2020 оны Токиогийн зуны олимпын наадам эхлэх мөч хором хормоор ойртсоор. Он гараад олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүд эхэлнэ. Спорт зөвхөн биеийн тамир байхаа больж мэргэжлийн түвшинд хөгжин, улс орнууд хүн төрөлхтний энэхүү их баяр цэнгэлд эртнээс бэлддэг болжээ. Монголчуудын хувьд ч энэ чиг хандлагаас хоцрохгүйг хичээсээр ирсэн.
Үүний нэг илрэл нь шигшээ багтаа тавьж буй төрийн бодлого, анхаарал юм. Дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд оролцож буй тамирчид мөнгө гуйж явдаг хэдийнэ ард хоцорч өнөөдөр шигшээ багийнхан маань хуваарьт тэмцээндээ зардал мөнгөний асуудалгүй өрсөлдөн, өндөр амжилт гаргасаар. Тэгвэл төрийн зүгээс гаргаж буй хүчин чармайлтад Монголын үндэсний олимпын хороо ч хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Монголын спортын гадаад харилцаа Буриад, Өвөрмонголын хүрээнд л эргэлдэж байсан бол өдгөө спорт өндөр хөгжсөн орнуудтай хамтрах хэмжээнд хүрээгээ тэлжээ. Өнгөрсөн сард Украинтай хамтран ажиллах гэрээ байгуулсан бол саяхан ОХУ-тай хамтрахаар тохиролцсон.
Оросууд дэлхийн спортын хаана нь явдаг билээ, манай спорт ямар дэг сургуулиар явж байгаа билээ гэдгийг бодсон ч оросуудын туршлага, шавхагдашгүй их чадвараас суралцана гэдэг том үйл явдал гэдэг нь тодорхой. Энэ талаар Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Үндэсний олимпын хороодын ассосиацын чуулга уулзалтад оролцоод иржээ.
-Юуны өмнө Үндэсний олимпын хороодын холбоо гэдэг байгууллагын талаар тодруулна уу. Гадаадын хэвлэлийнхний мэдээлж буйгаар их л нөлөө бүхий байгууллага бололтой.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тус байгууллагын үйл ажиллагааг өндөр үнэлсэн байна лээ?
-Үндэсний олимпын хороодын холбоо нь дэлхийн 206 орны үндэсний олимпын хороог нэгтгэсэн том байгууллага. Олимпизмын хөдөлгөөний хөгжилд хувь нэмрээ оруулах, түүний үр нөлөөг дээшлүүлэхэд ОУОХ-г дэмжиж ажилладгаас гадна спортын олон улсын холбоотой хамтарч томоохон наадмууд зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлдэг.
1979 онд байгуулагдаж, 2013 оноос үйл ажиллагаа нь илт сайжирч илүү далайцтай ажил хийх болсноор дэлхийд танигдаж эхэлж байна. Ерөнхийлөгчөөр нь Кувейтийн шейх Ахмад Аль Сабах ажиллаж эхэлснээс хойш тус байгууллагын нэр хүнд улам өссөн. Үүнийг нь ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон олон орны төлөөлөгч чуулганы үеэр онцоллоо.
-Энэ удаагийн чуулга уулзалтад 205 орон оролцож, дээд амжилт тогтоолоо гэсэн мэдээлэл гарсан...
-205 орны 1300 гаруй төлөөлөгч оролцсон нь дээд амжилт юм. Улсуудын Үндэсний олимпын хороод ингэж нэгдэж буйн гол үндэс нь сэргээшийн эсрэг дэлхий нийтээрээ хамтран тэмцье гэдэгт санал нийлж байгаа явдал. Томас Бах “Спорт булхайгүй байх ёстой. Ингэхийн тулд сэргээш хэрэглэдэггүй тамирчдыг бүх талаар дэмжинэ” гэдгээ онцолж байна лээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг, ОУОХ-ны дэргэд байгуулагдсан комисс хамтраад эрчимтэй ажиллаж байгаа. Тэдний хийж буй ажлын үр дүнд дэлхийн спорт бүрэн цэвэрших ёстой гэдэг байр суурийг ОУОХ баримталж байгаа юм. Тиймээс уг чуулганы гол сэдэв нь сэргээшийн эсрэг хийх хамтын тэмцэл байлаа.
Сэргээшийн хор хөнөөл, үр дагаврыг бүхий л түвшинд арилгахгүй бол спорт буруу тийшээ явах гээд байна гэдгийг ОУОХ-ноос авахуулаад дэлхийн бүх орны Үндэсний олимпын хорооны төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө.
-Дэлхийн спортод сүүлийн үед сонсогдох болсон нэг асуудал бол олон жилийн өмнөх шинжилгээнээс сэргээш илэрсэн явдал. Үүнээс болж цөөнгүй алдартан олимпын медалиа хураалгаж, эрхээ хасууллаа.
Одоо илэрч байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Тухайн үед хэрэглэж байсан технологи үүнийг илрүүлж чаддаггүй байж. Гэтэл өнөөдөр сэргээшийг илрүүлэх технологи илүү өндөр түвшинд хөгжсөөр байна. Технологийн дэвшил олон жилийн өмнөх шинжилгээнээс сэргээш илрүүлдэг болсон нь яахын аргагүй том ахиц. Үүнийг дагаад сэргээшийн төрөл ангилалд ч өөрчлөлт орлоо.
Тухайлбал, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн мэдэгдсэнээр гарал үүсэл нь тодорхой бус ямар нэгэн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол түүнийг сэргээшид тооцдог болов. Улс бүр үндэсний, өөр өөрийн уламжлалт эмийн ургамлыг эмчилгээний чиглэлээр хэрэглэдэг шүү дээ. Гэтэл түүнд хадгалагдаж байгаа зүйлийн гарал үүсэл нь тогтоогдохгүй байвал шууд сэргээш гэж үздэг байхаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг дүрэмдээ сая тусгасан.
Тиймээс сэргээшийн эсрэг тэмцлийг олон улсын хэмжээнд илүү нарийн технологиор өндөр түвшинд хийдэг болсон. Ийм шинэ арга барилаар ирэх олимпын наадмуудад ажиллана. Мөн шинээр зохиох тэмцээн, уралдаан ч дээрх жишгээр ажиллах юм.
-Шинээр зохиох гэж байгаа наадам ямар төрлийнх вэ. Монголчууд өндөр амжилт гаргах боломжтой төрөл хэр олон багтав?
-Дэлхийн элсний наадам. Энэ нь Үндэсний олимпын хороодын холбоо өөрийн далбаан доор зохион байгуулах гэж байгаа анхны наадам. Тус наадам АНУ-ын Сан-Диего хотод 2019 онд болно. Үүнд ач холбогдол өгч байгаа учир хэрхэн өндөр хэмжээнд зохион байгуулах, хөтөлбөрт нь спортын ямар төрлүүдийг багтаах, ямар дүрэм журмаар явуулах гээд цөөнгүй сэдвээр 205 орны төлөөлөгчид хэлэлцэж баталсан.
Наадамд оролцохын тулд эрх авах ёстой. Манай улсын хувьд элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр оролцох боломжтой.
-Монгол Улс ОХУ-тай спортын салбарт хамтран ажиллахаар болсон. Манай улс спорт өндөр хөгжсөн энэ оронтой ямар түвшинд хамтран ажиллах бол?
-Манайх хэдэн жилийн өмнөөс ОХУ-тай хамтран ажиллах хүсэлтээ өгсөн. Тухайн үедээ хариу ирүүлээгүй ч янз бүрийн хурал, чуулганы үеэр энэ талаар санал солилцсоор ирсэн. Харин сая ОХУ-ын Үндэсний олимпын хорооноос хамтран ажиллах саналаа албан ёсоор ирүүллээ. Үүний дагуу Үндэсний олимпын хороодын холбооны чуулганы үеэр гэрээ байгуулав. Гэрээнд улс орнуудын олимпын байгууллагуудын мөрдлөг болгодог нийтлэг хүрээг тусгасан.
Энд онцлоход өндөр зэрэглэлтэй тамирчид солилцож, ур чадвар, туршлагаасаа харилцан суралцах тухай тодорхой заалаа. Хоёрдугаарт, спортын удирдах ажилтнууд, дасгалжуулагчдаа солилцож туршлагаа хуваалцах. Гуравдугаарт, спортын эмч, эрдэм шинжилгээний ажилтнуудын онол, практикийн семинар зохион байгуулах юм.
ОХУ-тай хиллэдэг манай аймгууд өөрсдийн боломжийн түвшинд хойд хөршийн хязгаар мужуудтай хамтран ажилладаг. Үүнийг илүү өөр түвшинд гаргаж, илүү бодит үр дүнд хүргэхэд хоёр талаас анхаарч ажиллахаар ярилцаж тохирсон.
-Хамтын ажиллагаа юунаас эхлэх вэ. Манай спортод нэн тэргүүнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Бид юуны өмнө сургалт, дасгалжуулалтын төлөвлөгөө гаргадаг мэргэжилтнийг урих бодолтой байгаа. Шигшээ баг, залуучууд, клуб гэх мэт дээд, дунд, анхан шатанд бэлтгэлийн төлөвлөгөөг яаж хийх вэ, хүний биеийн онцлогт хэрхэн тохируулах вэ гэдэгт суралцаж, үүнийг боловсруулах нь амжилт гаргахад их тустай.
Тиймээс эхний ээлжинд энэ тал дээр хамтарч ажиллая гэж тохиролцоод ирлээ. Манай спортын олон мэргэжилтэн ОХУ-д суралцсан, хойд хөршийн мэргэжилтнүүд монгол тамирчдыг сургаж, Монголын спортын түүхэнд хувь нэмрээ оруулж, бидний өнөөгийн амжилтын замыг тавьж өгсөн. Тиймээс сургалтын арга барил, түүх талаасаа харсан ч Оросын туршлага манай спортод том хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Тэдний боловсруулан, мөрдөж байгаа арга барил нь манайд илүү зохицож, сайн нутагших боломжтой.
ОХУ, Украинаас гадна бид Хятадын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийг Монголд зочлох үеэр хамтран ажиллах гэрээг 2016 онд байгуулсан. Үүний хүрээнд ганцхан жилийн хугацаанд нэлээд хэдэн ажил амжууллаа. Дугуйн спортын тамирчид маань урд хөршид урт хугацааны хамтарсан бэлтгэл хийсэн. Саяхан л гэхэд тэшүүрийн тамирчид тэндхийн цогцолборт бэлтгэл хийгээд ирлээ. Хятадын тэшүүрчид ойрын зайд ямар мундаг билээ.
Бүхий л богино зайд тэдний тамирчид тэргүүн байрын төлөө өрсөлддөг. Одоо бид Хятадын тэшүүрийн мэргэжилтнүүдийг эх орондоо ажиллуулахаар төлөвлөж байна. Спорт өндөр хөгжсөн ОХУ, БНХАУ-тай нягт хамтран ажиллавал манайх дэлхийн спортын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэх юм. Одоо тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас ирээдүйгээ сайхнаар харж байна.
-Энэ жишээнээс харахад спортын сургалт дасгалжуулалтыг системтэй болгох нь Монголын үндэсний олимпын хорооны зорилго юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Үүний төлөө бид нэлээд ажил хийж байгаа. Манай тамирчид амжилт гаргаж байна. Сүүлийн үед хүртэх медалийн тоо ч ихэссэн. Гэхдээ энэ амжилтаа тогтвортой болгох, улмаар спортын төрлүүдээ жигд өндөр түвшинд хөгжүүлэхэд зөв арга барил, төлөвлөлт чухал.
Монголд авьяастай тамирчин олон бий. Угаасаа бид бүхий л салбарт амжилт гаргах чадвартай хүчирхэг гентэй ард түмэн. Энэ их авьяасыг зөв чиглүүлж, хөгжүүлбэл Монголын спорт илүү бат бөх суурьтай болж, манай тамирчид алдар нэрээ дэлхийд илүү цуурайтуулах боломж бүрдэнэ.
Саяхан болсон дасгалжуулалтын сургалтын үеэр Японы дасгалжуулагч “Танай дасгалжуулагчид өнөөдөр хүүхдийг сургалт дугуйландаа элсүүлэнгүүтээ маргааш нь амжилтад хүргэх гээд зүтгээд байх юм. Ингэж хэт яарснаас болж хүүхдэд ахадсан ачаалал өгч байна. Энэ нь их буруу” гэж шүүмжилсэн. Ингэж яарч байгаа нь бэлтгэлийн тодорхой төлөвлөгөө байхгүйтэй холбоотой гэж онцолж байна лээ.
Энэ жишээнээс харахад, бэлтгэл сургуулилалтын системчилсэн төлөвлөгөө бидэнд зайлшгүй хэрэгтэй. Үүнд тусалж чадах улс бол яах аргагүй манай урд, хойд хөрш, дээр нь Украин.
-Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар нэр хүндтэй мэргэжилтнүүд Монголд ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Бидний хамтын ажиллагааны гол агуулга үүнд чиглэж байгаа. Энэ тал дээр бид санал солилцож, тодорхой шийдлүүдэд хүрсэн. Жишээ нь, Украины бэлтгэл дасгалжуулалтын төлөвлөлтийн чанар, чансаа дэлхийд дээгүүр үнэлэгддэг. Спортын том эрдэмтдээрээ хэзээнээс алдартай. Тухайлбал, Владимир Платонов гэж спортын эрдэм шинжилгээний салбарт асар их ажил хийсэн профессор байна. Сергей Бубка саяхан Монголд ирэхдээ түүний тухай дурсаж байна лээ.
Энэ хүн танайд маш их хэрэг болно шүү гэж хүртэл онцолсон. Манай спортод эрдэм шинжилгээний том групп байдаг. Энэ группийн боловсруулсан төлөвлөгөөг Украины бүх спортынхон дагадаг гэж Бубка хэлж байна лээ. Хятадуудтай л гэхэд бид сэргээшийн тал дээр ажиллана. Үүнээс гадна спортын генетикийн чиглэлд хамтрахаар тохиролцсон.
Өнөөдөр Монголын спортын анагаах ухаанд дутагдаж байгаа хоёр гол салбар бол спортын генетик, спортын биомеханик. Спортын биомеханик манай улсад нэлээд дээхнэ хөгжиж байгаад одоо тасарчихаад байгаа бол спортын генетик огт хөгжөөгүй. Спортын генетик, биомеханикийн салбарт Хятадаас гадна оросуудтай хамтран ажиллах зорилготой.
-Спортын генетик, спортын биомеханикийг тодруулж тайлбарлана уу?
-Спортын биомеханик нь физик талдаа. Хүний үе мөчний нугарах, тэнийх нөөц бололцоо нь спортын төрлүүдэд хэдэн давтамжтай, хэр хугацаанд хийх чадвартай зэрэг чиглэлийг судалдаг салбар. Энэ чадваруудыг илрүүлж, тогтоодог тоног төхөөрөмж олон болсон. Спортын генетик бол тамирчдыг хэрхэн сонгохтой холбоотой салбар юм.
Өнөөдөр манайхан тамирчдаа биеийн хөгжил, идэвх чармайлтыг нь харж байгаад л сонгодог. Эсвэл, хүүхдийн өөрийн сонголт, дур сонирхолд нь үндэслэдэг. Тухайн хүүхэд алдартай тамирчин болмоор байна гээд чөлөөт бөхөөр хичээллэлээ гэж бодьё. Гэтэл тэр хүүхдийн физиологийн онцлог, биеийн ерөнхий галбир нь тэр спортод бус, өөр төрөлд тохирохоор байвал яах вэ, хэрхэн мэдэх вэ.
Спортын генетик үүнийг шинжилгээгээр тогтоодог. Үс, шүлс, булчингаас нь шинжилгээ аваад тухайн хүүхэд ямар спортоор хичээллэвэл амжилтад хүрэх магадлалтайг тогтооно гэсэн үг.
-Энэ хоёр салбарыг хөгжүүлбэл манай спорт богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн үг үү. Монголд нэвтрүүлэхэд хэдий хэрийн цаг хугацаа шаардлагатай бол...
-Олон улсад судлагдаж, туршигдаж, батлагдчихсан зүйл учраас нэг их хугацаа шаардахгүй. Спортын генетик, биомеханик өндөр хөгжсөн орнуудаас мэргэжилтэн урьж, сургалт зохион байгуулж, гадаадын улсад боловсон хүчнээ илгээж туршлагатай болгоод авахад л болох ажил.
Үүний дараа тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг нь шийдээд ажлаа эхлүүлэх боломжтой. ОХУ, БНХАУ, Украины Үндэсний олимпын хороотой хамтран ажиллаж, тэдний туршлагаас суралцсанаар спортын генетик, биомеханикийн хөгжлийн суурийг Монголдоо тавих юм.
-Хэдийгээр манай тамирчдын ур чадвар өсөж, амжилт ахиж байгаа ч зарим үед тогтворгүй байх нь цөөнгүй. Тэгэхээр генетик, биомеханикийг хөгжүүлж, үүнээс гадна дасгалжуулалтыг боловсронгуй болгосноор алдаг оног хүрдэг амжилт маань тогтмолжиж ирэх нь ээ дээ?
-Тийм ээ. Спортын генетикийн тусламжтайгаар тухайн тамирчныг амжилт гаргах боломжтой төрлөөр нь хичээллүүлэх юм. Энэ нь ирээдүйд хүрэх амжилтын үндэс, суурь болно гэсэн үг. Тэгвэл спортын биомеханикийн үр дүнд тухайн тамирчин ямар хэмжээний ачааллыг яаж авах боломжтойг тогтооно. Энэ нь тамирчны өсөлт дэвшлийг тодорхойлж, чиглүүлэхэд онцгой чухал.
Харин бэлтгэлээ системчилснээр тамирчнаа торгон ирэнд нь хэзээ, яаж хүргэхээ тодорхойлох боломжтой. Системтэй бэлтгэлийн үр дүнд тухайн тамирчныг яг тэмцээний үед формонд нь оруулж, улмаар үүнийгээ удаан хугацаанд барих боломж бүрдэх юм. Тиймээс энэ бүхнийг цогцоор нь хөгжүүлснээр хамгийн сайн үр дүнд хүрэх боломжийг улам нээнэ.