Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдээс богино хугацаанд танигдсан, парламент дахь эмэгтэйчүүдээс дориун гэж үнэлэгдэж буй нь Ж.Баярмаа. Зарлага нь өмнө байгаагүйгээр тэлсэн 1.9 их наядын алдагдалтай улсын төсөв, 16-18 насныхны нэр барьж оруулж ирсэн 18.3 тэрбум төгрөгийн “соёлын ваучер” тараах санаачилга, эдийн засгийг тэлэх бус, элгээр нь хэвтүүлж мэдэх 14 мега төсөл, олон хүний амийг авч одсон хорт утаа, сайжруулсан гэх түлш зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар тэрбээр нийтийн эрх ашгийг хамгаалан дуугарч, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа юм. Түүнчлэн хамтарсан гэх нэрийн дор нэг хөнжилд орсон Засгийн газрын тансаглалыг ил тод шүүмжилснийхээ төлөө хамгийн их адлуулж, нийгмийн сүлжээнд элдвээр гүтгүүлж ирсэн нь тэр билээ. Тэрбээр хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санаачилгад гарын үсэг зурснаар намын даргаасаа “зэмлэл” хүртсэн. АН-ын дарга Л.Гантөмөр “Хамтарсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг удаа дараа эсэргүүцсэн Ж.Баярмаа гишүүнд арга хэмжээ авна” хэмээн хэвлэлээр дамжуулан анхааруулсан нь саяхан.
Ж.Баярмаа парламентын гишүүн болохоос өмнө АН-ын арын албанд зүтгэгч, бэлтгэгдсэн боловсон хүчин хэмээн үнэлэгддэг байв. Англи хэлний багш, орчуулагч, эрх зүйч мэргэжил эзэмшиж, олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр гадаад, дотоодод суралцсан тэрбээр Хүүхдийн төлөө үндэсний төвд гадаад харилцааны мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлжээ. Дараа нь Азийн хөгжлийн банк, Канад-Монголын бизнесийн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллага, БСШУЯ, ГХЯ-нд мөн энэ чиглэлээр алба хашсан аж. Улмаар 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст зөвлөх, 2023 оноос намынхаа дэд даргаар ажиллажээ. Эндээс түүнийг улс төрд болон төрийн албанд хэр туршлагатайг баримжаалж болох юм.
Нам, улс төрийн нөлөөнд авталгүй “дүлий цэрэг” шиг ажилладаг хэмээн өөрийгөө тодотгосон тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын тавд бичигдсэнээр хууль тогтоогчдын “эгнээ”-нд багтав. Өдгөө түүнийг “оролцохгүй асуудалгүй поп гишүүн”, “тэмцэгчийн дүр бүтээгч” гэх зэргээр шүүмжилдэг хүмүүс бий. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “М-Си-Эс”-ийн .Оджаргалын хүн гэж хардаж, “Глоб кредит” хадгаламж, зээлийн хоршооны гэх хэргээр хорих ял шийтгүүлсэн төрсөн ах Ж.Мэндбаярынх нь өмнөөс “яллаж” буруутгадаг нэг хэсэг ч байдаг. Олонхыг сөрж, нам, тогтолцооны эсрэг зогссон хүнийг ямар нэгэн байдлаар гүтгэж, доромжилдог жишгээр түүнд “тэмбүүтэй гишүүн” гэх муу нэр ч зүүлгээд амжсан. Дараа нь тэрбээр үүнийг гүтгэлэг гэж албан ёсоор мэдэгдсэн, холбогдох эрүүл мэндийн байгууллагаас ч залруулга гаргасан. Тэр үнэхээр попорч байгаа юу, эсвэл “дүлий цэрэг” шиг зарчимч ажилладаг уу гэдгийг цаашид цаг хугацаа илүү тодорхой харуулах болов уу. Гэхдээ Ж.Баярмаа УИХ-ын гишүүн болсноосоо хойш л “чанга дуугарч” эхэлсэн үү гэвэл үгүй юм билээ. Тэр АН-ын дэд даргаар ажиллаж байхдаа цэргийн байгууллага дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж, МАН-аас амлалт нэхэх хөдөлгөөн өрнүүлж, сонгууль угтсан “царцаа нүүлгэх” ажиллагааны талаар ч хүчтэй дуугарч байжээ.