Өвөөгийнхөө мэндэлсний 110 жилийн ойн үеэр
“Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” сэдэвт бүтээлээрээ шинжлэх ухааны нээлтийн эзэн болж, биологийн болон мал эмнэлгийн салбарын дэлхийн шилдэг эрдэмтдийн намтрын хураангуй тольд Чарльз Дарвин хийгээд Нобелийн шагналтнуудтай хамт Монголоос ганцаараа нэрээ мөнхжүүлсэн эрхэм хүмүүн бол академич Цэвэгийн Тойвгоо агсан. Их эрдэмтний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ШУА, түүний нэрэмжит Мал эмнэлгийн хүрээлэн, үр хүүхдүүд нь хамтран, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг саяхан зохион байгуулсан.
Орчлонд зулай зулайгаа гишгэж ах, дүү 12-уулаа нэгэн голомтод төрсөн боловч “цагаан бурхан” хэмээх аюулт өвчний улмаас аав ээж, ах эгч нар нь хорвоог орхиход дөрвөн өнчин хүүхэд торойж үлдсэний хамгийн бага нь Ц.Тойвгоо байж. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул тэрбээр нааш гэсэн төрөл садангуудаараа хэсүүчлэн амь зууж өсөөд, хожим дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт эрдэмтэн болсон хэдий ч атаа жөтөө, хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр түүнийг тойроогүй гэдэг.
Академич Ц.Тойвгоо агсны хүү, Монгол Улсын хүний Гавьяат эмч Т.Тамиртай уулзахад “Би өөрийнхөө тухай юу ярих вэ. Харин аавынхаа тухай бол ярих зүйл бий шүү” гэж даруухан загнасан юм.
-Тойвгоо агсныг зөвхөн эрдэм номын мөр хөөсөн нэгэн бус, нийгмийн их идэвхтэй, бурууд хатуу, хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг, энэ зангаасаа болж багагүй матуулж явсан гэдэг.
Харин таны багын дурсамжинд аав тань ямраар “зурагдаж” үлдсэн бол?
-Миний л мэдэхээр манайд их олон хүн цугладаг байсан санагддаг юм. Эрдэм номын хүмүүс ажлынхаа тухай хэдэн цагаар ч хамаагүй яриад л байдаг. Тэд хоорондоо мэтгэлцээн, маргаан ч өрнүүлнэ. Аав минь эрдмийн ажилдаа их махруу. Толь бичгээ “нухаад” өглөөнөөс орой болтол суух энүүхэнд.
Гэрлээ асаахаа ч мартаад суучихдаг учраас бид өрөөнд нь орж, асааж өгдөг байв. Гэхдээ аав гэр орны ажил, хоол унд хийх зэрэгт хойш сууна гэж ер үгүй. Ер нь л юм юманд элдэвтэй, их сониуч хүн дээ. Шүлэг, дууны үг бичнэ, төгөлдөр хуур, хийл, мандолин хөгжим тоглоно.
Бас шатар маш сайн нүүдэг. Зөвхөн тоглоод зогсохгүй, шатрын талаар судалгаа ч хийсэн.
Аав, хүү хоёр. 1978 он
-Аавыг тань матуулж, хэлмэгдүүлэх гол шалтгаан болсон бог малын төл хүлээн авах хугацааны тухай судалгааны ажил нь хожим түүнд Төрийн шагнал авчирсан байх аа.
Хүн зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэвэл үр дүнд заавал хүрдгийн тод жишээ тэр юм даа?
-Тийм ээ. 1960-аад онд аавыг Мал аж ахуйн хүрээлэнд ажиллаж байх үед “Эрт гарсан хурга тэсвэр хатуужилтай болохын сацуу мах, ноос нь ч арвин байх юм байна. Тиймээс бог малыг өвөл нэг, хоёрдугаар сард төллүүлж болно” гэсэн МАХН-ын Төв хороо, ХААЯ-ны шийдвэр гарч, малчид хөхөө өвлийн хүйтнээр малаа төллүүлж эхэлсэн юм билээ.
Гэтэл бог мал, тэр дундаа хонь олноор хорогдох болсон тул аав үүнийг нь буруу гэдгийг нотлохын тулд говь, ойт хээр, тал хээрийн бүс буюу Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуй болон Дундговийн Эрдэнэдалай, Дорноговийн Эрдэнэ суманд 10 орчим жил туршилт, судалгаа хийсэн байдаг. Ингээд Монгол орны цаг агаарын нөхцөлд бог малыг хавар гуравдугаар сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд төллүүлэх нь зүйтэй гэдгийг нотолж.
Гэвч “Намын бодлогын эсрэг дэмий юм бурж явдаг этгээд”, “Улсын мал аж ахуйг үгүйрүүлэх гэлээ” гэх мэтийн улстөржсөн матаасаас болоод туршилтын үр дүнг нь хүлээж авахгүй байхаар нь тухайн үеийн “Үнэн” сониноор хэлэлцүүлэг өрнүүлж, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг оролцуулсны хүчинд төр, засгийн шийдвэрийг өөрчлүүлсэн гэдэг.
Хурганы ноосны төлөвлөгөөний араас хөөцөлдөж байж бог малаа олноор нь хорогдуулаад байх юм уу, эсвэл эх, хурга хоёр амьд үлдэх нь чухал юм уу гэсэн асуулт тавьж, хариуг нь өөрөө олж өгсөн хэрэг л дээ. Харин сүүлд ардчилсан хувьсгал ялснаар аавын хөдөлмөрийг үнэлж, тухайн үеийнхээ ханшаар 60 гаруй сая төгрөгийн үр дүнтэй ажил туршиж, амьдралд нэвтрүүлсэн гээд 1990 онд Төрийн шагнал хүртээсэн.
-Дэлхийн шинжлэх ухаанд “Энэ бол нээлт мөн” гэж хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн ажлынх нь онцлог, ач холбогдлын талаар тодруулж ярихгүй юү?
-Аав техникум төгсөөд, хөдөө малын эмчээр ажиллаж байхдаа нээлт хийсэн судалгааны бүтээлийн санаагаа олж, амьдралынхаа туршид түүнийгээ үргэлжлүүлсэн дээ. Хөдөөнөөс ирэхдээ шуудайд хийсэн баахан үхрийн эвэртэй ирсэн гээд шоолуулж байсан гэдэг. Сав л хийвэл эвэр хөрөөдөөд суучихдаг байсан аавыг минь мэдэхгүй хүмүүс их гайхдаг байж билээ.
“Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” хэмээх сэдэвт нээлтийн агуулгыг хоёр зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, үхрийн толгойны ясны хонгилуудын үүсэх, ялгарах цаг үе, хойшдын насны хувирлын үзэгдлүүд шинжлэх ухаанд судлагдаагүй байсныг анх хөндсөн юм билээ. Тухайн үед хонь, үхэр тархины хорхой буюу эргүү өвчин тусах нь элбэг байсан гэдэг. Ийм нөхцөлд мэс заслын аргаар буюу толгойны ясыг нь өрөмдөж цоолоод, өвчин үүсгэгчийг авах ёстой ч зөв хийхийн тулд малын толгойн ясны хувирлыг сайн мэдэх шаардлагатай байж.
Үүнийг мэдэхгүй бол тархины хонгил гээд духны хонгилыг нь өрөмдөх аюултай гэсэн үг. Зарим эрдэмтэд бүр үхэрт духны хонгил гэж байхгүй, хаана нь ч цоолж болно гэдэг байхад харин аав ийм зүйл байдгийг илрүүлээд зогсохгүй, үхрийн духны хонгил үүсэх хугацаа, хэвлийдээ байх үеийн хэмжээ, хязгаар, байрлалыг нь тогтоож өгч. Ингэснээр ямар насны үхрийн тархийг хаана нь өрөмдөж цоолбол өвчилсөн хэсгийг мэс заслаар авч болох вэ гэдэг эмчилгээний оновчтой арга манай улсад нэвтэрсэн.
Хоёрдугаарт, үхрийн эвэрт цагариг үүсэх шалтгаан, түүний гол хүчин зүйлийн тухай уламжлалт ойлголтыг халсанд бас нэгэн ач холбогдол нь оршино. Эврийн цагаригаар нь үнээг хэд тугалласныг мэдэж болно гэдэг байсан ч үнэндээ эр үхэрт ч тийм цагариг байдаг шүү дээ. Тиймээс аав уйгагүй судалгаа хийсний эцэст үхрийн эвэрт үүсдэг цагариг нь улирал болон идэш тэжээлийн онцлог гэх мэтчилэн байгалийн хүчин зүйлээс шалтгаалдаг гэдгийг анх нээсэн юм.
Эврийн цагариг нь үхрийн насыг тодорхойлоход чухал тул аж ахуй, эдийн засгийн олон асуудалтай уялдаж ач холбогдол нь илэрдэг юм байна. Тухайлбал, энэ нь малыг эдэлгээнд ашиглах, заазлах, бордох, хүнсэнд хэрэглэх, худалдан борлуулах хамгийн тохиромжтой хугацааг зааж өгдөг гэсэн үг.
-Тойвгоо гуай орос, монгол нэр томьёоны нүсэр том толь бичиг хийж байсан гэдэг. Тэр толь бичгийг хэвлэж, олон нийтэд хүргэх ажил юу болж байна вэ?
-“Орос, монгол тусгай болон түгээмэл үг хэллэгийн толь” гээд 180 мянга гаруй үгтэй толь бичиг хэвлүүлчих санаатай бид хэдэн жил л ноцолдож сууна. Үнэндээ л нүсэр ажил байдаг юм байна. Зөвхөн компьютерт шивж оруулахад хоёр жил зарцууллаа. Аав, ээж хоёр минь 30 гаруй жилийн хүч хөдөлмөрөө энэ толь бичгийг зохиоход зориулсан учраас алдаа мадаггүй, гайгүй сайн чанартай бүтээл хийхийг хичээх юм.
Зурагт үзэж байгаад, эсвэл хүнтэй ярьж сууснаа аав гэнэт “Өө, энэ чинь ийм учиртай үг юм байна” гээд гүйж очин, толь бичигтээ өнөөхөө оруулчихаад их баярлана. Хүнийг хөгшин, залуу гэж голохгүй их юм асууна.
Үгийн тоогоор ч тэр, ач холбогдлын хувьд ч тэр энэ толь бичиг бүхий л салбарын мэргэжлийн хүмүүст их хэрэгтэй зүйл болох байх. Наад зах нь, “убить вольта дамой” гэдэг нь “хатнаар боолыг дарах” гэсэн хэлц үг байх жишээтэй. Эсвэл “убить время” буюу “цаг нөгцөөх” гэх мэтчилэн нэг үгээс олон утга санаа гаргасан байгаа юм. Зарим нэр томьёо нь монгол хэлэнд байхгүй учраас грек, латин, испани, англи хэлнээс утгыг нь дүйлгэж байгаад монголоор шинэ нэр томьёо гаргасан байх жишээтэй.
-Өвөг дээдсийнхээ ном судар, бичиг цаас, гэрэл зураг гэх мэт зүйлсийг дээдлэн хүндэтгэж, өв соёл гэдэг талаас нь ариг гамтай хадгалж хамгаалах, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхэд танай гэр бүлийнхэн үнэхээр үлгэр жишээч гэдгийг олон хүнээс сонссон.
Өвөөгийнхөө болон аавынхаа түүхт ойг хэрхэн тэмдэглэснийг тань бас харсан. Аав, ээж тань ингэж захиж сургадаг байв уу?
-Мэдэхгүй юм даа. Аав, ээж минь дүү бид хоёрыг учиргүй тэгээрэй, ингээрэй гэж зааж зааварладаггүй байсан санагдана. Хар багаасаа л бид баахан ном, бичиг цаасанд дунд өссөн. Тийм гэр бүлийн орчин цаанаасаа нөлөөлдөг юм болов уу даа. Манай ээж орос хэлний багш байлаа. Ээжийн аав буюу өвөө минь Мэргэн гүн Гомбожав гэж бичгийн их хүмүүн байсан.
Өвөөгийн номууд дунд 300 орчим жилийн өмнөх бүтээл ч бий. Бас өөрөө гэрэл зураг авах сонирхолтой хүн байсан учраас 1920-1930-аад оны ховор сонин зургууд, пянзны бичлэг гээд олон сайхан өв уламжилж ирсэн. Тэгсэн тулдаа өнгөрсөн жил өвөөгийнхөө мэндэлсний түүхт 110 жилийн ойгоор сайхан баримтат кино хийлгэсэн.
Кино найруулагч Шаравдорж гуай ямар сайндаа л “Баримт байхгүй бол яаж кино хийнэ ээ гэж бодож байлаа. Гэтэл ийм ховор сонин зүйлүүд гараад ирэх гэж. Ёстой ярих юм алга аа” гээд толгой сэгсэрч байх вэ.
-Таныг эмч мэргэжил сонгоход аавын тань нөлөө байсан уу?
-Байсаан. Уг нь би түүхч болох санаатай нэлээд юм уншиж хардаг байлаа. Гэтэл сургууль төгсөхийн алдад аав, ээж хоёр минь хоёулаа “Чи эмч л болох хэрэгтэй. Тэгвэл ядаж намын гишүүн байх ёстой гэх мэт шахалтаас хол байна. Тэгээд ч эмч хүн хэлмэгдээд шоронд орлоо гэхэд эмчээ л хийнэ шүү дээ” гэж аминчилсан. Тиймээс дүү бид хоёр хоёулаа эмч мэргэжил эзэмшүүлсэн дээ.
Өвөөг хойно сурч байхад нь хэлмэгдүүлэн барьж хориод, ээж, эмээ нарыг минь Ташкентад 20 гаруй жил цөллөгт байлгасан учраас манай гэрийнхний хувьд иймэрхүү зовлонг сайн мэднэ. Бас тэр үед аавыг янз бүрийн өө шалтгаар хэлмэгдүүлэн, ажлаас нь байн байн халж, ийш тийш нь явуулдаг байв. Үеийнхээ академич нараас намын гишүүн бус цорын ганц хүн нь аав байсан юм шүү дээ.
“Нам надаар яах вэ, би ч намаар яах вэ” гэж хэлээд бас л буруудаж байсан удаатай гэдэг. Хэрэв намын гишүүн болсон бол аавыг ЗХУ-д СЭВ-ийн орнуудад суух төлөөлөгчөөр явуулах тухай хүртэл ярьж байсан юм билээ. Намайг “Та хойшоо явчихгүй яасан юм бэ” гэхээр “Дэмий хүү минь” гэхээс өөр юм хэлдэггүй. Ямар нэг юм болохгүй байвал аав түүнийг маш гярхай олж хараад, шууд ил цагаан хэлчихдэг нь олон хүний дургүйг хүргэдэг байсан биз.
-Захиргаадалтын тийм хэцүү нийгэмд болж бүтэхгүй байгааг нь тийм зоригтой хэлж, шүүмжилдэг хүмүүс байсан атал одоо хэн ч үгээ хэлэх эрх чөлөөтэй болчихоод байхад хэрэгтэй юман дээрээ манайхан дуугарч чаддаггүй нь харамсалтай...
-Тийм шүү. Жишээ нь, “Энэ хүний эрдмийн ажил маш муу болсон байна” гээд аав зэрэг олгуулахгүй унагаж байсан тохиолдол олон гэдэг. Одоогийн эрдэмтэн, докторуудад хэн ч ингэж шаардлага тавьж, үг хэлж чадахаа байсан юм биш үү. Уг нь энэ бол үгээ хэлж болох хамгийн боломжтой нийгэм шүү дээ. Бас нэг жишээ хэлье. 1970-аад онд Залуу зохион бүтээгчдийн ордны залуус Зөвлөлтөөс тоног төхөөрөмжийг нь оруулж ирэн, зурагт, радио угсарснаа “Монголчууд анх удаа ийм юм хийлээ” гээд академийнханд танилцуулжээ.
Тэгэхэд нь аав “Бид дотооддоо ганц эрэг шураг ч хийж чадахгүй байж, зурагт үйлдвэрлэлээ гэж ярих нь буруу. Угсарлаа гэх нь зүйтэй” гэж хэлээд бас буруудаж явсан гэдэг. Одоо ч гэсэн манайхан гадаадаас авчирсан тоног төхөөрөмжөөр троллейбус угсарснаа “Made in Mongolia” гэсэн хаягтай яваад л байгаа биз дээ (инээв). Хамгийн гол нь үүнийг хэн ч хэлэхгүй байгаад учир байна.
Цэвэгийн Тойвгоо гуай 1996 оны хоёрдугаар сард “Улаанбаатар” сонинд өгсөн ярилцлагадаа “Үнэнийг дээдэлж, цагийн аяс дагалгүй хүссэн зорьсныхоо төлөө, хүн олныхоо тусын тулд хөдөлмөрлөж, сэтгэж, зүтгэж яваарай” хэмээн залуу хойч үеийнхэнд захиж байжээ. Хүү нь, охин нь ч мөн энэ замналаар явж ирсэн учраас түмэн олондоо хүндлэгдэж явдаг буй за.
Т.Тамир эмчийг зөвхөн өвчтөнүүд л зорьж очдог юм биш. “Энэ ховор ном, судрыг хаанахын ч хамаагүй этгээдэд зараад, мөнгө болгочихгүй хүнд л хадгалуулмаар байна” гэсэн хүмүүс хүртэл түүн дээр очдог юм билээ.