Монгол Улсад театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхлээд 60 жил боллоо. 1957 онд УБДС-д жүжигчний анги нээж, хоёр жилийн дараа элсэгчдээ хүлээж авснаар 1963 онд анхны дээд боловсролтой 21 жүжигчнийг ажлын талбарт илгээж байжээ.
Эдгээр уран бүтээлчээс өдгөө театр, дэлгэцийн бүтээлд үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан дүр бүтээсэн Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү болон Гавьяат жүжигчин Н.Мягмар, Гавьяат багш, Б.Зууннаст, Соёлын тэргүүний ажилтан Д.Дуламсүрэн, Ё.Батсүх, Н.Тунгалаг, Ц.Норжмаа, Л.Надмидцэрэн нарын есөн жүжигчин өдгөө тус тусын ажлаа хийж явна.
Театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийнхэн театрын хөгжилд хувь нэмэр болохуйц цуврал олон ажил санаачлан хэрэгжүүлж буй юм байна. Тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоотой ярилцлаа.
-Танай сургуулийн оюутнууд нээлттэй хичээлээр юу сурч мэдэж буйгаа харуулахаас авахуулаад баримтат кино хийх хүртэл томоохон ажлууд төлөвлөсөн байна. Бүгдийг хэрэгжүүлж амжиж байна уу?
-Бүх ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Монголын театрын урлагийн хөгжлийн нэгэн жарны түүхэнд үнэлэлт дүгнэлт өгөх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход бидний зохион байгуулж буй ажлын зорилго оршиж байгаа юм. Монголын соёл урлагийн зүтгэлтнүүд, театрын уран бүтээлчид, театр судлаач, профессор, багш нар, нийт төгсөгчид, улмаар үзэгч, олон нийтийн анхаарлыг 60 жилийн ойд хандуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
-Гол арга хэмжээнүүд нь хэзээ, хаана болох вэ?
-“Монголын театрын дээд боловсрол-60” үзэсгэлэн, номын нээлт энэ сарын 23-нд Театрын музейд болно. Маргааш нь энэ сэдвээр “Оюутан” театрт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тэр өдрөө төгсөгчдийн гала концертыг “Жаранд түүчээлсэн бидний бахархал” нэрийн дор “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд зохион байгуулах юм. Харин 25-нд Соёлын төв өргөөнд болох ойд зориулсан баярын хурлын үеэр “Жаран жарны хөтөч” баримтат кино нээнэ. Мөн хүндэтгэлийн концерттой.
-Төгсөгчдийн гала концерт “Улаанбаатар палас”-д болно гэж байна. Драмын жүжигчний анги төгсөгчид жүжиг тоглож, дуулж, бүжиглэх үү?
-Тэгнэ. Манай төгсөгчдөөс хошин урлагийн продакшнуудад ажиллаж байгаа, өөрсдөө ахалж бусдыг зохион байгуулан ажилладаг манлайлагч олон. Тэдний хамтарсан тоглолт болох юм.
-Драмын жүжигчин мэргэжлээр төгсөөд хошин урлагийн чиглэлээр ажиллах нь хэр зохимжтой вэ?
-Хошин урлаг яг адилхан жүжигчний мэргэжил, илүү нарийн ур чадвар шаарддаг. Зөвхөн жүжиглэх биш, дуулдаг, бүжиглэдэг, өөрөөр хэлбэл хөрвөх чадвартай жүжигчид бэлтгэх нь цаг үеийн захиалга болсон.
-Төгсөгч бүр ажлын байртай болж чаддаг уу?
-Жүжигчин мэргэжлээр төгссөн оюутнуудаас Драмын театр жилд хоёроос гурван оюутан л авдаг. Бусад нь өөр өөр шугамаар ажилтай болдог. Телевизүүд, кино үйлдвэрлэлийн уран бүтээлчид, хошин урлагийн продакшнууд, орон нутгийн театрууд гээд мэргэжлийн жүжигчин хүлээж авах байгууллага олон байдаг.
Телевизийн олон ангит кинонд манай төгсөгчид л дуу оруулж байна. Одоо бол бүх телевиз дуу оруулга сайтай кинонууд үзүүлж байгаа болохоор хүмүүс хэдэн жилийн өмнө энэ урлаг зогсонги байдалтай болсон байсныг бараг мартсан болов уу. Манай төгсөгчид ажлын байргүй үлдэх нь ховор.
-Үзэгчид дуртай, хайртай жүжигчдээ хүсээд, сүүлийн үеийн залуусыг төдийлөн оошоохгүй тал байдаг. Ардын жүжигчин Д.Мэндбаяр ч юм уу, магадгүй Н.Сувд тоглосон кино, эсвэл жүжиг үзвэл сэтгэл ханах нь бий.
Энэ харьцуулалт, хэмжүүрийг давж гарах жүжигчин бэлтгэх, төгсөгчид ажлын талбарт гараад өсөж дэвжих гэдэг бас л том шалгуур юм даа.
-Мэргэжлийн хэлэнд дотортой жүжигчид гэсэн ойлголт байдаг. Монголчуудын сайн мэдэх жүжигчид бүгд дотортой жүжигчид. Энгийнээр хэлэхэд бүтээх дүрээ дотооддоо сайн боловсруулж байж гадагшлуулдаг уран бүтээлчид юм. Өнгөрсөн жаранд баримталж ирсэн сургалтын К.С.Станиславскийн системийн мөн чанар ч үүнд байдаг.
Энэ системийн сургалтын бүтээгдэхүүн болсон жүжигчид дотоод сэтгэлээ илэрхийлэх, дүр амилуулах талд гарамгай ч дутагдалтай тал байсан нь хөдөлгөөн, бие бялдрын уян хатан байдал юм. Сүүлийн жилүүдэд манайх сургалтын хөтөлбөртөө энэ чиглэлийн хичээл нэмснээр оюутнууд жүжиглэдэг, бүжиглэдэг, дуулдаг, өөрөөр хэлбэл мюзиклийн хэмжээний уран бүтээлчид болж төгсөж байгаа. Тэнхимээс зохион байгуулдаг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ, мэргэжлийн уралдаан зэрэгтээ ахмад жүжигчдээ урьж үзүүлдэг л дээ.
Тэгэхэд ахмадууд үзэх бүртээ “Сүүлийн үеийн оюутнууд, залуу жүжигчид уян хатан гэж жигтэйхэн болжээ. Бидэнд ингэж хөгжих боломж байсангүй. Үгээ сайн цээжилж, жүжиглэх ур чадвартаа анхаарахаа л хичээдэг байлаа” гэж ярьдаг юм. Тэдний энэ дүгнэлт ч гэсэн сургалтын зорилго биелж байгааг хэлээд байна уу гэж хардаг.
СУИС сүүлийн жилүүдэд гадаад харилцаа сайн хөгжүүлж байгаатай холбоотойгоор жүжигчний ангийн оюутнууд ч гэсэн гадаадын мэргэжил нэгтнүүдтэй хамтарч ажиллах, жүжигт тоглох зэргээр өөрсдийгөө сорьж туршдаг болсон. Монгол Улсад театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхлээд 60 жил болоход энэ хэрийн амжилттай явна.
-Тэгэхээр танай сургууль буюу манай улс жүжигчин бэлтгэх талд дэлхийтэй хөл нийлүүлж явна гэж ойлгож болох уу?
-Болно. Гэхдээ зөвхөн манай сургууль, жүжигчин, найруулагч бэлтгэдэггүй. Хувийн олон сургууль бий. Манай төгсөгчид Америкийн Бродвейн мюзиклийн театруудад ажиллах хэмжээний чадвартай төгсдөг ч ганц бүдэрдэг гацаа бий. Тэр нь гадаад хэл. Энэ дутагдалтай байдлыг арилгахын тулд сургалтын хөтөлбөртөө англи хэлний сургалтыг түлхүү оруулж өгсөн.
Сүүлийн үед алдаршиж байгаа моно жүжгийн уран бүтээлчид, мөн олон улсын тавцанд амжилттай яваа жүжигчин Р.Анхням, Б.Амарсайхан гээд залуус бүгд л манай төгсөгчид шүү дээ. Наад зах нь тэдний ур чадвар, хүрч буй цэгээр сургууль, тэнхим ажил, үйлсээ хэмжиж болох санагддаг.