“Уншигч-сурвалжлагч” булан маань хийсэн бүтээснээрээ нийгэмд танигдсан хоёр эрхэм хүнийг уулзуулдаг уламжлалтай. Ингэхдээ нэг нь түр хугацаанд “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж зочныг “байцаадаг” дүрэмтэй. Энэ удаагийн уншигч-сурвалжлагч Ё.Бадрал бол Монголын аялал жуулчлалын салбарт нэр хүндтэй эрхэм.
Энэ салбарын ахмадууд түүнийг “Жуулчин”-ы Бадрал менежер” хэмээн анддаггүй юм билээ. Тэр хэрээр хүндлэгдсэн хүн гэж тодорхойлсон. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын албыг олон жил хашиж явсан, манай тэргүүний сэхээтнүүдийн нэг Ёндонгийн хүү тэрбээр ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Хишигжавын Цогтбаатартай ярилцлаа.
Олон улсын палеонтологийн салбарт танигдсан энэ эрхэм палеонтологи бол аль нэг улс, үндэстэн, хэн нэгэн хүнд өмчлөгдөхгүй, эх дэлхийд, хүн төрөлхтөнд хамааралтай өв соёл, түүх хэмээн онцолдог.
Уншигч-сурвалжлагч Ё.БАДРАЛ “Улаанбаатар” аялал жуулчлалын холбооны тэргүүн, “Mongolia quest” компанийн захирал
-Аялал жуулчлалын салбарыг хүмүүс мэддэг гэж ярьдаг ч үнэндээ сайн ойлгодоггүй. Үүнтэй утга нэг палеонтологийн шинжлэх ухааныг хэдэн киногоор, үлэг гүрвэлээр л төсөөлөх нь бий.
Тэгэхээр энэ салбарын эрдэмтэн, судлаачтай уулзсаных палеонтологи чухам юу судалдаг салбар вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
-Дундад зууны үеэс хүн төрөлхтөн аливааг шинжлэх ухаанчаар таньж, мэдэх эрмэлзэлд хөтлөгдөж, тодорхой амжилтуудад хүрч эхэлсэн. Түүхээ мэдэхгүй хүн сармагчнаас ялгаагүй гэдэг. Тэгвэл оршин байгаа дэлхийнхээ түүхийг мэдэхгүй бол хүн төрөлхтөн бүр аймаар биз дээ.
Тиймээс л дэлхий гариг дээр үүсэж бий болсон шим ертөнц буюу эртний амьтан, ургамал ямар байсныг мэдэхийн чухлыг ойлгож, судалснаар палеонтологийн шинжлэх ухаан үүссэн.
Энэ бол харьцангуй залуу шинжлэх ухаан. 200 гаруй жилийн түүхтэй. Грекээр эртний шим судлал гэсэн энэ салбар зөвхөн эртний амьтан, ургамлаар зогсохгүй байгаль орчин, уур амьсгал, тэр ч бүү хэл бактерын палеонтологийн гэхчилэн хүрээгээ тэлж, судалгааны чиглэл нь улам нарийссан.
-Америкийн судлаач Р.Ч.Эндрюс 1920-иод онд Монголоос үлэг гүрвэлийн өндөг илрүүлсэн нь дэлхийн палеонтологийн түүхэнд энэ төрлийн анхны олдвор байсан гэдэг. Ер нь палеонтологийн салбар Монголд хэзээнээс эхэлж хөгжсөн юм бэ?
-Эхлээд жаахан түүх ярья. 1920-иод оны үед Америкийн Байгалийн түүхийн музейн багийг ахалсан Р.Эндрюс Богд хаанд бараалхан Монголоос эртний хүний олдвор олдох боломжтой учраас хайгуулын баг ажиллуулахыг хүсэж, гэрээ хийсэн байдаг. Гэхдээ тэд эрлийн явцад эртний хүний олдвор бус, үлэг гүрвэлийн чулуужсан яс олсон талаараа 1930-аад онд хэвлэснээр Монгол тийм олдвор элбэгтэй гэж Баруун тивд мэдэгдсэн.
Түүнээс хойш Эндрюс Нью-Йоркийн баячуудаас хөрөнгө босгоод дараагийн багаа дагуулан 1925 онд Монголд ирэхэд нь манайх Оросын нөлөөнд орчихсон байсан учраас гэрээг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдаг. Түүний дараа 1941 онд ЗХУ Монголд палеонтологийн багаа ажиллуулахаар төлөвлөж байсан ч дайн эхэлснээр зогсоосон. Ингээд 1946 онд эрлээ эхэлж, 1949 он хүртэл ажиллахдаа махан идэшт болон бусад төрлийн үлэг гүрвэлийн олдвор илрүүлсэн.
1961 онд Монголд ШУА байгуулснаар эл салбар хөгжихөд том түлхэц болсон. Тухайн үед академийн дэргэд Ургамал, амьтны хороо бий болж, 1964 онд Палеонтологийн тасагтай болж, мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлжээ. Палеонтологийн салбар үүссэнээс хойш дандаа хамтарсан багийнхан судалгаа хийж, энэ хооронд манай үндэсний мэргэжилтнүүд өсөж, боловсорсон түүхтэй. Тэгэхээр базаад хэлэхэд, Монголын палеонтологийн түүхийг би хоёр хэсэгт хуваамаар санагддаг.
Нэгдүгээрт, гадаадынхан Монголд ирж, энэ салбарыг хөгжүүлсэн үе. Америк болон Зөвлөлтийн багийнхан ажиллаж байсны үр дүнгээс улбаалаад Монголд ийм салбар байх ёстой гэдгийг тухайн үеийн удирдлага, ухаантай хүмүүс ойлгожээ. Энэ бол хоёр дахь үе. 1967 онд геологийн чиглэлийг чухалчлан авч үзээд, палеонтологийг түүнд үйлчилдэг салбар маягаар буюу давхрага зүй талаас нь нэг хэсэг хөгжүүлсэн байдаг. Тухайн цаг үед Москвагаас чиг, үүрэг өгдөг байсан учраас “ах” нар тэгж шийдсэн байх л даа.
-1990-ээд онд Палеонтологийн хүрээлэн өөрийн гэсэн байртай, лаборатори нь тусдаа байшинтай, жилдээ өч төчнөөн судалгааны баг ажиллуулдаг, бас Байгалийн түүхийн төв музейд үзмэрийн хэсэгтэй том байгууллага байсан.
Сүүлийн үед шинжлэх ухааны ач холбогдлыг дутуу үнэлдгээс үү, улс төрийн нөлөө их орсноос болсон уу энэ салбарынхны байрыг өөр байгууллагад шилжүүлэх талаар мэдээлэл цацагдсан.
Үүнээс гадна ШУА-ийн дэргэдэх хүрээлэнгүүдийг нэгтгэж байгаа нь хэр зөв бол?
Зочин Х.ЦОГТБААТАР Дэлхийн сээр нуруутны палеонтологийн нийгэмлэгийн гишүүн, мэргэжлийн сэтгүүлийн орнитопод үлэг гүрвэлийн ревювер (шүүмжлэгч)
-Шинжлэх ухааны олон салбараар үйл ажиллагаа явуулдаг хүрээлэнгүүдийг нэгтгэж, хумьж байгаа нь үнэхээр буруу. Ямарваа нэгэн зүйл хөгжихдөө салбарлаж, салаалдаг. Тэр хэрээр нарийвчлан судалдаг. Гэтэл манайд овоо хөгжиж буй салбаруудаа задлах бус, буцааж нэгтгэж байгаа нь хөгжил биш, ухралт юм. Энэ бол хэтэрхий харалган явдал.
Бодлого тодорхойлогч нар ямар ч судалгаагүй, жижигхэн асуудал шийдэхийн тулд бүтээсэн том ололтоо нураах маягаар явсны гай балгийн ганц жишээ энэ. Монгол Улсын Үндсэн хуульд шинжлэх ухааныг төрийн хамгаалалтад байлгахаар заасан хэрнээ өнөөдөр яагаад ийм бодлогогүй шийдвэр гаргадгийг нь ойлгохгүй байна. Дарга нар шинжлэх ухаанд яагаад ийм дургүй байдгийг гайхаад баршгүй.
1990-ээд онд юун шинжлэх ухаан манатай болж хүмүүс “гахай үүрээд” явбал хөгжчих мэт ойлгож байснаас цаг арай өөрчлөгдсөн ч иймэрхүү харанхуй бүдүүлэг явдал арилахгүй л байна. Зах зээлийн хүнд үед ёстой л бор зүрхээрээ, итгэл үнэмшлээрээ, зарим хүний хоржоонтой үгээр бол арай тэнэгүүд нь бууриа орхилгүй үлдээд, салбараа зогсоочихолгүй чирсэн. Ийм дүр зураг салбар бүрт бий.
Тийм нөхцөлд тэсээд гарсан энэ салбарыг заавал муужруулах гэж байгаа мэт сонин шийдвэр шүү, тэр. Би 30-аад жил гадаадын эрдэмтэн, судлаачтай бишгүй л хамтарч байлаа. Тэд Монголыг гайхдаг байсан. Жижигхэн улс хэрнээ өндөр хөгжилтэй зарим оронд байдаггүй чухал тогтолцоо, системийг бий болгочихсон, мундаг гэж.
Жишээ нь, ерээд оны үед япончууд “Танайх бие даасан ШУА-тай, цирктэй, бас дуурь, балетын театртай. Манайд байхгүй” гэдэг байлаа. Тэгэхээр бид уг нь хийсэн, бүтээсэн юмтай улс байхгүй юу. Байшин барихад огт оролцоогүй, ядаж хүрз бариад шавар зуураагүй хүн тэр бүтээн байгуулсан зүйлийг юу ч бодохгүй нураана, үнэ цэнийг нь өөрийн биеэр мэдрээгүй учраас.
-Танай хүрээлэнгийн байрыг шилжүүлэх талаар УИХ-аар хэлэлцүүлсэн үү, Засгийн газар дангаараа шийдсэн юм уу?
-Засгийн газрын тогтоолоор ШУА-ийн 19 хүрээлэнг ямар ч судалгаагүйгээр, “машиндаад” л 10 болгож цомхтгосон.
-Тэгвэл төр шинжлэх ухааныг хамгаална гэж Үндсэн хуульд зааснаас эсрэг болсон юм биш үү. Нэг Засгийн газар нь дур мэдэж, төрийн хамгаалалттай зүйлд гар хүрдэг нь хуулиас дээгүүр, хэтэрсэн үйлдэл биз дээ?
-Нэг Ерөнхий сайдын үзэмжээр л явчихаж байгаа хэрэг. Би үүнийг их ноцтой гэж бодож байгаа. Манай хүрээлэнгийн байрыг илүү үзэх явц бүр дөрвөн жилийн өмнөөс үе шаттай эхэлсэн. “Тоо томшгүй олон хүрээлэн байна” гэж тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дээр хэлсэн. Тэгээд л цөөлж, улсын төсөв хэмнэнэ гэсэн. Бид буруу шийдвэр байна гэж чадлынхаа хэрээр тайлбарлаад дийлээгүй.
Гэтэл үнэндээ хүрээлэнгүүдийг цомхтгосноор хэмнэлт гарсан уу гэвэл үгүй. Бид тэнэг биш учраас эргээд хянаж үзсэн юм. Ердөө байр байшинд нь л нүд унагаж, илүү үзсэн хэрэг. Ийм байдлаар Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг онилоод л “ШУА-ийн VIII байрыг дүүргийн прокурорт өг” гэсэн тогтоол гаргасан. Тэнд ажилладаг хүмүүсийг хааш нь нүүлгэж, шилжүүлэх талаар нэг ч өгүүлбэр байгаагүй. Засгийн газрын шийдвэр тийм өрөөсгөл байж болох уу.
Жижигхэн байгууллагын захирал ч тушаал гаргахдаа судалгаанд үндэслэдэг биз дээ. Хүрээлэнгийн маань геологийн салбар бүхэлдээ болон Урьд Кембр, Палеозойн үеийн амьтан, ургамлын хэсэг одоогоор байргүй байна. Бараг актлагдсан нэг байр зааж өгсөн нь засвар хийх шаардлагатай. Тэр мөнгийг нь засгаас гаргах учиртай. Гэтэл үнэндээ томилгоо, холио солио гэсээр байтал Засгийн газар 2017 оны сүүлийн улиралд ажилласангүй.
Та бүхэн орж ирэхдээ харсан байх. Энэ байраа бараг агуулах шиг болгосон байгаа. Яах аргагүй, нүүдэл даахгүй чухал олдворуудаа эндээ авчирсан. Монголчууд гурван нүүдэл нэг түймэртэй тэнцдэг гэж ярьдаг шүү дээ. Нүүдэл суудлаар олдвор үрэгдэж, сүйдвэл шийдвэр гаргасан дарга нар хариуцахгүй бидний толгой дээр л буух учраас байраа зассаны дараа шилжүүлэхээр эндээ түр хадгалж байна. Уг нь судалгааны материал, эд зүйл гар дор байх учиртай ч ингээд бүгдийг нь баглаж боогоод, битүүмжилчихээр яаж ажлаа хийх юм бэ.
-Төв музейд тарбазавр, нугасан хошуут гэхчилэн олон үлэг гүрвэлийн үзмэр байсан. Тэр музейн байрыг хааснаас болж үлэг гүрвэлүүдийн үзмэрийг “Хүннү молл”-д байршуулсан нь сайхан ч тэр бол хувийн байгууллагын, тэгээд зориулалтын бус газар учраас хадгалалт, хамгаалалт тал дээр өрөөсгөл. Палеонтологийн музей байгуулах санаачилгыг та гаргаж, олон жил хөөцөлдөж буй.
Уг нь тийм газартай болчихвол гадаад, дотоодын жуулчдыг татахаас эхлээд иргэдийн боловсрол танин мэдэхүйд ч ач тустай. Үлэг гүрвэлийн музейг Лениний музейн байранд бүр байлгахаар шийдчихсэн юм уу. Танайх тэр музейтэй холбоотой ажилладаг уу?
-Энэ бол маш эмзэг асуудал. Та бид хоёр дандаа зовлонтой юм ярих нь дээ, үйлийн үр гэдэг шиг. Үүнийг ярихын тулд түүх өгүүлэх хэрэгтэй. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд тэр музейг байгуулсан. Гэхдээ анхны үе шатыг маш зөв зохион байгуулсан байдаг.
Уг нь дэлхийн жишгээр аливаа музейг шинжлэх ухааны байгууллагын дэргэд байгуулдаг юм. Дараа нь 1950-1960-аад онд Соёлын яам байгуулахдаа музейнүүдийг хариуцуулснаар судалгаа шинжилгээнээсээ холдоод, үзэгч, орлогын төлөвлөгөөнд баригддаг болжээ. Тийм үед Ю.Цэдэнбал гуай палеонтологи бол шинжлэх ухаанаас хол, тасархай хөгждөггүй юм байна гэдгийг ойлгож, албан даалгавар гаргаад музейн үлэг гүрвэлийн хэсгийг манай хүрээлэнтэй холбож, шинэ олдвор, цуглуулгаар баяжуулах, шинжлэх ухаан, танин мэдэхүйн талаас өөд нь татах үүрэг өгсөн байдаг.
Яг тэр үед би музейд томилогдож таарсан. Ингэж бид 20 гаруй жил хуучин Төв музей, дараа нь Байгалийн түүхийн музейтэй ямар ч асуудалгүйгээр хамтран ажиллахдаа хүрээлэнгийнхэн буюу мэргэжлийн судлаач, эрдэмтэд үзмэрээ хамгаалах, бэхжүүлэх сэргээн засварлах, танин мэдэхүйн тайлбар, танилцуулга хийж, нөгөө тал үйлчилгээгээ хариуцаж, мөнгөө олж, хадгалж, харуул хамгаалалттай байлгахыг хариуцаад явсан.
Тэгж байтал 2012 онд Засгийн газар солигдож, үлэг гүрвэлд жигтэйхэн хайртай сайдтай боллоо. Бидний хөдөлмөрийг одоо л жинхэнэ утгаар нь ойлгох байх гэж найдлаа. Монгол бол үлэг гүрвэлийн олдвор, судалгаагаараа дэлхийд гуравдугаарт ордог улс шүү дээ. 1990-ээд онд уг нь хоёрт жагсдаг байсан юм. Энэ утгаараа дэлхийд гайхагдах музейтэй байх ёстой. Тийм боломж, нөөц хангалттай бий. Энэ талаараа нөгөөх сайддаа уламжлаад, дэлхийн жишигт нийцсэн үлэг гүрвэлийн музей байгуулах бэлэн төслөө танилцуулсан.
Төсөл бичсэн түүхээ товчхон ярихад илүүдэхгүй болов уу. Монголын нийгэм, эдийн засаг хүнд байсан 1993 онд манайтай хамтран ажиллахаар ирсэн Японы багийнхан лабораторийг минь голсон. Тэд “Ази, Африкийн хөгжиж буй олон орон төсөл бичээд Японы нэг сангаас санхүүжилт авсан” гэж яриад, биднийг төсөл бич гэж зөвлөсөн. Тэр дагуу хөгжиж буй орнуудад соёлын чиглэлд тусалдаг “Банфакү” санд бичсэн төсөлдөө “Олон нийтэд нээлттэй лаборатори” гэж тусгасан.
Энэ санааг их дэмжиж, биднийг сонгосон юм билээ. Нөгөөтэйгүүр, олон жил хамтарч ажилласан Японы Окаямагийн музейн удирдлага намайг нөгөөх сангийн ерөнхийлөгч Иши гуайтай уулзуулсан. Тэрбээр Кёкүюшүзаныг хүндэлж, биширдэг байж таарсан нь бас их аз. Лабораторийн шинэ байшин бариулах мөнгөө тэр төслөөс авсныхаа дараа дахиад төсөл бичиж, Японы Засгийн газраас үзүүлдэг буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжтэй болсон.
Ингээд зогссонгүй дахиад л төсөл бичлээ, үлэг гүрвэлийн музейн байшин бариулах хөрөнгө олохоор. Тэр төслөө сайд эмэгтэйд танилцуулсан хэрэг л дээ.
Тэгээд хүлээлээ. Үлэг гүрвэлийн музей байгуулах тогтоол гаргахад нь талархаж, мэргэжлийн байгууллагуудаа түшнэ гэж найдлаа. Гэтэл бас л муйхар улс төр нь оролцоод, бүр замарсан. Өөрийн намын “партизан” гишүүний эхнэр, жирийн нэгэн чихмэл хийдэг хүнийг даргаар томилоод, үлэг гүрвэлийн яс ч танихгүй залуучуудаар баг бүрдүүлчихээд улсын түүхэн сан хөмрөгт хадгалдаг олдворуудыг тэндээ байрлуулах шийдвэрийг бидэнтэй нэг ч удаа санал солилцоогүй хэрнээ гаргасан.
Дарга бол төр солигдохоор л дагаад унадаг, баталгаагүй. Гэтэл тийм хүнд Монголын ард түмний өмч, дэлхийн өвд тооцогддог үнэт олдворуудыг яаж даалгах юм бэ. Надад тийм эрх байхгүй гэж хэлсэн.
Одоо ч болов тийм хачин тогтоол шийдвэрийг эргэж хараасай гэж хүсэж л байна. Яадаг бол доо. Хүрээлэнгүүдийг нэгтгэж, байрыг нь шилжүүлнэ гэсэн өмнөх засгийн буруу шийдвэрийг энэ засаг зассангүй.
Энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч боломгүй. Юу гэхээр, Үлэг гүрвэлийн төв музей гэсэн нэр буруу. Олон улсын жишигт төв музей гэж байдаггүй юм. 1990-ээд онд Төв музей гэдэг нэрийг болиулах гэж би соёлын яамныхан, музейн мэргэжилтнүүдтэй хуралдах үедээ үгээ барсан. Төв гэдэг чинь төвлөрүүлнэ гэсэн үг.
Яг энэ жишгээр юм юмыг базаад, амьтан, ургамал, геологи, газар зүй, угсаатны зүй гээд бүгдийг нэг дор төвлөрүүлсэн бүтэц бол Орон нутаг судлалын музейн хэлбэр. Энэ нь манай улсыг аль нэг орны зах хязгаар мэт муухай харагдуулдаг гэж хүртэл хэлсэн. Тэр үед Соёл, урлагийн хороон дарга байсан Н.Энхбаяр үүнд их мэдрэмжтэй хандаж, зөв шийдвэр гаргаснаар үзмэрүүдийг төрөлжүүлээд, Үндэсний түүхийн болон Байгалийн түүхийн музей гэж тусад нь болгосон юм шүү дээ.
Гэтэл дахиад л Үлэг гүрвэлийн төв музей гээд нэрлэчихдэг юм байна.
Нэрнээс гадна тэр музейн өөр нэг эмгэнэл нь юу гээч. Дандаа хууль бусаар гадагш гаргасан зүйлүүдийг буцааж авчраад тавьсан байгаа. Дэлхийд энэ талаар мэдвэл маш ноцтой. Яагаад гэвэл, палеонтологийн олдворын гарал үүсэл тодорхойгүй бол шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулахыг хориглодог. Хэрэв эргэлтэд оруулсан бол олон нийтийг хуурч, мэхэлсэн гэмт хэрэг гэж үздэг.
Гэтэл манайх тийм ёс зүйгүй аашилж, бүхэл бүтэн музей гээд явж байна. Би холбогдох хүмүүст нь “Та нар хууль бус малтлагыг сурталчлах гээд байгаа бол хаягаа өөрчил. Хэлмэгдэгсдийн музей гэдэг шиг Монголоос хууль бусаар гаргасан палеонтологийн олдворын эмгэнэлт музей гэж нэрлэ” гэдэг.
-Манай говь нутгуудад үлэг гүрвэлийн парк, музей гэхчилэн маркетинг талдаа сайн ажилладаг. Гэхдээ мөн л мэргэжлийн хүмүүстэй зөвлөөгүй, мэдлэг, мэдээлэлгүй хандсан нь Монголд огт байгаагүй үлэг гүрвэлүүдийн баримлыг их мөнгө зарцуулж авчраад тавьсан харагддаг.
Ер нь музей нэртэй тийм газар орон нутагт олон байх нь зөв үү. Мэргэжлийн хүний хувьд та бодлоосоо хуваалцана уу?
-Мэргэжлийн хүнээ бэлтгээд, үзмэрүүдээ судлаад музей байгуулдаг ёс журмаар нь явах учиртай. Ер нь музей бол өч төчнөөн ном уншиж олж авах мэдлэг, мэдээллийг богино хугацаанд өгөх үүрэг, зорилготой газар шүү дээ. Тэгэхээр хаана байхаас үл шалтгаалаад тийм музей олшрох тусмаа л сайн. Манайх шиг цөөн хүн амтай жижиг улсын хувьд заавал хүрээлэнтэй байна гэхэд хэцүү.
Тэглээ гээд мэргэжлийнхнээс заавар, зөвлөгөө авахгүй ажиллаж болохгүй л дээ. Манай эрдэмтэн, судлаачдад хандвал үнэрхэж сүйд болохгүй, чадлаараа л зөвлөнө шүү дээ. 1990-ээд онд Өмнөговийн музейн дарга болсон хүн надтай уулзаад “Үзмэрүүдээ шинэчилмээр байна. Бид хайгуул хийх гэсэн юм, яах вэ” гэж байна. Музейд нь палеонтологийн чиглэлийн хүн нэг ч байхгүй хэрнээ шүү дээ. Болохгүй, хүнээ бэлд гэсэн.
Энэ явдлын дараахан Баянзагт бид нэг хүнтэй халз туллаа. Дээлтэй нэг нөхөр үлэг гүрвэлийн ясыг аргал түүж байгаа юм шиг хормойлчихсон явж байхтай таараад асуутал аймгийн музейгээс явуулсан манаач гэдэг байгаа. Хамгийн аймшигтай нь, Нэмэгтийн хотгороос бид өмнө жил нь илрүүлээд, малтлага хийх шинэлэг арга хайж судална гээд хөндөлгүй орхисон олдворыг музейн нөхдүүд юу ч үгүй болгоод хаячихсан байсан.
Тэр нь бүр Монголоос анх удаа илэрсэн, махан идэшт тарбозаврын арьсных нь ор мөр хадгалагдсан маш шинэлэг олдвор байсан юм. Түмэн олонд хууль бус малтлагын хор уршгийг ойлгуулж, сурталчлах ёстой хүмүүс өөрсдөө буруу аргаар явсан нь ийм хандлага хавтгайрахад нөлөөлсөн гэж боддог. Тухайн үед энэ талаар хууль байсангүй. Одоо харин яасан бол. Шинэ хуульд бид Соёлын эсрэг гэмт хэрэг гэсэн санал оруулсан. Батлагдсан, эсэхийг сайн мэдсэнгүй, судлаагүй байна.
Өөр нэг сонин түүх ярихад, цагдаагийн байгууллагад хураагдаж, хэрэг үүсгээд, шалгасан зарим нэг зүйлийг манай хүрээлэн рүү явуулдаг юм. Хөөрхий нэг цагдаа “Цогтбаатар гуай, ийм олдворын араас хөөцөлдөх чинь ёстой там юм байна. Гурван сар гаруй нойр, хоолгүй шахуу гүйсээр эзэн холбогдогчийг нь тогтоосон ч ердөө 50 мянган төгрөгөөр торгоод л явуулчихсан. Миний хөдөлмөр талаар боллоо. Тэр нөхөр торгуулчихаад гарахдаа “Шархаа нөхнө өө” гэж хэлсэн” гэж ярьсан.
-1990-ээд оны сүүлчээр үлэг гүрвэлийн өндөг их үнэд хүрдэг гээд бараг сүрэглэн дайрсан байх. Одоо хэр байгаа бол?
-Бид ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлтгэж байсан Өмнөговийн Алгуй Улаанцав гэж үлэг гүрвэлийн өндөгний олдвор ихтэй гайхалтай сайхан газрыг хүмүүс ёстой талхалсан. Үүнд нутгийнхан нь ч оролцсон. Бараг хүн бүр өндөг мөн үү, үзээд өгөөч гэчихсэн барьж явсан үе. Эхэндээ бид мөн, биш гээд тодорхойлдог байсан. Гэтэл сүүлдээ бүр эх толгойгүй болж, цагдаагийн байгууллагаас “Танайх тодорхойлж өгөхөөр өндөг хайгчдад боломж олгож байгаагаас өөрцгүй учраас боль” гэсэн.
Үлэг гүрвэлийн өндөгний “бүүм” гэхээс аргагүй 1990-ээд оны сүүлч үеийг энэ жишээ харуулах байх. Ямар сайндаа тэр үед бид хээрийн судалгааныхаа тайлангийн төгсгөлд “Хууль бус малтлагын ор мөр” гэсэн бүлэг хүртэл оруулдаг болсон. Аргаа бараад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Хэн ч тоогоогүй. Гэтэл 2012 онд Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар Монголынх байх магадлалтай яс нэг сая доллароор зарагдах болсон сургаар манайхан үлэг гүрвэлд хайртай болцгоосон.
Гэхдээ яг үнэндээ үлэг гүрвэлд нь, боловсрол, танин мэдэхүйн ач холбогдолд нь биш, мөнгөнд нь “дурласан”. Та түрүүн манай дарга нар өнгөц мэдлэгтэй гэсэн. Яг үнэн шүү.
Батаарын хэргээс хойш хууль бус малтлага харьцангуй гайгүй болсон ч арга нь улам нарийссан гэж боддог.
-Аялал жуулчлалыг ногоон үйлдвэрлэл гэдгийг улстөрчид их ярьдаг ч үнэндээ сайн ойлгодоггүй. Салбарын хүний хувьд яривал олон зүйл байна л даа. Жишээ нь, 1990-ээд онд ирсэн жуулчдыг музейд аваачиж, үлэг гүрвэлийн үзмэрүүдтэй танилцуулдаг байлаа. Одоо тэр музей хаалттай байна.
Лениний музейд байрлуулсан үзмэрүүдийг гадаадынханд үзүүлэх нь үнэхээр учир дутагдалтай гэдгийг мэргэжлийн бус ч гэсэн бид ойлгодог учраас тийш нь жуулчин аваачдаггүй. Нэг удаа үзүүлээд л хаширсан. Бид одоо “Хүннү молл”-ын хэдэн үзмэрээс цааш үнэндээ гарахгүй байна. Нөгөөтэйгүүр, жуулчид зүгээр нэг үзмэр харах биш, яг газар дээр нь очих сонирхолтой болсон нь мэдрэгддэг. Орон нутгийн музейнүүдийн хувьд тайлбар, мэдээлэл өгөхдөө дутмаг санагддаг. Зарим улс зохиомол түүх, хиймэл орчноор өчнөөн мөнгө олоод байхад манайх бэлэн “хоолоо” боловсруулж чадахгүй байна.
Эсрэгээрээ бүтээснээ баллаж, сүйтгээд, самраад байгаа нь харамсалтай. Сүүлийн үед шинжлэх ухааны аялал жуулчлал дэлхий нийтэд их эрчтэй хөгжиж байна. Та бүр ерээд оноос энэ тухай дуугарч, бидэнтэй хамтрах санал гаргаж, үүнийхээ үр дүнг эхнээс нь амсаж байгаад талархаж явдаг. Үүний нөлөөгөөр палеонтологийн шинжлэх ухаанд дуртай, сонирхолтой хүмүүсийг Монголд авчраад, өөрсдийнх нь зардлаар тодорхой малтлагын ажилд туслуулдаг болсон.
Ийм аяллаар ирсэн австрали хүмүүс гайхаж, баярлаад бүр шоконд орохыг би харсан. “Цогтбаатар гуай, энийг ч, тэрийг ч малтахгүй юм уу” гэж ийш тийш харайлгаж, уулга алдаад бараг дэвхцээд гүйснийг та санаж байна уу. Үүнээс гадна Палеонтологийн хүрээлэнгийн лабораторид аваачаад олдворуудыг хэрхэн бэлтгэж, судалж буйтай танилцуулах боломж нээгдсэн. Энэ мэтээр үлэг гүрвэлтэй холбоод аялал жуулчлалаар тодорхой мөнгө босгох боломж харагддаг. Энэ талаар та товчхон мэдээлэл өгөөч.
Нэг зүйлийг дашрамд дурдахад, энэ эхлэлээс үүдээд бид археологи, биологийн шинжлэх ухааны аяллыг хөгжүүлж байна. Жишээ нь, зөвхөн Монголд л байдаг “Аполло 89” хэмээх эрвээхэйг харах гэж гадаадынхан Хөвсгөлд очдог болсон. Энэ мэтээр хүний сонирхол татах зүйлээ тодорхой болгосноор олон жуулчин авах боломжтой. Манайд энэ салбар юугаараа хэрэгтэй вэ гэдэг хэлбэрээ төрийн түвшинд шинжлэх ухаанчаар тодорхойлж чадаагүй л байна.
Энэ их чухал шүү. Ямар орлого олохоо хүртэл бүр нарийн гаргах боломжтой гэсэн үг. Тухайлбал, Бутан улс гадаадын нэг жуулчнаас хоногт багадаа 250 “ногоон” босгохоор бүх зүйлээ нарийн тусгасан байдаг. Заавал орон нутгийн компаниар дамжуулан ирэх ёстой.
Тэгээд тухайн нутгийн хөтөч, тайлбарлагчтай явна гэхчилэн хуульчилснаар энэ салбарын ашиг тусыг энгийн иргэдээс эхлээд албан байгууллага, компани гээд нийтээрээ хүртэх боломж бүрдүүлсэн байдаг.
-Манайхан аялал жуулчлалыг үлэг гүрвэлтэй адил их ерөнхий ойлгодог. Гадаадын хэдэн хүнийг хөдөө нутагт аваачиж, аятайхан хооллоод, амьд мэнд буцаахыг л аялал жуулчлал гэж ойлгоод байх шиг. Гэтэл дэлхийн чиг хандлага энэ тал дээр улам нарийсаж, боловсронгуй болж. Үүний илрэл нь шинжлэх ухааны аялал жуулчлал маш эрчимтэй хөгжиж байна.
Мэдээллийг хаанаас ч шуурхай авах боломжтой болсон эрин зуунд аливааг өнгөц харах бус, шинжлэх ухааны үндэстэйгээр шинэ зүйл мэдэх, түүнд гар бие оролцох хандлага л даа. Палеонтологийн чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлэх арвин боломж, нөөц, суурьтай зургаан л улс байгаагийн нэг нь Монгол. Энэ давуу талаа манай аялал жуулчлалын компаниуд 1990-ээд онд ашиглах оролдлого зөндөө хийсэн. Гэхдээ маш буруу аргаар.
Нэг компани сурталчилгааныхаа хуудсанд “Та Монголын говьд ирж өөрийн гэсэн үлэг гүрвэлтэй болох боломжтой” гэж бичсэн байсан шүү дээ. Монголын иргэн ч эзэмших эрхгүй нийтийн өмчийг гадаадын хүнд өгнө гэж бужигнуулж байсан үед бид “Жуулчин” компанийн менежер Бадралтай холбогдож, бүх зүйлийг ном журмынх нь дагуу явуулах боломж хайж эхэлсэн юм. Бид хээрийн судалгааныхаа зөвшөөрлийг хуулийн дагуу аваад, бүр тодруулбал, Монголд энэ чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлэх суурийг албан ёсоор тавьсан.
Жил ирэх тусам үйл ажиллагаа маань чамбайрч байгаа. Хөөрхий, дуртай хорхойтой нөгөөх жуулчдынхаа мөнгөөр л манай багийнхан ажиллаж, малтлагаа хийнэ шүү дээ. Тэгээд илрүүлсэн бүх олдвороо нэгбүрчлэн бүртгэлжүүлээд, манай сан хөмрөгт хадгалуулаад явдаг. Нөгөөтэйгүүр, ийм чиглэлийн аялагчдыг ахалж, тухайн орны мэргэжлийн палеонтологич, нэртэй эрдэмтэн, судлаач ирдэг уламжлал бүр тогтсон.
Энэ бол маш том амжилт, Монголыг ч, манай салбарыг ч, гэр бүлийн жуулчлалыг ч хөгжүүлэхэд гайхалтай сурталчилгаа. Гэхдээ энд нэг зүйлийг зөв ойлгох учиртай. Малтлагаа манай мэргэжилтнүүд хийдэг. Шороо цэвэрлэж, зайлуулах зэрэг жижиг ажилд жуулчид тусалж, гар бие оролцсоноороо таашаал авч, дурсамжтай үлдэж байгаа юм.
Тэгэхээр одоо шинжлэх ухаанчаар хандаж, энэ хоёр салбарыг уялдуулан хөгжүүлэх боломжийг зөв харах хэрэгтэй. Ганцхан жишээ хэлэхэд, гурван жилийн өмнө энэ чиглэлээр Монголыг үзсэн австрали аялагч өнгөрсөн зун ирээд, сар гаруй болоод буцахдаа “Би эргэж ирнэ ээ” гэсэн. Манайхны нэг муухай зан нь бусадтай хуваах дургүй, монополь байх сонирхолтой.
Нэг ядарсан хүн ус зарж байвал боломжийг нь хаагаад өөрөө зүтгэх жишээтэй. Монгол ядуурлын талаар ярих ямар ч үндэсгүй сайхан орон шүү дээ, уг нь. Бусад орон ямар байдгийг түрүүн Бадрал захирал ярьсан.
-Бид хөгжихийг хүсэж байгаа бол иргэдийн боловсролд анхаарч, сэтгэхүйг нь өөрчлөх, хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, бодлого боловсруулах хэрэгтэй. Үүнийг би 1990-ээд онд Өмнөговь аймагт “Гурван тэмээт” баазын төсөл хэрэгжүүлэх явцдаа илүү мэдэрч, ойлгосон. Палеонтологийн олдворуудыг монголчууд өөрсдөө л ухаж, эвдэж, зарж байсан.
Хэн нэгэн хятад, эсвэл орос биш, монгол хүн нутгаа сүйтгэж байсан. Үнэхээр харамсмаар. Энэ бол оюуны доройтол. Тиймээс бид хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүд боловсруулж, Байгальд ээлтэй хүүхдүүдийн холбоо, Өсвөрийн байгаль хамгаалагчдын клуб байгуулж, сургалт явуулдаг болсон.
-Энэ үнэхээр чухал. Дэлхийн түүхийн гэрч болсон олдвор хаа сайгүй байдаггүй. Хэдхэн л улсын нутагт байдгийг ойлгоогүй учраас хэдэн төгрөгийг чухалчилж, ухаж төнхөөд байгаа юм. Тиймээс бид олсон сайхан зүйлээ харуул хамгаалалттай болгохоос өөр аргагүйд хүрсэн. Жишээлбэл, Шарцавын олдвороо хашааллаа. Тэгтэл төмөр торыг нь зөөгөөд эхлэхээр нь манаачтай болголоо. Тэгэхийн тулд худаг ухлаа.
Энэ мэтээр чирэгдэл, зардал их гарахаар нэг арга бодсон нь аялал жуулчлалын салбартай хамтрах төсөл байсан. Нэг жилийн хугацаанд ухаан уралдуулан боловсруулсан бидний менежментийн төлөвлөгөө захаасаа хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа. Энэ талаараа жаахан дэлгэрүүлмээр байна. Монголоос үлэг гүрвэлийн өндөг, яс олон илэрдэг ч мөр нь олддоггүй гэсэн “данстай” явсан. Тэгтэл 1995 оны долдугаар сарын 31-нд миний удирдсан Монгол, Японы хээрийн судалгааны багийнхан Өмнөговьд ажиллачихаад дараагийн хуваарьт Дорноговь руу нүүхээр Шарцаваар дайран өнгөрч байтал одоо бол азаар, тэр үед гайтай юм шиг машин маань халаад зогсчихлоо.
Бид буугаад сурсан зангаараа орчноо сонирхоод явж байтал япон судлаач Мацүмота гүйхээрээ ирээд “Би үлэг гүрвэлийн мөр олчих шиг боллоо” гэсэн. Итгэж ядлаа. Үнэхээр мөн байсан. Хэмжихэд бараг хоёр км газраас 5-6 янзын үлэг гүрвэлийн 18 000 орчим мөр илэрсэн. Үнэхээр гайхмаар, бахархмаар. Түүнээс хойш тэнд дөрвөн удаа хээрийн судалгаа хийж, олон улсын хурлаар хэлэлцүүлж, Монголоос үлэг гүрвэлийн мөр олсныг баталсан.
Ингэж байх хооронд “Гариг” студийн Бадамсамбуу энэ талаар зурагтаар цацаж, мөрөн дээгүүр үлэг гүрвэл “болж” гүйснээс хойш их мэдэгч нар нөгөөх олдвор дээгүүр машин, мотоциклтой давхиад, тэр ч бүү хэл, зарим мөрийг нь хөрөөгөөр зүсэж аваад, сүйд хийж байна аа. Дэлхийд ховор олдвороо үгүй хийлгэхгүйн тулд Оюутолгойн нөлөөллийн бүсэд багтдагийнх нь хувьд төсөл бичсэн.
Тэгж байж өвөл нь “Оюутолгой” компаниас хөрөнгө гаргуулаад хэдэн судлаачтайгаа нөгөөх газартаа Манлай сумын залуучуудыг дайчлаад хашаа босгосон түүхтэй. Энэ ажилд маань Ё.Бадрал, зохиолч Дашдооров гуайн хүү Гэрэлтөв нарын боловсролтой, сэхээтэн залуус дэм болж, аливааг арай өөрөөр харж байгаа нь талархууштай.
Энэ мэтээр бүхэлд нь дүгнэхэд бид буруу замаар будаа тээсэн ч монголчууд маань мэдрэмжтэй улс алдаагаа ойлгож, засаж залруулаад явж байна. 2008 онд Шарцавыг улс болон орон нутгийн хамгаалалтад байлгах түүх, дурсгалын газрын жагсаалтад оруулж, 2014 онд Засгийн газрын тогтоолоор Палеонтологийн дурсгалт газар гэсэн шинэ төрлөөр зарласан. Дараа жил нь “давраад” Шарцав зэрэг 13 газраа ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалтад оруулах хүсэлт гаргаад, 2016 онд хариу авсан.
Энд нэг зүйлийг бас тодруулж хэлмээр, шүүмжилмээр байна. Манай салбарын олдворууд Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хуулиар зохицуулагддаг. Гэтэл энэ бол дан ганц соёлын өв биш. 1972 онд баталсан Олон улсын конвенцод зааснаар палеонтологийн олдворыг байгалийн болон соёлын өв гэдэг. 2014 онд Соёлын өвийг хамгаалах хуулийг шинэчлэх ажлын хэсэгт би багтаж “байгалийн өв” гэсэн үг оруулах гээд дийлээгүй.
Олон улсад Палеонтологийн дурсгалт газар гэсэн ангилал байдаг аж. ЮНЕСКО 2013 онд бодлогоо боловсруулахдаа геопаркийн гэсэн тодотголтой шинэ хөтөлбөр баталжээ. Үүнд байгалийн бүх өв хамаарах бөгөөд геопаркийн бүс нутагт тухайн газрынхан үйл ажиллагаа явуулах боломжтой. Ингэхдээ хамгаалах обьектоо хөндөхгүй. Энэ мэт олон шинэлэг хийгээд сайхан мэдээллийг манай зочин Х.Цогтбаатар гуай хүргэлээ.
Мэргэжилдээ эзэн болсон, салбараа мэддэг, тулгамдсан асуудлаа боломжийнхоо хэрээр шийдэхийн төлөө эрэл хайгуул хийдэг, хөдөлмөрч, боловсролтой уншигч-сурвалжлагч, зочин хоёр маань үнэхээр өгөөжтэй, мэдлэг нэмсэн яриа өрнүүлснийг бүгдийг нь багтаах боломжгүй нь харамсалтай.
Юутай ч, палеонтологи, аялал жуулчлал гэсэн хоёр салбарыг уялдуулж, холбож чадвал улс “ходоодоо нуруундаа наалдтал” бүсээ чангалах хүндрэлээс гарах гарц байгааг тун энгийнээр тайлбарласныг эрхэм дарга, холбогдох яам, тамгын газрынхан анзаарч болгоогоосой гэж хүснэм.