисийн хөргийг зурах зарлиг буулгасан нь түүхэн сурвалжуудад тодорхой бий.
-Хүмүүс Өвөрмонголын Ордост Чингис хааны онгон бий мэтээр ойлгодог. Уг нь түүхэн сурвалжуудад Чингис хааныг Монголд авчирч хөдөөлүүлсэн гэж гардаг.
-Бээжинд Чингис хааны тахилга бүхий найман орд байгуулсан гэж дээр ярьсан. Батмөнх даян хааны үед Монголын хаадын ноёрхол өөр газарт шилжихтэй зэрэг Ордост бүх ястан үндэстнээс бүлэг хүмүүсийг 500 дархадтайгаар үлдээж, Чингисийн шүтээн газрыг дахин байгуулсан. Энэ бол шүтээн онгоны газар болохоос биш, цогцос нь байгаа газар биш.
Бөөгийн онгод гэж ярьдаг нь шүтээнийг хэлж байгаа хэрэг. Их хааны жинхэнэ бие цогцос бол яахын аргагүй Монголдоо шингэсэн. Хүмүүс онгон гэхээр орчин үеийн буруу ойлголтоороо булш байгаа газар гэж боддог. XIII зууны үеийн үг хэллэг өнөөдрийн төв халх аялгаас өөр л дөө. Ордост байгаа орд бол шүтээн тахилгын газар юм.
-Саяхан БНХАУ-ын Фузянь мужийн Сяо Мэн хотод зохиогдсон Хятад, Тайванийн соёлын арав дахь удаагийн үзэсгэлэнд, Чингис хааны хоёр хөргийг дэлгэлээ гэх мэдээлэл тархсан нь олны анхаарал татаж байна.
Чингис хаан судлаачийн хувиар та үүнийг сонирхсон байх.
-Миний судалгааны үндсэн чиглэл бол Чингис хаан гэдгийг дурдсан. Их хааны талаарх олон улсад гарсан мэдээ нэг бүрийг алгасахгүй сонирхдог.
Энэ үүднээсээ тухайн мэдээллийг сонирхож, зургийг цахим ертөнцөд гарсан даруйд нь харахад энэ хоёр хөрөг Чингис хааных биш нь мэдэгдсэн.
-Ямар учраас шууд биш гэж дүгнэж байгаа юм бэ?
-Зургаас харахад перс хивсээр чимсэн арьсан дээр нэг өтөл хүний хөрөг байсан. Араб юм уу, перс хүний ерөнхий дүр харагдсан. Нэг нь таяг тулж, библи барьсан маягтай. Нөгөөх нь сууж буй дүрс буулгасан байна билээ. Энэ бол яагаад ч Чингисийн хөрөг биш.
Их хааны хөргийг янз бүрийн угсаатан олон төрхөөр дотроо төсөөлөн зурж болно. Хамгийн гол нь XIII зууны үеийн хөрөг бол арьс боловсруулсан аргаасаа мэдэгдэнэ. XIII зуунаас өнөөдрийг хүртэл уламжлагдаж ирсэн арьсны элэгдэл өөр. Гэтэл Чингисийн хөргийг буулгасан гэх тэрхүү арьс нэг хэсэгтээ шинэ, нөгөө хэсэгтээ хуучирсан янзтай. Энэ бол байж боломгүй зүйл.
Тэгш хэм дээр зурсан зүйл өнгөө алдвал жигд элэгдэх ёстой. Чингис хаан хэдийгээр бусад угсаатны шашин шүтлэгт хүндэтгэлтэй, тэгш ханддаг байсан ч библи барьж, зуруулах язгууртан биш. Чингис хаан бөөгийн шүтлэгтэй, тэнгэртэй харилцдаг дээд хүн.
Тэгээд ч Христосын шашны урсгал тухайн үед нэвтрээгүй, монголчуудын ахуй соёлд байгаагүй. Их хаанаас хойших гурав, дөрөвдүгээр үеийн үр хойчис нь Христосын нийтлэг соёлд автсаныг түүхэнд өгүүлдэг. Дээр нь ямар нэг тайлбаргүй. Олдсон газар орон нь тодорхойгүй байсан.
-Тухайн зургийг олон улсын эрдэмтэд олзуурхаж, сонирхож байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд гарсан байсан.
-Дэлхийн олон орноор хэрж, ховор үнэт зүйл цуглуулдаг гэх Тайванийн бизнесмэн Сюй Бө И дээрх хоёр зургийг Иран, Узбекистаны завсар орших нэгэн тосгоны үнэт эдлэлийн дэлгүүрээс олсон гэж мэдээлсэн байсан.
Энэ нь тухайн зургийг Чингисийн жинхэнэ хөрөг гэсэн баталгаа болохгүй. Америк, Япон, Хятад, Өвөрмонголоос тухайн үзэсгэлэнд оролцсон эрдэмтэд ямар сонин юм гэж гайхснаас биш, судалж үзсэн, нотолсон, баталсан гэх зүйл байгаагүй.
Тэгэхээр Тайванийн алдарт цуглуулагч гэх Сюй Бө И ашиг хонжоо олох гэсэн үү, олсон хөрөг зургаа олон нийтэд хүргэж, нэр алдар олохын тулд, эсвэл худал дуулиан болгох зэрэг ямар нэг тодорхой зорилгоор Чингисийн хөрөг гэсэн байх.