“Милан Кортина-2026” өвлийн олимп, паралимпийн наадмын зохион байгуулагчид технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн бамбараа албан ёсоор танилцуулсан. “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбарыг Миланд гүйлтийн цанын олимпын аварга Стефаниа Белмондо, паралимпийн тэргэнцэртэй туялзуур сэлмийн хоёр удаагийн аварга Беатрис Вио, Японы Осакад зохион байгуулсан “Экспо-2025” үзэсгэлэнгийн үеэр паралимпийн аварга Мартина Кайрони, 2014 оны Сочигийн наадмын уран гулгалтын хүрэл медальт Каролина Костнер нар нэгэн зэрэг олны хүртээл болгов. Дахин боловсруулсан хөнгөн цагаан болон гуулин хайлшаар урласан галт бамбарыг Италийн эрчим хүчний “Эни” компани “Версаль”-тай хамтран бүтээж, “Карло Ратти” студи дизайн загварыг нь зохиожээ. Энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн, гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй бамбарын цэнхэр, ногоон өнгөтэй нь олимпын наадмынх, хүрэл өнгөтэй нь паралимпийнх.
Италид үйлдвэрлэгдсэн нэг килограмм жинтэй бамбар нь байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтой. Их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг бууруулах зорилгоор бамбарыг 10 удаа дүүргэн ашиглаж болох гэнэ. Бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь ил харагдахаар бүтээгдсэн тул үзэгчид олимпын дөл хэрхэн асахыг харж болох юм. Бамбарыг Осакагийн экспо дахь Италийн павильон, мөн Милан хотын Триеннале урлаг, дизайны музейн театрт ирэх сараас эхлэн өвлийн олимпын наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ. Грекийн эртний олимпын тууринд бамбарын галыг арваннэгдүгээр сарын 26-нд уламжлал ёсоор асааж, Афинд арванхоёрдугаар сарын 4-нд авчирна. Үүнээс хоёр хоногийн дараа Ром хотоос эхлэн Итали даяар буухиалж, нээлтийн ёслолоос нэг хоногийн өмнө Миланд хоёрдугаар сарын 5-нд байрлуулах юм. Өвлийн олимпын нээлтийн ёслол Италийн хөл бөмбөгийн аварга “Интер Милан” болон “АС Милан” багийн тоглолтыг зохион байгуулдаг “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд эхлүүлнэ. Албан ёсны нээлтийн дараа Миланаас Кортина ди Ампеццо хотын цанын бааз хүртэлх Италийн хойд хэсгийн өргөн уудам нутаг дэвсгэрт олимпын тэмцээнүүд болох юм.