Дэлхийн гурван удаагийн аварга, Азийн АШТ-ий хошой алтан медальтай Г.Угалзцэцэг өнгөрсөн сард охинтойгоо хамт олон улсын тэмцээнд оролцож ганзага дүүрэн ирсэн билээ. Тодруулбал, БНХАУ-д болсон бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээнд Г.Угалзцэцэг түрүүлж, түүний охин М.Мойлоо бикини модель төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Ээжийгээ дуурайн спортод хорхойсож, богино хугацаанд өндөр амжилт гаргаад буй М.Мойлоо “Анх удаа олон улсын тэмцээнд оролцлоо. Ээжтэйгээ хамт тэмцээнд оролцож, нэг тайзан дээр гарахыг хүсдэг байсан минь биелсэн” гэсэн юм. Тэднийг “Удам залгамж” буландаа урилаа.
-Та 2014 оноос бодибилдингийн спортоор хичээллэж, 2015 оноос хойш дарааллан гурван жил дэлхийн аварга болсон. Спортын энэ төрөлд богино хугацаанд өндөр амжилт гаргасан тамирчны тоонд орно. Таны охин бас энэ спортод дурлажээ дээ?
Г.У: -Тийм шүү. Богино хугацаанд чамгүй амжилт гаргалаа. Одоо энэ амжилтаа бататгаж, улам ахиулах зорилготой. Анх эрүүл мэнддээ анхаарч, жингээ хасах зорилготойгоор хичээллэж эхэлсэн ч удалгүй улам шунаж, мэргэжлийн тамирчин болохоор зорьсон юм. Охин минь ч надтай адил. Би 2014 онд фитнессийн зааланд анх очихдоо охиноо дагуулж очсон санагдана. Миний охин тэр үеийг санадаг уу?
М.М: -Саналгүй яах вэ. Би багаасаа унаган мариатай байсан юм. Анх турах зорилгоор фитнессээр хичээллэсэн. Ээж хажууд байсан болохоор их дуртай хичээллэдэг байлаа. Удалгүй ээж улсын болоод олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж, би ч урамшин хичээх болсон. Хичээллэж эхлэхдээ 63 кг жинтэй байлаа. Одоо би 49 кг-д тэмцээнд оролцдог.
Нас, хүйс харгалзалгүй ямар ч хүн хичээллэж болдог, өв тэгш бие бялдартай болгодог болохоор спортын энэ төрөлд үнэхээр дуртай. Тамирчны амьдрал миний төсөөлснөөс хэцүү. Анхандаа шантармаар байсан ч ээжээсээ үлгэр дуурайл авч, хичээсээр л байна.
-М.Мойлоо өнгөрсөн зун анх удаа тэмцээнд оролцсон юм билээ. Ойрын хүмүүсээс тань сонсоход таныг охиноо голоод тэмцээнд оролцуулалгүй өнжөөдөг байсан гэсэн.
Г.У: -Өөрийн хүүхэд болоод ч тэр үү, болоогүй юм шиг санагдаад чамлаад байдаг юм. Хүмүүс болохоор “Сойгоод үз. Бэлтгэлээ сайн хийж байгаа” гээд л тоогоод байдаг. Охин минь өнгөрсөн зун “Ibiza out”, “Shinobu cup” тэмцээнд оролцсон. Эхнийхэд нь шилдэг тавд шалгарч, сүүлийнхэд нь тоймтой амжилт шагналт байрт шалгарч байсан туршлагатай тамирчидтай өрсөлдсөн юм.
Байр эзэлж чадаагүйдээ ч юм уу, эсвэл шарандаа юу бүү мэд, миний охин тайзны ард уйлчихсан. Охиноо тэмцээнд оролцохыг харах нь өөрөө өрсөлдөхөөс хэцүү юм билээ.
-Шарандаа уйлсан юм уу?
М.М: -Тийм байх аа. Ээж намайг тайвшруулсан. “Энэ бол тэмцээн. Чи ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Ялагдсан ч өрсөлдсөн тамирчдадаа чин сэтгэлээсээ баяр хүргэж сур. Тамирчин хүн тийм л сэтгэлийн хаттай байх ёстой. Анхны тэмцээн юм хойно алдалгүй яах вэ. Гэхдээ алдаагаа давтаж болохгүй шүү” гээд аргадсан.
-Өнгөрсөн сард БНХАУ-д болсон тэмцээнд хамт оролцож, хоёул өндөр амжилт гаргалаа. Тэмцээнд хамт явахад ямар санагдав?
Г.У: -Энэ сарын 11-нд оюутны АШТ болох юм. Охин минь өнгөрсөн зунаас эл тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа. Хятадад болсон тэмцээнд би өөрөө оролцох болохоор охиноо авч яваад өрсөлдүүлээд үзье гэж бодсон. Байнгын бэлтгэлтэй байсан болохоор нь олон улсын тэмцээнд оролцож үзэг, дараа дараагийн тэмцээнд нь туршлага болог л гэж бодсон юм. Яг үнэндээ охиноо хүрэл медаль хүртэнэ гэж бодоогүй. Шагналаа гардах үед нь ямар их баярласан гэж санана.
М.М: -Дэргэд ээж байсан болохоор ерөөсөө эмээгээгүй ээ. Их түшигтэй байсан.
-Бусад тамирчныг тэмцээнд бэлдэх, охиноо дасгалжуулахад ялгаа бий юү?
Г.У: -Хэцүү. Энэ спортын хүнд гэдгийг мэддэг болохоор охиноо яг түүнийг мэдэрч байгаа гэж бодохоор өрөвдөөд байдаг юм. Ээж бүхэн л тэгэх байх. Бусад шавиа “Зүтгээд бай. За алив өргө” гээд л их шахдаг. Тэгсэн атлаа охиноо болохоор шахаж чаддаггүй.
М.М: -Нээрэн, намайг өрөвддөг байх аа. Бэлтггэлээ хийж чадахгүй, туйвангаа өргөж дийлэхгүй үед “Миний охин чадна шүү. За алив ээ” гээд л урамшуулдаг юм. Гэхдээ ид бэлтгэлийн үеэр ганц хоёр чихэр идээд загнуулах үе ч байдаг. Бас шахах үедээ шахна шүү.
-АШУҮИС-ийн эм зүйн ангид сурдаг гэсэн. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээнд оролцоод их ядардаг уу?
М.М: -Энэ жил төгсөх дамжаа болохоор бүр ч их ачаалалтай байгаа. Өглөө хичээлдээ яваад өдөр бэлтгэлээ хийнэ. Орой тараад даалгавраа хийчихээд л унтана. Маргааш нь дахиад л. Аль алийг нь цалгардуулахгүйг л хичээдэг.
Г.У: -Би бас хэлээд л байгаа юм. Хичээлээ цалгардуулж болохгүй. Юуны төлөө олон жил суралцаж байгаа билээ, эцсийг нь үзэх ёстой шүү дээ.
Тэмцээнд оролцох үедээ багш нартаа албан ёсоор заавал мэдэгдэж байгаарай, хичээлээ заавал нөхөж бай гээд л. Гэхдээ би өөрөө тамирчин, өдрийн ихэнх цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг болохоор хэлэхээс хэтэрч чадахгүй юм даа.
М.М: -Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, мөн спортоо орхигдуулалгүй давхар амжуулна даа.
-Та охин, хүүтэй. Охин тань таныг дуурайн энэ спорт руу урвачихлаа. Харин хүү нь сонирхож байна уу?
Г.У: -Хүү минь одоо 15-тай. Юм юм сонирхож, үсчиж явдаг төлөвшөөгүй нас шүү дээ. Тиймээс их хүчлэхгүй ээ. Алдаг оног бэлтгэл хийж харагддаг л юм. Гэхдээ өнгөрсөн сард эгчийгээ олон улсын тэмцээнээс медаль хүртээд ирсний маргаашаас бэлтгэлээ овоо хийгээд байгаа. Асуусан чинь “Шар хөдлөөд” гэсэн шүү. Яваандаа дурлаж магадгүй.
-Хамт бэлтгэл хийхээс өөрөөр цагийг хэрхэн өнгөрүүлэх дуртай вэ?
Г.У: -Хүүхдүүдтэйгээ цагийг сонирхолтой өнгөрүүлэхийг хүсэлгүй яах вэ. Булагнах үе бий. Гэхдээ охин хүүхэд аавдаа илүү амь байдаг гэж ёстой үнэн. Надаас илүү аавдаа л хамаг нууцаа ярина. Толгойгоо нийлүүлчихээд л юм ярина, энэ хоёр. “Юу ярьж байгаа юм бэ” гэхээр “Нууц” гээд надад хэлэхгүй.
М.М: -Өдөр хичээлээ тараад ээжтэй хамт байдаг болохоор тэр бүр гадуур гараад байдаггүй. Хамгийн сүүлд Хятадад тэмцээндээ оролцчихоод хамт хооллож, зугаалсан юм байна. Байнгын бэлтгэлтэй байдаг болохоор хүссэнээ идэх боломж хомс. Тийм болохоор ээжээрээ гоё хоол хийлгэж, гэртээ амрахыг хүсдэг. Ээж хоолыг ямар гоё хийдэг гээч.
Г.У: -Намайг хүүхэд байхад манай гэр бүлийнхэн бүтэн сайн өдрийн өглөө банштай цай хийгээд л тойрч суугаад иддэг байлаа. Би бүтэн сайнд л амардаг. Тэр өдөр ханьдаа, хүүхдүүддээ гараа гарган хоол хийж өгөх дуртай. Тэгж байж л гэр бүлийн халуун дулаан уур амьсгал тогтож, илүү жаргалтай байдаг мэт санагддаг.
-Охины тань ямар зан араншин таныг дуурайсан бэ?
Г.У: -Хүмүүс “Яг чам шиг шартай” л гэдэг юм. Эхэлсэн зүйлээ заавал дуусгахаар зүтгэдэг тууштай зан бас бий байх.
М.М: -Ээж их дайчин. Тэр чанараас нь суралцахыг хичээдэг.
-Охиныхоо ямар чанараар бахархдаг вэ?
Г.У: -Миний охин их тэвчээртэй. Бас хүнээс үг сонсож, дааж чаддаг. Тамирчин хүнд дээрх чанарууд зайлшгүй байх хэрэгтэй.
-Та хэр чанга ээж вэ?
Г.У: -Би ер нь их зөөлөн хүн. Өдрийн ихэнхийг бэлтгэлийн танхимд өнгөрүүлдэг, гэртээ ховорхон байдаг болохоор арыг минь дааж үлддэг гэр бүлийнхэндээ баярладаг. Яг үнэнийг хэлэхэд би байрны мөнгө хэд гардаг, хүнсэнд хэдэн төгрөг зарцуулж байгааг мэддэггүй.
Осолдохгүй л байрны мөнгө төлөх хугацаа дөхөж байна шүү л гэж сануулна. Бусдыг нь хань, хүүхдүүд минь амжуулчихдаг.
-Сая олон улсын тэмцээнд оролцоход хүмүүс та хоёрыг ээж, охин гэдгийг мэдсэн үү?
Г.У: -Хэлэхгүй л бол мэддэггүй юм. Тэгээд ч тэмцээнд өөр өөр ангилалд оролцдог болохоор хэлэх шаардлага ч байхгүй. Миний охин гэдгийг нь мэдчихвэл хүмүүсийн хандлага өөрчлөгдөх вий гэж эмээдэг.
-Спортын энэ төрлөөр амжилт гаргасан ээж, охин олон байдаг болов уу?
Г.У: -Гадаадад байдаг л байх. Аав, ээжийгээ дуурайн спортод хөл тавьсан тамирчин олон шүү дээ. Харин Монголд бодибилдинг, фитнессийн төрлөөр амжилт гаргаж яваа ээж, охин биднээс өөр хараахан үгүй байх.
-Таны хань Монголын бодибилдинг, фитнессийн холбоонд саяхнаас ажиллаж эхэлсэн байна билээ. Гэр бүлээрээ энэ спортод зүтгэхээр шийдээ юү?
-Г.У: -Анх намайг энэ спортоор хичээллэнэ гэхэд манай нөхөр ямар их эсэргүүцсэн гэж санана. Эхний тэмцээндээ амжилттай оролцсоны дараа л намайг дэмжиж эхэлсэн. Одоо бол миний хань шиг намайг ойлгож, бэлтгэл хийх боломжоор хангаж, дэмждэг хүн үгүй. Охин минь бас хичээллэж байна.
Сүүлийн үед хүмүүс “Хүү чинь хэзээнээс хичээллэх гэж байна вэ” гэж их асуудаг боллоо. Бид чинь энэ спортын хүндийг биеэрээ мэдэрч, туулж яваа шүү дээ. Ашиг олох биш, залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор хань минь холбоонд ажиллаж байгаа.
-Та хоёрын оролцох хамгийн ойрын тэмцээн хэзээ, хаана болох вэ?
Г.У: -Энэ сарын 20-нд ӨМӨЗО-д болох тэмцээнд манай холбооны бүх тамирчин оролцохоор зэхэж байна. Харин би өнжих байх. Ирэх гуравдугаар сард тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа.
М.М: -Энэ сарын 11-нд оюутны АШТ-д оролцоно. Оны дараа хотын АШТ-д өрсөлдөнө. Дараа нь УАШТ-д оролцож үзмээр байна. Цаашлаад Азийн, дэлхийн АШТ-д бүгдэд нь оролцохыг хүсдэг. Дэлхийн аварга болохыг мөрөөддөг.